Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Иог нь нойрны чанарыг сайжруулдаг хамгийн сайн дасгал байж магадгүй

Иог хийх нь урт хугацаандаа нойрны чанарыг хамгийн сайн сайжруулах дасгалуудын нэг байж магадгүй гэдгийг нэгэн шинэ судалгаа харуулжээ.

БНХАУ-ын Харбины спортын их сургуулийн судлаачид 30 судалгаанд мета анализ хийсэн тэрхүү судалгаа нь иогийг эрчимтэй хийх нь алхалт, хүчний дасгал, хосолсон дасгал, аэробик дасгал, эсвэл цигун, тай чи зэрэг Хятадын уламжлалт дасгалуудаас илүү нойрны чанарыг сайжруулдаг гэх үр дүнд хүрсэн байна.

Эдгээр судалгаанд дэлхийн арав гаруй улсын нийт 2,500 гаруй хүн хамрагджээ. Оролцогчид янз бүрийн насны, нойрны асуудалтай хүмүүс байсан аж

Өгөгдлүүдийг шинжлэхэд долоо хоногт хоёр удаа, 30 минутаас бага хугацаанд өндөр эрчимтэй иог хийх нь нойрны чанар муу байхын эсрэг хамгийн үр дүнтэй дасгал болохыг илрүүлжээ.

Дараагийн хамгийн сайн дасгал нь алхалт болон хүчний дасгал байсан юм. Дасгалын үр дүнд нойрны чанарт наймаас арван долоо хоногийн дотор эерэг өөрчлөлт ажиглагдсан байна.

Гэхдээ энэхүү үр дүн нь 2023 онд хийгдсэн мета-анализтай зарим талаар зөрчилдөж буй. Тухайн судалгаа долоо хоногт гурван удаа аэробик эсвэл дунд эрчимтэй дасгал хийх нь нойрны чанарыг хамгийн сайн сайжруулдаг гэх үр дүн үзүүлсэн.

Зургийн эх сурвалж: Bodynova

2023 оны мета анализ хийхэд ашигласан судалгаануудын нэг нь иог бусад төрлийн дасгалаас илүүтэйгээр нойрны чанарт эерэг нөлөө үзүүлсэн гэх үр дүнд хүрсэн юм.

Иогийг аэробик эсвэл анаэробик дасгал гэж ангилахад бэрх. Учир нь иогийн эрчим нь хийж буй арга барилаас ихээхэн хамаардаг. Арга барилаас хамаарч эрчим нь өөр байдаг тул судалгааны үр дүн туршилт бүрд өөр гарч магадгүй.

Сүүлд хийгдсэн мета анализ иог яагаад нойрны чанарт тустай байж болохыг тайлбарлаж чадахгүй юм. Гэхдээ эерэг нөлөө үзүүлдгийг тайлбарлаж болох таамаглалууд бий.

Иог нь зүрхний цохилтыг нэмэгдүүлэхээс гадна булчинд ачаалал өгч, амьсгалыг хянахад тусалдаг. Амьсгалын хэмнэлээ зохицуулах нь амралт ба хоол боловсруулалтад оролцдог парасимпатик мэдрэлийн системийг идэвхжүүлдэг гэдгийг судалгаанууд харуулж буй.

Зарим судалгаа иог нь тархины долгионыг тогтворжуулж, нойрыг гүнзгийрүүлдэг байж болзошгүй гэдгийг ч онцолсон. Ерөнхийдөө дасгал хөдөлгөөн нойрт эергээр нөлөөлдөг нь батлагдсан ч өөр төрлийн дасгалуудыг харьцуулсан, урт хугацааны үр нөлөөг судалсан судалгаа хангалтгүй байгаа.

Харбины спортын их сургуулийн судлаачид “Нойрны асуудалтай холбоотой судалгааны тоо цөөн, оролцогчдын онцлог шинж чанар өвөрмөц байдаг тул судалгаануудын үр дүнг болгоомжтой тайлбарлах хэрэгтэй” хэмээн анхааруулжээ. Хүн болгоны бие өөр учир иог хийх нь зарим хүмүүсийн хувьд нойрны чанараа сайжруулах нэг арга болж болох юм.

Эх сурвалж: Science Alert

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button