АНУ-ын зэсийн эрэлт ба сорилт: Трамп анх удаа Рио Тинто, BHP группийн гүйцэтгэх захирлуудтай уулзжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт Австралийн уул уурхайн салбарын акулууд болох Рио Тинто болон BHP группийн гүйцэтгэх захирлуудтай уулзалт хийсэн билээ.
Энэ бол хэдэн сарын турш яригдаж, бэлтгэсэн уулзалт байв.
Тус компаниудын удирдлагууд анх удаа АНУ-ын ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан тохиолдол болсон байна. Уг уулзалт нь Аризона мужид олон нийтийн эдэлбэр газрыг компаниудад шилжүүлж, 21 жилийн турш томоохон зэсийн уурхай байгуулах томоохон үе шаттай давхацсан юм. АНУ-ын хувьд зэсийн олборлолтыг нэмэгдүүлэх тал дээр онцгой ач холбогдол өгч, холбогдох хуулийн төслийг санаачилсан бөгөөд орон нутгийн уугуул иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг ч дагуулсан.
Гэсэн ч Трампын зүгээс зэсийн олборлолтын тогтвортой байдлыг хангах тал дээр шат дараатай ажлуудыг хийхээр зорьж, энэ хүрээндээ Рио Тинто, BHP-ийн гүйцэтгэх захиралууд болох Майк Хэнри болон Якоб Стаусколмын залгамжлагч Саймон Тротт нартай уулзаж буй.
АНУ нь ашигт малтмалын нөөцөөр Австрали, Канадтай эн зэрэгцдэг. Уул уурхайн арвин түүхтэй атлаа салбар нь сүүлийн хэдэн арван жилд бууралт ажиглагдсаар байгаа бөгөөд Хятад улсын уул уурхайн салбарын өсөлт дэлхийд тэргүүлэх болсон. Хятадын хувьд дотоод нөөцөө нэмэгдүүлэхийн тулд хэдэн зуун тэрбум ам.доллар зарцуулж, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын боловсруулалтаар жил бүр нэмэгдүүлсэн нь Америкийн хувьд үнэхээр муу стратеги болов.
Зэвсэг, хэрэглээний цахилгаан бараа, цахилгаан автомашин болон бусад салбарт шаардлагатай ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг Хятад базаж, үүнийхээ хэрээр эдийн засгийн нөлөөлөл нь томорсон. Өнгөрсөн 4-р сард Бээжин Трампын гаалийн татварт хариу болгож газрын ховор элементийн экспортыг хязгаарласан нь энэ хүчээ ашиглахад бэлэн гэдгээ харуулсан юм.
Иймд Трампын зүгээс дотоодын уул уурхайн компаниудад санхүүжилтийн хөтөлбөрүүд санал болгож, төслүүдийг түргэвчлэх арга хэмжээнүүдийг авсаар байна.
Трамп уул уурхайн талаарх нарийн мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнүүдээр өөрийгөө хүрээлүүлж, тухайлбал дэлхийн хамгийн том алтны олборлогч Newmont компанийг удирдаж байсан Дэвид Коплийг салбарын томоохон албан тушаалд томилоод зогсохгүй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд дэвшүүлж, дотоод болон гадаадад ашигт малтмалын нийлүүлэлтийн хямралтыг шийдвэрлэх чиг үүргийг мэдэх болсон.
S&P-ийн өнгөрсөн жилийн тайланд АНУ-д шинэ уурхайг нээхээс үйлдвэрлэлд шилжүүлтэл 29 жил шаардагддаг хэмээн дурдсан байв. Энэ нь процессийн хувьд удаанаараа Замби улсын /34 жил шаарддаг/ дараа орох хугацаа. Харин Австралийн дундаж хугацаа 20 жил бөгөөд уул уурхайн салбарт олборлолтын туршлагаар илүү тоглогчийн хувьд илүү хурдан хугацаанд ч хэрэгжүүлж чаддаг аж. Америкийн уул уурхайн компаниудын хувьд энэ нь сорилт учраас дотоодод Австралийн 25 төсөл хэрэгжиж буй.
Тухайлбал, Рио Тинто групп болон BHP групп 2004 онд өөрсдийн томоохон төслийг эхлүүлж байсан. Аризона мужид 1.6 км гүнд орших зэсийн хүдрийн ордын боломжийг хамтран судлахаар нэгдэж байжээ.
Трампын дээрх уулзалт нь тэдний хэрэгжүүлж буй төслийг саадгүй урагшлуулахад тулгарч буй бэрхшээлүүдийг хэлэлцсэн бөгөөд шүүх дээр үүссэн зарим маргаантай асуудалд шүүхэд шахалт үзүүлсэн нь Трамп зэсийн томоохон төсөлд хэр анхаарал хандуулж буйг харуулж буй юм.
АНУ-ын хувьд Австралийн туршлагаас суралцаж, зөвшөөрөл олголт болон процессийн саатлуудад урт хугацааны бодлогын шинэчлэлт хийхээр болоод байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: FR, ABC,
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Рио Тинто-оос юуч авч чадахааргүй болох юм байнадаа!!