Я.Батхүү: Эмэгтэйчүүд архинд донтсоноор хүүхдээ хүмүүжил, төлөвшил, боловсролын хувьд хог дээр гаргаж хаядаг

Эмэгтэйчүүдийн архины хэрэглээ их болсон, болоогүй гэх хоёр талт маргаан нийгмийн сүлжээнд үүсэх болов. Үнэхээр нийгмийн өмнө тулгамдаад буй асуудлын хэмжээнд хүрсэн үү, зарим эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудлын хүнд хэлбэрийн илрэлүүдийн нэг нь архи, согтууруулах ундаа мөн үү хэмээн сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцсан юм.
Тэрбээр архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэж, хамаарал, донтох эмгэгтэй болж буй, ялангуяа залуу эмэгтэйчүүдийн дунд хэрэглээ нь нэмэгдсээр байгааг онцлон анхааруулав.
-Эмэгтэйчүүдийн архины хэрэглээнд нийгэм их хатуу ханддаг. Харин эрчүүдэд тийм ч шүүмжлэлтэй ханддаггүй -

-Эмэгтэйчүүд архи уух явдал ихэссэн мэтээр нийгмийн сүлжээнд хүмүүс бичдэг. Үнэхээр анхаарал хандуулахуйц хэмжээнд хүрсэн үү. Жишээлбэл ийм шалтгаанаар зөвлөгөө авахаар хандаж буй тохиолдол нэмэгдсэн болов уу?
-Яг бат нот, нарийн судалгаа гараагүй байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн архины хэрэглээ анхаарал хандуулахуйц түвшинд хүрсэн нь үнэн. Хөндөх ёстой сэдэв л дээ. Учир шалтгааныг тааж хэлээд яах вэ, бодит зүйлийг л ярья.
Жишээлбэл, миний залууд эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй архи ууна гэдэг ховор үзэгдэл байсан. Харин одоо гадуур ажиглахад бүлэг, бүлэг эмэгтэйчүүд л байна. Нийтээр нь аваад үзсэн ч дийлэнх нь эмэгтэйчүүд. Том шилтэй архи дундаа тавьчихсан эсвэл олноор нь пиво зөөлгөж уугаад ч гэдэг юм уу. Ийм дүр зургууд маш элбэг болсон байна. Үүний цаана сэтгэл зүйн асуудал байгаа нь илт.
-Голлох шалтгаан нь юу гэж тайлбарладаг вэ?
-Эмэгтэйчүүдийн архинд орох шалтгаан, хэрэглээний хэв маяг эрэгтэйчүүдийнхээс их өөр байдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанаас үндэслэлтэй зүйл юм шүү. Үүнийг дөрвөн том бүлэгт хувааж үзнэ.
Нэгдүгээрт, сэтгэл зүйн гаралтай. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн байдлаа нуух хандлагатай. Асуудлаас зугтаж, тайвшрах зорилгоор архи хэрэглэдэг. Асуудал гэдэгт өөрийн ажил, гэрийн ажил, үр хүүхдээ асрах зэргээс үүдсэн стресс бий болгож байгаа хүчин зүйлс багтана.
Хоёрдугаарт нийгмийн гаралтай. Бага насандаа хүчирхийлэлд байсан эсвэл одоо ийм орчинд амьдарч байгаа хүмүүс архинд донтох магадлал өндөр байдаг. Гуравдугаарт соёлын талаас нь авч үзвэл манай нийгэмд архидалт маш өндөр байна. Дээр нь нөхөр, хамтран амьдрагч нь хамт уудаг. Эсвэл тухайн эмэгтэй байнгын архидалт болдог орчин, хүрээлэл дунд амьдардаг бол нөлөөнд орох магадлал ихэсдэг.
Харин нийгмийнх нь байдлаас авч үзвэл энэ цаг үе хэт феминист, эрх чөлөө, сексийн чөлөөт байдлын тухай ойлголтыг буруу таньж, авч үзэх байдалд маш их өртөж байна. Тэр дундаа энэ халдлагад хувь хүний төлөвшил, боловсрол, ертөнцийг харах итгэл үнэмшил нь бүрэн суугаагүй залуус, эмэгтэйчүүдэд буруу ойлголт төрүүлэх тохиолдол ч байна. Тухайлбал, архи гэдэг хэрэглээ. Гэр бүл чухал биш, салалт бол байдаг л зүйл, сексийн чөлөөт байдлыг эдлэх ёстой юм байна. Ардчилсан нийгэмд юу хийх нь миний эрхийн асуудал гэдэг байдлаар хандаад буруудаж байгаа тохиолдол олон бий. Баруунаас энэ үзлийг нь л бид эх орондоо дэлгэрүүлээд байж болохгүй л дээ.
-Архинд донтох нь урт хугацаанд үргэлжилдэг үү, богино хугацаанд мөн архины хамааралтай болох тохиолдол бий юу?
-Эмэгтэйчүүдийн ууж эхлэх нас эрчүүдийнхтэй харьцуулахад тийм ч эрт биш. Харин архинд донтох хугацаа нь бага буюу хурдан байдаг. Эрчүүд 5-10 жил хэрэглэж байж донтох эмгэг рүү ордог бол эмэгтэйчүүд 2-5 жилийн дотор донтох магадлалтай. Учир нь тэдний бие организм архинд хэт мэдрэг. Өөрөөр хэлбэл хурдан үйлчилж, сөрөг талыг нь эмзэг хүлээж авдаг. Үүнээс шалтгаалан сэтгэл зүйн байдалд өөрчлөлт орж, донтох эмгэгтэй болох эрсдэл ойрхон болдог. Дээр нь эмэгтэйчүүдийн архидалтад нийгэм их шүүмжлэлтэй, хатуу ханддаг. Тиймээс нууц, далд байдал руу шилждэг. Өөрөөсөө ичдэг гэсэн үг. Нуудаг буюу хүмүүс төдийлөн анзаарахгүй, асуудлыг нь мэдэж ярихгүй учраас хүнээс тусламж хүсэх магадлал бага байдаг. Харин эрчүүдэд тийм ч шүүмжлэлтэй ханддаггүй. Соёлын ялгаатай байдал гэж үүнийг хэлээд байгаа юм.
-Кодлоод, ховсдоод, спираль тавиад архинаас гаргачихдаг бол манай улс өдийд нэг ч архичингүй байгаа-

-Үр дагаврыг хэрхэн тодорхойлох вэ. Ирэх сөрөг нөлөөллүүдэд эрчүүдийнхээс ялгаатай тал нь юу вэ?
-Сэтгэл зүйн хувьд эмэгтэй хүн ёс суртахууны доройтолд ордог. Жишээлбэл, гудманд гарчихсан архинд донтсон эмэгтэйчүүд гэхэд л тэр хүмүүсийн гоо сайхан, гадаад байдлаас харсан ч улам л сэтгэл зүйн хүнд хэлбэр рүү орж байгаа нь харагддаг. Өөрөөр хэлбэл архи эмэгтэй хүнийг сэтгэл зүйн улам хүнд байдал руу оруулдаг гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдчихсан. Тиймээс маш их сэтгэл зовоодог асуудал. Миний хувьд эмэгтэйчүүдийн энэ байдлыг улс эх орны тусгаар тогтнолтой холбож үздэг. Эмэгтэй хүн архинд орсон бол тэр гэр бүл бүтнээрээ шатдаг. Эрэгтэй хүн архинд орох юм бол тал нь шатдаг гэх үг ч бий. Эмэгтэй хүн архинд донтсоноор хүүхдүүдээ хүмүүжил, төлөвшил, боловсролын хувьд хог дээр гаргаж хаядаг гэж хэлж болно.Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн хувьд маш гүн шигдсэн зүйлээсээ буцаж гарахад асар их цаг хугацаа, тэвчээр шаарддаг.
Ингээд ярихаар уншиж, үзэж байгаа хүмүүс миний архины хэрэглээ ямар түвшинд байгаа юм бол гэж бодож магадгүй. Үүнийг энгийн дөрвөн асуумжаар тодорхойлж болно. Үр дүнд нь эрсдэлтэй түвшинд байна уу, эрсдэлгүй түвшинд байна уу гэдгээ мэдэх боломжтой. Та шараа архиар тайлж байна уу, таныг хэн нэгэн хүн арай л их архи уугаад байна аа гэж хэлсэн удаа бий юу, эсвэл та өөрийгөө би их архи уугаад байна гэж бодож байсан тохиолдол бий юу гэдэг асуултуудад хариулахад хангалттай. Үүний дараа эрсдэлтэй гэж дүгнэгдвэл хэр өндөр түвшинд байгааг мэдэх аудитын асуумж ч гэж бий.
-Архины хамаарал, донтох эмгэг хоёр ялгааг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх шиг?
-Үүнийг хүмүүс ялгадаггүй. Энэ нь иргэдэд энэ талын мэдлэг дутмаг байна гэсэн үг. Архины хамаарал бол эхэн үе. Хэтрүүлэн уух, тасрах бүрд хүний мэдрэлийн эсүүд үхэж байдаг. 10 хувь нь үхсэн бол нэгдүгээр үе. 20 хувь нь бол хоёрдугаар үе гэх мэт. 40 хувь нь гэмтсэн бол хамаарлаасаа гараад донтох эмгэгийн нэгдүгээр үе рүү орж байна гэсэн үг. Хүний мэдрэлийн эс, эмэгтэй хүний өндгөн эс хоёрыг хэзээ ч нөхөгддөггүй гэж үздэг. Тиймээс энэ мэтийн мэдлэгтэй байх чухал байгаа юм. Ядаж л үүнийг мэддэг бол хэтрүүлээд байх хэрэггүй юм байна, тасрах муу юм байна гэхчлэн өөртөө сигнал өгнө шүү дээ.
-Хамааралтай, донтох эмгэгтэй болсон хүмүүсийн засрашгүй байдал дээр дөрөөлж олон бизнес цэцэглэдэг. Үр дүнтэй нь бараг л үгүй. Энэ асуудлыг хэрхэх ёстой вэ?
-Кодлох, ховсдох, спираль тавиулах зэрэг эмчилгээнүүд хоцрогдчихсон. Энэ хугацаанд архинаас гаргах олон, олон эмчилгээ гарч, туршиж, хэрэгжүүлсээр ирсэн. Харин одоо хамгийн үр дүнтэй эмчилгээ бол өөрийг нь өөрөөр нь эмчлүүлэх буюу тухайн хүн өөрөө өөрийгөө удирдаж л гарах боломжтой гэдэг дүгнэлтэд дэлхий нийт хүрээд байна. Өөрөөр хэлбэл ямар ч бүтээгдэхүүн хэрэглээд, эм уугаад, тариа тариулаад үр дүнгүй. Тиймээс тухайн хүнд ойлгуулах, ятган сэнхрүүлэх, ухааруулах сэтгэл заслын эмчилгээ чухал байгаа юм. Харамсалтай нь манай улсад энэ талын ойлголт байхгүйн улмаас огт ийм төрлийн эмчилгээ хийгдэхгүй байна.
-Архинаас гаргадаг лам, бөө ч бий болсон. Наалт, бохь хүртэл байна гээд сурталчилдаг юм байна?
-Тийм. Гэхдээ тэдгээр хүмүүс энэ зүйлсэд итгэж байна гэдэг өөрөө асуудал. Нэг талаар өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа мэт боловч сэтгэл зүйн хувьд хаяж чадахгүй болсноо илэрхийлж байгаа чимээ байж болно. Цөөн тохиолдолд энэ аргуудаар архинаас гарсан хүн байхыг үгүйсгэхгүй. Сэтгэл дагаад аливаа зүйл өөр болдогтой адил ийм эмчилгээ хийлгэчихсэн юм чинь гэдэг сэтэл зүйгээр өөрчлөгдсөн байж болно шүү дээ. Түүнийг нь овжиноор ашиглаж, сурталчилж байгаа юм. Гэтэл бүх хүн ийм аргаар гарах боломжгүй. Хэрэв гарчихдаг байсан бол өнөөдөр манай улсад архичин гэж ч байхгүй. Бүгд л эмчлүүлчихнэ. Дэлхий даяар ч яриад л эхэлнэ. Энэ бүхэн мэдээж худал. Тиймээс хамгийн найдвартай нь хүний сэтгэл, оюун ухаантай ажиллах. Тэр хүн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийнхөө төлөө тэвчих, алхам хийх л чухал.
-Зургаа, долоодугаар ангийн охидыг аав, ээж нь авчирч зөвлөгөө авдаг. Үүнээс бага насны хүүхдүүд ч бий-

-Сэдэв рүүгээ эргээд оръё. Архины хэрэглээ өндөр байгаа эмэгтэйчүүд ихэвчлэн хэдэн насных байна вэ?
-Миний хувьд бүхий л насныхан архийг хэрэглэж байгаа нь ажиглагддаг. Над дээр 6, 7 дугаар ангийн охид хүртэл ирж байсан. Эдгээр хүүхдүүд аль хэдийнээ пиво, сөжү, архи уугаад үзчихсэн. Эцэг эхчүүд нь юу ч мэдээгүй байх жишээний. Хүүхэд яагаад архи, согтууруулах ундаанд донтож, татагдах болов гээд харахаар цаана нь бас л сэтгэл зүйн асуудал байдаг. Гэр бүл, асран хамгаалагчийн хараа хяналт сул, анхаарал халамж бага хүүхдүүд үүнээс ч эрт хэрэглэж байна. Ийм олон кэйс бий шүү. Ингэхээр хүүхдийнхээ сэтгэл зүйг эцэг эхчүүд анзаардаг, хардаг байх хэрэгтэй.
-Нэг удаагийн үйлдэл үү, тогтмол хэрэглэдэг гэсэн үг үү?
-Кэйсүүдийг харвал ер нь хэрэглэдэг болчихсон хүүхдүүд ирдэг. Цаашлаад нийлж уудаг бүлэг, найзуудын орчин үүсгэчихсэн байна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургууль энэ талын мэдлэгийг олгохгүй байгаа гэсэн үг. Сэтгэл зүйч сургууль болгонд хэрэгтэй гэдгийг эндээс харж болно. Мөн согтууруулах ундааг яагаад 21 нас хүрсэн тохиолдолд хэрэглэж болно, түүнээс өмнө болохгүй гэж заадгийг мэдэх хүн байхгүй. Зүгээр л насанд хүрсэн болохоор зөвшөөрч байна гэж ойлгодог. Гэтэл 21 нас хүртлээ архи согтууруулах ундаа, хар тамхи зэрэг бодис хэрэглэхгүй байж чадвал энэ наснаас хойш донтох эрсдэл 50 хувиар буурдаг учиртай.
Оюутнуудын хувьд энэ төрлийн хэрэглээ байх нь мэдээж. Зөвшөөрөгдөх нас нь шүү дээ. Гэхдээ зохистой хэрэглэх нь зүйн асуудал. Үүнээс гадна ажлын орчин нөлөөлдөг. Ажлын стресс тайлах, ололт амжилтаа тэмдэглэх нэрээр амралт зугаалгад явж уух гэх мэт. Дараа нь ахуйн архидалт. Үүнд эмэгтэй найзууд биедээ маш их нөлөөлж байна. Гуниг зовлонгоо хуваалцах, амжилтаа тэмдэглэх, стрессээ гаргах зэрэг олон шалтгаанаар уудаг гэх мэт. Дурдаад байвал олон шалтгаан байна. Мэдээж энэ бүхэн олон давтамжтай, байдаг л зүйл мэт үргэлжилснээр донтох, хамааралтай болох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
-Эмэгтэйчүүдийн архи уух хэв маяг өөр гэж яриа эхлэхэд та дурдсан. Энэ тухай дэлгэрүүлбэл?
-Энгийнээр илэрхийлбэл эмэгтэйчүүд архийг муу даадаг. Сөрөг нөлөөлөл нь маш хурдан илэрдэг, тархинд нөлөөлнө. Үүнээс болж хяналтаа алдана. Хяналтаа алдсанаас болж эрээ цээргүй байдлууд үүсгэнэ, ухаанаа алдана, ичгүүртэй үйлдэл гаргана гэх мэт. Энэ нь олон удаа давтагдвал сэтгэл гутралд орж, хийсэн зүйлээсээ ичнэ. Үүнээс үүдэлтэй өөрийгөө голох мэдрэмжүүд төрж эхэлдэг. Сэтгэл зүйн байдлаасаа болж дахиад уух, ингэсээр, ингэсээр архины хамааралтай болох тал бий.
-Зөвлөгөө авахаар нөхөр нь эхнэрээ дагуулаад ирдэг гэсэн?
-Архийг ор тас үгүйсгэх боломжгүй. Зөв зохистой хэмжээгээр дэлхий дахинд хүмүүс хэрэглэж л байна. Харин хэтрүүлбэл ажил, амьдралын чанарт, зан авирт, хувь хүн, гэр бүлд ямар өөрчлөлт авчирдаг хор хөнөөлтэй зүй гэдгийг мэдэх, ойлгох чухал байна.
Залуу эмэгтэйчүүд сайн ойлголт аваасай. Өөрийнхөө ямар хэрэглээтэй байгааг анзаараасай. Ирээдүйн хор хохирлыг маш сайн тооцоосой гэж хэлмээр байна. Сэтгэл судлалд гэр бүлийн аз жаргалтай амьдралын 96 хувь нь эмэгтэй хүнээс шалтгаална гэж үздэг. Сүүлийн үед эхнэрээ авч ирэх нөхрүүд, хүүхдээ авчирч зөвлөгөө авах аав ээжүүдийн тоо тогтмол нэмэгдсээр байна. Энэ өгүүлбэр нэгийг бодуулах биз ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийн ухаан ухамсраас л хамаарна шүүдээ эм хүн архи пиво уух хамгийн бүдүүлэг шүүдэн
Хамгийн б�##�иар зэвүүн эмэгтэй л архичин байдаг
эцэг, эх �##�ь нь ч архи уусан хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөөтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Бидний тэмцээд бсан Хүйсийн тэгш эрх чинь энд явагдаө бна гэхдээ хүүхдүүд арай илүү давамгай. Эрчүүд ноёлсон т�##�барт хүүхнүүд давамгай байх хэрэг!
энэ сэтггэл зүйч үнэхээр биш хүн бн лээ