Трамп Венесуэлд дэглэмийн өөрчлөлт хийх зорилго байхгүй гэж мэдэгдлээ

АНУ сүүлийн өдрүүдэд Венесуэлийн ойролцоо, Карибын тэнгист тэнгисийн хүчнээ төвлөрүүлэх болсон. Үүнтэй холбогдуулан АНУ Венесуэлд дэглэм өөрчлөх зорилготой байгаа эсэх талаар хүмүүс таамаглал дэвшүүлж эхэлсэн юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.09.05/ мэдэгдэл хийхдээ улс нь Венесуэлд дэглэм өөрчлөх гэсэн зорилго байхгүй гэжээ.
Венесуэлийн талаарх асуултад Трамп “Бид дэглэм өөрчлөх талаар яриагүй байна. Гэхдээ тэд саяхан сонгууль явуулсан. Маш хачирхалтай сонгууль” хэмээсэн юм. Өнгөрсөн жил тус улс ерөнхийлөгчийн сонгууль явуулсан. Венесуэлийн сонгуулийн төв хороо Николас Мадуро дахин ялалт байгуулсан гэж мэдэгдсэн бол сөрөг хүчин болон барууны орнууд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй.
Мадуро энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ “АНУ-ын засгийн газар Венесуэл болон Латин Америкийн бүх улсад хүч хэрэглэн дэглэмийг өөрчлөхөөр төлөвлөж буйгаа орхиж, эдгээр орнуудын тусгаар тогтнох эрх болон энх тайван аж төрөх эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Би Трампыг хүндэтгэдэг. Яаж ч сөргөлдсөн цэргийн мөргөлдөөн бид үүсгэж байгаагүй. Венесуэл яриа хэлэлцээ өрнүүлэхэд үргэлж бэлэн байсаар ирсэн” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.