Төрийн үйлчилгээг Капитрон банкны киоск төхөөрөмжөөр авах боломж бүрдлээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон бүх аймагт үйл ажиллагаа явуулж, дэвшилтэт технологи нэвтрүүлэн өнөөдрийн байдлаар улс даяар болон хилийн чанадад байрлах 525 орчим “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг операторын горимоор үзүүлж байна. Мөн 800 гаруй киоск төхөөрөмжөөр дамжуулан төр, хувийн хэвшлийн 600 орчим үйлчилгээг иргэд өөрт ойр байрлах цэгээс авч байна.
Энэ удаад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар болон Капитрон банк хамтран ажиллах санамж бичиг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Капитрон банкны киоск төхөөрөмжөөс иргэд дараах төрийн үйлчилгээг авах боломжтой болж байна. Үүнд:
- Төрсний бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхний лавлагаа
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт
- Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа
- Гаалийн зөрчлийн лавлагаа, тодорхойлолтыг нэг дороос авах боломжтой юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төрийн үйлчилгээг мэдээллийн технологийн дэд бүтэц хөгжсөн дотоодын банкаар дамжуулан хүргэх боломжтой болж байгаа нь төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой дэмжлэг болж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх, цахим шилжилтийг дэмжихийн зэрэгцээ цаасны хэрэглээг бууруулж, тогтвортой хөгжлийг урагшлуулах чухал алхам болж байна.