Газын зурвасын хүн амын 10 хувь нь амь үрэгдсэн эсвэл бэртсэн

Израилын зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга асан хэлэхдээ, хоёр жилийн өмнө эхэлсэн дайнаас хойш Газын зурваст амьдарч буй палестинчуудын 10 хувь нь амь үрэгдэж эсвэл шархадсан гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Израилын өмнөд хэсэгт оршдог Эйн ХаБесор тосгонд Израилын Батлан хамгаалах хүчний Ерөнхий штабын дарга асан дэслэгч генерал Херзи Халеви үг хэлэхдээ “Газа зурваст 2.2 сая хүн амьдардаг. Өнөөдөр тэдний 10 хувиас илүү буюу 200 мянга гаруй хүн амь үрэгдсэн эсвэл шархадсан. Энэ дайн ширүүхэн явагдаж байна” хэмээсэн байна.
Энэ тоо баримт нь Хамас бүлгийн эрхэлдэг Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлэлтэй маш ойролцоо байгаа юм. Тус яам мэдээлэхдээ Израилын арми 65 мянган палестин иргэнийг хөнөөж, 164 мянга гаруй хүнийг шархдуулсан гэсэн.
Израилын албаныхан Газын зурвасын эрүүл мэндийн яамны гаргадаг тоо барим эргэлзээтэй гэж дайны туршид мэдэгдсээр ирсэн. Израил мөн тэрхүү яамыг Хамасын нийлүүлсэн мэдээлэлд тулгуурладаг хэмээн буруутгасан юм.
Израилын Батлан хамгаалах хүчний хэвлэлийн төлөөлөгч: “Хаалттай уулзалтад хэлсэн зүйлсийн талаар бид тайлбар хийхгүй” гэжээ.

2023 оны аравдугаар сарын 7-нд болсон Хамасын дайралтыг урьдчилан зогсоож чадаагүй учир гуравдугаар сард Халеви ажлаа хүлээлгэн өгсөн. Тэрбээр нэмж хэлэхдээ, армийн ерөнхий хуульч хэзээ ч армийн үйл ажиллагаа, тушаалд хязгаарлалт тавьж байгаагүй гэсэн юм.
Израилын Батлан хамгаалах хүчний цэргийн ерөнхий прокуророор хуулийн зөвлөх, генерал Ифат Томер-Иерушалми ажилладаг. Сүүлийн үед парламент дахь барууны улстөрчид түүнийг шүүмжилж, Томер Иерушалми цэргийн ажиллагааг хязгаарласнаар ялалтыг саатуулсан хэмээн буруутгах болжээ.
Тэгвэл Халеви үүнийг эсэргүүцэж “Миний үйлдлийг хэн нэгэн хязгаарласан зүй байхгүй. Цэргийн прокурор ч тийм зүйл хийгээгүй. Тэр надад хязгаар тавих эрх мэдэлгүй. Бидний хийж буй зүйлийг дэлхий дахины өмнө хууль ёсных хэмээн хамгаалах хуульч нар байгаа. Энэ явдал Израил улсын хувьд чухал зүйл юм” хэмээсэн байна.
Газын зурвас дахь хүмүүнлэгийн хямралын асуудал даамжирч байгаа учир барууны орнууд Израилд дарамт, шахалт үзүүлэх болсон. Энэ сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар барууны хэд хэдэн томоохон орон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн юм. Израилын эрх баригчидад энэ нь мэдээж таалагдаагүй.
Саяхан Израил Катарын нийслэл Дохад цохилт өгч, Хамасын улс төрийн удирдагчдыг хөнөөх гэж оролдсон. Энэхүү цохилтоороо гал зогсоох хэлэлцээг Израил үндсэндээ сүйрүүлсэн гэж Катарын ерөнхий сайд мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.