Судалгаа: Аспирин бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар дахих эрсдэлийг ихээхэн бууруулдаг

Аспирин хэрэглэх нь зарим бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар мэс заслын дараа дахих эрсдэлийг ихээхэн бууруулдаг гэдгийг нэгэн шинэ судалгаа харуулжээ. Хавдраа авхуулсан хүмүүс өдөр тутамдаа аспирин уусан хүмүүс пласибо уусан хүмүүстэй харьцуулахад ирэх гурван жилийн хугацаанд хавдар дахих магадлал хоёр дахин буурч байгааг Шведийн судлаачид илрүүлсэн байна.
Аспирины тодорхой хорт хавдруудын эсрэг нөлөө үзүүлдэг юм. Энэхүү нөлөөнд мэдрэмтгий өвөрмөц генийн мутацитай хорт хавдартай өвчтөнүүдийг тус судалгаанд хамруулжээ. Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдартай өвчтөнүүдийн 40 орчим хувь нь ийм мутацитай байдаг юм.
Тэрхүү судалгааг ахлаж явуулсан Стокхолм хотын Каролинскийн хүрээлэнгийн профессор Анна Мартлинг “Энэ үр дүн эмнэлзүйн практикийг өөрчилнө гэж би бодож байна. Ийм мутаци танд байвал хорт хавдар дахих эрсдэл 50 хувиар буурсан. Энэ нь асар том нөлөө” гэжээ.
Өмнөх судалгаанууд аспирин нь Линчийн хам шинж зэрэг удамшлын өвчний улмаас бүдүүн гэдэсний хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй хүмүүст хавдраас сэргийлэхэд тус болдгийг харуулсан. Гэхдээ аспирин мэс засал хийсний дараа хорт хавдар дахих магадлалыг бууруулдаг эсэх нь тодорхойгүй байсан юм.
Мартлинг болон түүний хамтран судлаачид Швед, Норвеги, Дани, Финландын эмнэлгүүдэд бүдүүн гэдэсний хавдрын мэс засал хийлгэсэн 3,500 гаруй өвчтөнийг судалгаандаа хамруулжээ. 2,980 өвчтөнд хийсэн генетикийн шинжилгээгээр 1,103 буюу 37 хувьд бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл болдог генийн мутаци илэрчээ. Тэрхүү мутаци нь PI3K биологийн урвалын замыг доголдуулдаг байна.
Ийм мутацитай өвчтөнүүдийг санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваасан юм. Эхний бүлэгт нь өдөр бүр 160 мг аспирин, нөгөөд нь пласибо хэрэглүүлж гурван жилийн турш хяналт тавьжээ. Пласибо нь ямар нэгэн үр нөлөөгүй бодис юм. Туршилтын дүнгээр аспирин уусан хүмүүсийн хавдар дахин гарах магадлал пласибо ууснаас 55% бага байсан юм.
Аспирин нь үрэвслийг дарах, PI3K биологийн замын үйл ажиллагаанд нөлөөлөх, мөн хавдрын эсийг цусны ялтас бүрхэж дархлааны системээс нуух үйл явцыг сааруулах замаар хорт хавдраас хамгаалдаг байж магадгүй.
Мартлингийн хэлснээр энэ үр дүн нь бүдүүн гэдэсний бүх хорт хавдарт генетикийн шинжилгээ хийх шаардлагатайг онцолж байгаа аж. Ингэснээр аспирин тус болж болох өвчтөнүүдийг сонгож эмчилгээнд оруулах боломжтой. Аспирин нь хаа сайгүй олддог, маш хямд эм гэдгийг тэр онцолсон юм.
Дэлхий даяар жил бүр 2 сая хүн бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар оношлогддог. Үүнээс гадна олон улсад 50-аас доош насны хүмүүс бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдраар оношлогдох нь нэмэгдэж байгаа. Яг ямар учраас хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа нь тодорхойгүй ч түргэн хоол, таргалалт, хөдөлгөөний хомсдол, гэдэсний нян үүсгэдэг хорт бодис зэрэг зүйлс нөлөөлж байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан мэдээ уншлаа