Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Афган охид хүнсний тусламжийн төлөө шашны сургуульд хүчээр элсэж байна

2021 онд Афганистаны төрийн эрхийг авсныхаа дараа Талибан бүлэглэл эмэгтэйчүүдийн эрхийг ихээхэн боож, зөрчих болсон.

“The Guardian” болон “Zan Times” агентлаг Афганистаны 32 мужаас наймд нь эрэн сурвалжилга хийсний үр дүнд эмэгтэйчүүд, охидыг зөвхөн шашны сургуульд явахыг л зөвшөөрч байгааг илрүүлжээ.

Талибан дөрвөн жилийн өмнө эмэгтэйчүүд болон охидыг дунд сургууль, их, дээд боловсролд хамрагдан сурахыг хориглосон. Түүнээс хойш тэд шашны сургуулийн томоохон сүлжээ байгуулж, боловсрол эзэмших шинэ сонголт мэтээр танилцуулах болсон байна.

Охидыг анх ахлах анги болон их дээд сургуульд явуулахыг олон мужид хориглосон. Түүнчлэн Талибан ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийг олон төрлийн ажил хийхийг хориглож, хязгаарлагдсан нөхцөлд л ажмл хийхийг зөвшөөрөх болсон юм. Олон суурь үйлчилгээ буюу эмнэлэгт эмэгтэй ажиллах хүч, эмэгтэй сургагч нар ажиллах нь огуом хязгаарлагдаж, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоо ихээр буурав.

Өнгөрсөн жилийн сүүлээр гэхэд Афганистанд 21 мянга гаруй исламын шашны сургууль буюу мадрас үйл ажиллагаа явуулж байжээ. 2024 оны есдүгээр сараас 2025 оны хоёрдугаар сарын хооронд Талибаны 11 мужид ойролцоогоор 50 шинэ мадрас ашиглалтад оруулж, шав тавьсан аж.

Математик, шинжлэх ухааны хичээлийн оронд зөвхөн шашны номлол

Эдгээр сургуулийг муллу гэгддэг багш нар удирддаг. Муллу нь өөрсдийн сүм эсвэл орон гэрээ сургууль болгож, үүнийхээ хариуд боловсролын яамнаас цалин авдаг байна. Эдгээр сургуулиудад шинэ багш ажилд авахын тулд боловсролын яам мадрас төгссөн 21,300 хүнд багшлах гэрчилгээ өгчээ. Энэ гэрчилгээтэй хүмүүс  ахлах сургууль, бакалавр, магистр, докторын түвшинд хичээл заах боломжтой.

Афганистанд охид, эмэгтэйчүүд дунд сургуульд сурах эрхгүй болсон учир гэр бүлүүдэд үүнээс өөр сонголт бараг үлдээгүй юм. Гэр бүлүүдэд хүүхдүүдээ, ялангуяа охидоо шашны сургуульд өгөх дарамт шахалт Талибанаас ирж, сургууль өгсөн эцэг эхчүүдэд урамшуулал олгодог байна.

Муллу нарт шашны сургуультай болох нь санхүүгийн хувьд ашиг сонирхол болж өгдөг. Учир нь сурагчийн тоо нэмэгдэх тусам тэдний цалин өсдөг байна. Муллу нар давхар орон нутгийн удирдагчийн үүргийг гүйцэтгэдэг нь олонтоо байдаг тул тэд хүмүүнлэгийн тусламж хэнд өгөхийг зуучилдаг юм. Тиймээс тэд хүмүүсийн өдөр тутмын амьдралд маш их нөлөөтэй, эрх мэдэлтэй байдаг.

Нимроз мужид оршин суудаг Карима муллын хүсэлтээр хоёр охиноо сургуулиас гаргасан юм.

Тэр “Хэрэв охидоо шашны сургуульд өгвөл хүнсний тусламж өгнө гэж тэр хэлсэн. Гэвч эцэст нь юу ч ирээгүй” гэж хэлжээ. Насрын гэх нэгэн ээж “Охидоо шашны ангид явуул, үгүй бол юу ч өгөхгүй” хэмээн сүрдүүлэг ирсэн гэдгийг дурдсан юм.

Хэрэв гэр бүлүүд шаардлагыг нь зөвшөөрөхгүй бол тэд нийгмээсээ тусгаарлагдаж, өлсөхөд хүрдэг. Охидоо шашны сургуульд өгсөн хүмүүст л ажил олгох тохиолдол гарсан гэдгийг “The Guardian” болон “Zan Times” агентлаг илрүүлжээ. Харин зөвшөөрсөн хүмүүс охид нь нүдний өмнө хатуу, шүүмжлэлтэй хүмүүс болон хувирч байгааг ажиглаж эхэлсэн байна. Шашны сургуульд орсон зарим охин эцэг эхээ шашингүй байгаад буруутгах болжээ.

Цөөн хэд үлдсэн бага сургуулиудад ч үүний нөлөө ажиглагдаж байна. Анги дүүргэлт багассан. Нимроз мужид ажилладаг нэг багшийн хэлснээр энэ жил 57 сурагч нь шашны сургууль руу шилжжээ. Тэр багш хэлэхдээ “Өмнө нь нэг ангид 40 сурагчтай дөрвөн бүлэг байсан. Одоо гурван бүлэгт ердөө 20–25 сурагч байна” гэсэн юм.

Зарим хүүхэд энгийн сургуульд  сурахаар үлдсэн ч тэд ихэвчлэн өглөө нь мадрас, үдээс хойш нь сургуульдаа явдаг байна. Гэвч дарамт шахалт ихсэхийн хэрээр эцэг эх нь тэднийг ердийн боловсролын сургуулиас бүр мөсөн гаргах болов.

Шашны сургуульд их сургуулийн зэрэгтэй, туршлагатай багш нар хичээл заахыг Талибан хориглосон. Тэдний оронд ямар ч багшлах мэргэжлээр сураагүй, зөвхөн Талибаны үзэл сурталд үнэнч хуучин мадрасыг төгссөн хүмүүсийг багшаар сонгодог байна.

Фара мужид нэгэн сургуулийн захирал таван мэргэжлийн багшийг ажлаас нь хал гэсэн тушаал авчээ. Тэдний оронд ирсэн хүмүүсийн нэг нь бүр уншиж чадахгүй шахам байсан юм. Оронд нь ажиллахаар ирсэн тэр хүн орон нутгийн албан тушаалтнуудын танил, бас шашны сургуулийн гэрчилгээтэй байжээ.

Мадрасын сургалтын хөтөлбөр маш хязгаарлагдмал. Шашны сургуульд зөвхөн коран цээжилдэг. Талибаны сахиулдаг исламын хууль, хүйсийн уламжлалт үүрэг, хувцас, зан үйлийн дүрэм заадаг. Харин математик болон шинжлэх ухааны хичээл огт байдаггүй.

Шашны сургуульд ашигладаг сурах бичгүүдийг Пакистанаас авчирдаг. Тэдгээрийг пушту хэл дээр хэвлэдэг. Энэ нь Талибанын эх үүсвэр болсон угсаатны хэл. Гэвч пуштугаас өөр хэлээр ярьдаг мужуудад адилхан сурах бичгээр шашны хичээл ордог байна.

Мадрасын тэлэлт Афганистаны хөдөлмөрийн зах зээлд ч нөлөөлөх болжээ. Олон жил бэлтгэгдсэн төрийн албан хаагчдыг мадрасын гэрчилгээнээс өөр зүйлгүй өсвөр насныхнаар сольж байна.

Нимроз муж дахь нэг идэвхтэн жишээ дурдан ярихдаа 20 жил эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн газарт ажилласан нэгэн эмэгтэйг ажлаас нь халсан гэжээ. Түүнийг ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халж, оронд 17 настай мадрас төгсөгчийг томилсон байна. Тэр идэвхтэн хэлэхдээ “Хэрвээ ажил хийхийг хүсвэл их сургууль хэрэггүй. Мадрас руу явъя гэж хүмүүс боддог болсон” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button