Хиймэл оюун ухааны салбарын аварга “Nvidia” компани “OpenAI”-д $100 тэрбум хөрөнгө оруулна

АНУ-ын хиймэл оюун ухааны салбарын аварга “Nvidia” компани даваа гарагт /2025.09.22/ мэдэгдэл хийхдээ “OpenAI”-д 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, дата төвүүдэд ашиглах микрочипээр хангана гэжээ. “OpenAI” бол хиймэл оюун ухаантай чатбот ChatGPT-г хөгжүүлсэн компани. Харин “Nvidia” нь хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд шаардлагатай чипийг нь үйлдвэрлэдэг компани юм. Даваа гарагт хийсэн мэдэгдлээр дэлхийн хиймэл оюун ухааны салбар дахь хамгийн том хоёр тоглогч хоорондоо холбоо тогтоов.
Энэхүү хамтын ажиллагааны тохиролцооны үр дүнд “Nvidia” компани “OpenAI”-ийн хувьцаа эзэмшинэ. Тус хоёр компанийн өрсөлдөгчид энэхүү түншлэл нь хиймэл оюун ухааны салбар дахь өрсөлдөөнийг дарна гэж санаа зовж магадгүй юм. “OpenAI” компанитай ойр нэгэн эх сурвалж хэлэхдээ “Nvidia” тус компанийн хувьцаанд хөрөнгө оруулж, тохиролцоог эцэслэн баталсны дараа “OpenAI” тэрхүү хөрөнгийг зарцуулж болно.
Хөрөнгө оруулах талаар мэдэгдэл гарсны дараа “Nvidia” компанийн хувьцаа 4.4 хувиар өссөн байна. Үүний үр дүнд компанийн зах зээлийн үнэлгээ 4.47 их наяд ам.доллар хүрсэн юм. “OpenAI” компани нь 500 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.