Энэ жилийн хамгийн хүчтэй "Рагаса" шуурганы улмаас Тайваньд 14 хүн нас баржээ

Энэ жилийн хамгийн хүчтэй далайн хар шуурга болох Рагасагийн улмаас Хонконгт аадар бороо орж, хүчтэй салхилсан байна. Харин Тайваньд хүчтэй борооны улмаас 14 хүн амь үрэгджээ. Тус улсын зүүн бүсийн Хуалиэнь мужид оршдог далантай нуур хальж, ойролцоох тосгон руу ихээхэн ус орж ирсэн гэж Тайванийн гал түймрийн алба лхагва гарагт /2025.09.23/ мэдэгдсэн юм.
Даваа гарагаас хойш /2025.09.22/ Тайваньд Рагаса хар шуурганы улмаас бороо орсон байна. Хонконгт орон нутгийн албан тушаалтнууд иргэдээ гэртээ байхыг тушаасан тул замууд эзгүйрчээ. Далайн хар салхи ойртож явна гэх мэдээний улмаас хонконгчууд сандран хоол хүнс гэх мэт зүйлсийг олноор нь худалдан авч нөөцөлсөн байна. Хонконгийн албаныхан өнөөдөр /2025.09.24/ хар салхины сэрэмжлүүлгээ хамгийн өндөр буюу 10-р түвшинд зарлажээ.
Тус хар шуурганы салхины хурд цагт 200 км байгаа юм. Рагаса нь супер хар шуурга гэх ангиллын шуурга хэвээр байх төлөвтэй. Өнөөдөр тус шуурга БНХАУ-ын Гуандун мужийн эрэгт буух магадлалтай байгаа. Гуандун мужид 125 сая орчим хүн амьдардаг билээ. Шуурга даваа гарагт /2025.09.22/ Филиппинийг дайран өнгөрсөн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.