Who is Who?Гадаад мэдээДЭЛХИЙ

Ахмад аль-Шараа: Аль Каидагийн гишүүнээс НҮБ-ын индэр дээр

Аль Каида террорист бүлгийн хамт АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг байлдсан Ахмад аль-Шараа одоо Сири улсын ерөнхийлөгч болж, НҮБ-ын индер дээр үг хэлэв. Тэр тавдугаар сард анхны удаа олон улсын тавцан дээр гарч, байлдаж байсан АНУ-ыннхаа одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамптай гар барьсан. Үүний дараа Трамп Сири улсад тавьсан хоригуудыг цуцална гэсэн юм.

Аль-Шараа лхагва гарагт /2025.09.24/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлсэн нь Сири улсын ерөнхийлөгч сүүлийн 60 жилд анхны удаа тус индэр дээр гарсан тохиолдол болсон.

Тэгвэл Сирийн Ерөнхийлөгч Ахмад аль-Шараа гэж хэн бэ?

42 настай аль-Шараа нь Саудын Арабд төрсөн юм. Гэхдээ түүний гэр бүл Израилын эзлэн түрэмгийлсэн Сирийн Голаны өндөрлөгөөс гаралтай. Олон улсын хуульч, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны терроризмын эсрэг асуудал хариуцсан туслах сайд асан Томас Уоррик хэлснээр аль-Шараа Сирийн нийслэл Дамаскт өсжээ.

Одоо Атлантын зөвлөлийн Ойрх дорнодын хөтөлбөрийн ахлах ажилтны албан тушаалтай Уоррик “Тэр маш чимээгүй, сайн сурлагатай, ухаантай хүү байсан гэсэн мэдээлэлд бидэнд ирсэн” гэсэн юм.  

Аль-Шараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай гар барьж буй мөч. Зургийн эх сурвалж: ABC News

Исламын улсын бүлгийн удирдагч агсан Абу Бакр аль-Багдади, мөн аль-Каидын толгойлогч агсан, 9/11 халдлагыг зохион байгуулсан хэмээн буруутгагдсан Айман аль-Завахири нараас ялгаатай нь аль-Шараа харизматай удирдагч хэмээн төдийлөн танигдаагүй гэж Уоррик хэлжээ.

2003 онд АНУ Ирак руу довтолсны аль-Шараа дараа аль-Каида бүлэгт элссэн байна. Иракт аль-Каидагийн талд байх үед аль-Шарааг АНУ-ын цэргүүд баривчилж, Абу Грейб шоронд хорьсон юм.

АНУ 2007 онд Иракаас цэргээ татаж эхэлсний дараахан аль-Шараа суллагдаж, Сирид буцан очсон байна. Сирид аль-Шараа аль-Каидагийн холбоот байгууллага болох аль-Нусра фронтыг байгуулан удирдах болжээ.

Аль-Шараад аль-Багдади исламын газар нутгийн халифат байгуулах санал тавьсан энэ асуудал дээр тэд санал зөрөлдсөн байна.

Үүний дараа аль-Шараа Сирийн иргэний дайны үеэр аль-Нусра фронтоо шинэчилж, Хаяат Тарир аль-Шам (HTS) хэмээн нэрлэсэн юм. Тус бүлэг Туркийн хилийн ойролцоо, Сирийн баруун хойд бүс дэх дэх Идлиб мужид байршсан байна.

Өнгөрсөн жилийн сүүлээр “HTS” Сирид хурдацтай довтолгоо явуулж, Башар аль-Ассадын дэглэмийг унагаасан. Үүний улмаас аль-Ассад Москва хот руу дүрвэсэн юм. Аль-Ассадын дэглэм нуран унасан цагаас хойш аль-Шараа Сирийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.

Эх сурвалж: ABC News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button