Молдавчууд ОХУ бус Европын холбоонд ээлтэй намыг гаргаж ирлээ

Молдавчууд ням гарагт /2025.09.28/ чухал ач холбогдол бүхий парламентын сонгуульд саналаа өгсөн. Тус сонгуулийн хариу даваа гарагт нийтлэгдэхэд Европын холбоонд ээлтэй PAS нам ялалт байгуулсан нь илэрхий болсон байна. Энэ явдал нь Москвагийн тойргоос гарч, Европын холбоонд элсэх хүсэлтэй байгаа Молдавын хувьд томоохон үр дүн юм.
PAS нь Молдавын Ерөнхийлөгч Майа Сандугийн нам. Тус намын гол өрсөлдөгч нь Москвад ээлтэй, ОХУ-тай харилцаагаа ойртуулах зорилготой PB нам байсан юм. PAS нам төсөөлж байснаас сайн амжилт үзүүлсэн нь Европын холбооны орнуудын сэтгэлийг амраасан байна. Москва тус улсын сонгуульд хөндлөнгөөс оролцох гэж оролдож байна хэмээн Европын холбоо буруутгаад байсан юм. Сонгуулийн дүн гарсны дараа Санду Х дээр мэдэгдэл хийхдээ “Энэ нь дан ганц намын бус Молдав улсын хувьд ялалт. Европ руу хөтлөх зам нь бидний ирээдүйд урагшлах зам” гэж бичжээ.
Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Коста Х дээр “Молдавын ард түмэн ОХУ-ын шахалт, хөндлөнгийн нөлөөлөлтэй тулгарсан ч ардчилал, шинэчлэл, Европ дахь ирээдүйг сонголоо” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.