Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогссон нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

Лхагва гарагт /2025.10.01/ АНУ-ын засгийн газар сүүлийн зургаан жилд анх удаа төсөвгүйн улмаас үйл ажиллагаа нь хэсэгчлэн зогсов. Конгресс дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намынхан төсвийн хуулийн төсөл дээр санал зөрөлдсөнөө шийдвэрлэж чадаагүйн улмаас ийм зүйл болсон юм.

Ардчилсан намынхан Бүгд найрамдах намын хууль тогтоогчид болон Доналд Трамп үүнд буруутай гэж мэдэгдсэн байна. Харин Бүгд найрамдах намынхан болон Цагаан ордон мэдэгдэл хийхдээ засгийн газар тэг зогссонд Ардчилсан нам буруутай гэсэн билээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намынхан мэдэгдэл хийхдээ “Ардчилсан намынхан холбооны эдийн засгийг албан ёсоор зогсоолоо. Тэд хууль бус цагаачдыг эхэнд тавьж, хөдөлмөрч америкчуудыг хохироож байна” гэжээ. Харин АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Камала Харрис Х дээр “Бүгд найрамдах намынхан Цагаан ордон, Төлөөлөгчдийн болон Сенатын танхимыг захирч байгаа. Энэ явдал тэдний буруугаас болсон” гэсэн юм.

Засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас агаарын тээвэр удааширч, шинжлэх ухааны судалгаануудад очих санхүүжилт тасалдан, цэргийн алба хаагчдын цалин хойшилно. Санхүүгийн зах зээлийн хувьд Уолл Стрийтийн фьючерс унаж, алтны үнэ шинэхэн дээд амжилт тогтоосон байна. Мөн ам.долларын ханш бусад томоохон валютуудтай харьцуулахад сүүлийн долоо хоногийн доод түвшинд хүрч сулрав.

Түүхэн талаасаа авч үзвэл, засгийн газрын үйл ажиллагаа зогсох нь санхүүгийн зах зээлд харьцангуй бага нөлөө үзүүлдэг. Учир нь хөрөнгө оруулагчид ийм үйл явдлыг богино хугацаанд л үргэлжилнэ гэдгийг мэддэг болохоор.

Стэнфордын эдийн засгийн бодлого судалгааны хүрээлэнгийн зөвлөх Даниел Хорнунг “Ийм зогсолтын үед хөрөнгийн зах зээл ч бай, бондын зах зээл ч бай, төдийлөн томоохон өөрчлөлт гардаггүй. Учир нь хөрөнгө оруулагчид зогсолтыг түр зуурын үзэгдэл гэж хүлээн авдаг. Түүнээс үүдэлтэй удаашрал нь засгийн газар үйл ажиллагагаа үргэлжлүүлэхэд эргээд нөхөгдөнө гэж үздэг” гэж хэлжээ.

Засгийн газрын үйл ажиллагаа зогссон тул АНУ-ын эдийн засгийн байдлыг хэмждэг голлох тайлангууд хойшлохоор боллоо. Мягмар гарагт /2025.09.29/ АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан ажлын байрны тоо баримтыг харвал наймдугаар шинэ орон тоонд ажилтан авсан тоо 114 мянгаар буурч 5.1 сая болсон бол нээлттэй ажлын байр 19 мянгаар нэмэгдэж 7.2 саяд хүрчээ.

Хөдөлмөрийн пүрэв гарагт /2025.10.02/ долоо хоногийн ажилгүйдлийн тэтгэмжийн хүсэлтийн тоо, баасан гарагт /2025.10.03/ сар бүрийн хөдөлмөрийн тайлан гаргах байсан юм. Эдгээр тайлан нь АНУ-ын эдийн засгийн байдлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой тул хоцрох болсон нь хөрөнгө оруулагчдын сэтгэлийг зовоож байна.

Сүүлийн саруудад хөдөлмөрийн зах зээл саарч эхэлсэн шинж тэмдэг ажиглагдсан. Наймдугаар сард дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ дөнгөж 22 мянган шинэ ажлын байр нэмсэн юм.

АНУ-ын түүхэнд засгийн газрын үйл ажиллагаа хамгийн удаан зогсож байсан тохиолдол Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд явагдсан. 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны нэгдүгээр сарны хооронд хилийн аюулгүй байдлын маргааны улмаас АНУ-ын засгийн газар 35 хоногийн турш үйл ажиллагаа явуулаагүй юм. Салбарын мэргэжилтнүүд одоогийн зогсолт өмнөх тохиолдлуудаас илүү удаан үргэлжилж магадгүй гэж анхааруулж байна

Эх сурвалж: Al Jazeera, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button