Цагдаагийн гадна анх танилцсан хүнтэйгээ архи ууж, мэсээр хөнөөсөн хэрэг гарчээ

Цагдаагийн газрын гадна тааралдсан хүнтэйгээ хамт архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар нэгнээ хөнөөсөн хэрэг гарчээ.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.
Эл хэрэг 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд болсон байна. Амь хохирогч эрэгтэй тухайн өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадна яллагдагчтай таарч, гэрт нь дагаж очин, архи согтууруулах ундаа хэрэглэжээ. Улмаар уг хоёр этгээд хоорондоо маргалдаж, амь хохирогчийг мэсээр хөнөөжээ.
Хажуу айлын хүн /гэрч/ цагдаагийн байгууллагад дуудлага өгч, алба хаагчид ирэхэд "хутгалуулан" нас барсан эрэгтэй хүний цогцос байсан байна. Тухайн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд өнгөрсөн сарын 10-ны өдөр болжээ.
Яллагдагч шүүхэд мэдүүлэхдээ "Эрүүлжүүлэх байрны эмч намайг эрүүл мэндийн асуудлаар буюу зүрхний хэмнэл алдагдсан гэх шалтгаанаар хүлээн аваагүй. Цагдаагийн алба хаагч нар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс дээр намайг хүргэж өгсөн ба цагдаа нар намайг “наанаа байж бай" гэж хэлээд цааш дуудлагад явсан. Тэнд би цагдаагийн хэлтсийн гадна амь хохирогчтой уулзсан. Амь хохирогчийг тухайн үед цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна гэж би бодсон. Бид хоёр цагдаагийн хэлтсийн гадаа ярилцаж тамхи татсан ба амь хохирогч надад хамт архи уух санал тавьсан тул би зөвшөөрсөн. Амь хохирогч бид 2 авсан архиа манай зуслангийн хашаанд авч очиж уусан. Тухайн үед их согтсон ба би архи ууж байгаад нэг тасраад ухаан ороход амь хохирогчтой барьцалдаж, бие биеийгээ түлхэж муудалцаж байсан. Одоо яг тодорхой санахгүй байна тухайн үед миний ухаан орж гараад байсан учир үйл явдлыг бүрэн санахгүй байна" гэжээ.
Шүүхээс шүүгдэгч О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.