Сураггүй болсон 46 настай эмэгтэй самарт явахаар 17-ны өдөр гэрээсээ гарчээ

Хөвсгөлийн Тариалан суманд самранд яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажил өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилж буй.
Хамгийн сүүлийн албан мэдээлэлд, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас есдүгээр 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт цагдаагийн байгууллагад өгсөн.
Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн Э /46 настай эмэгтэй/-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж байгаа.
Харин өнөөдрөөс түүнийг ар гэрийнх нь зүгээс цахим сүлжээнд мэдээллийг байршуулан хайж эхэллээ. Алга болоод буй 46 настай Н.Энхтуяа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг. 2025 оны есдүгээр сарын 17-нд гэрээсээ гарч Хөвсгөл аймгийн Тариалан сум руу самар түүхээр явсан. Улмаар 2025 оны есдүгээр сарын 21-нд Тариалан сумын Давааны ар багийн Дуургын нуруу гэх газарт самар түүж байгаад сураггүй алга болсон. Мэргэжлийн ангийн баг бүрэлдэхүүн, ар гэрийнхэн эрлийн ажиллагаа явуулсан боловч олдоогүй байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.