Барилга нураагүй бол 100 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болох байжээ

Улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар өмнөх оны зургадугаар сард эхэлсэн 240 хүүхдийн багтаамжтай Хан-Уул дүүргийн 165 дугаар цэцэрлэгийн барилга наймдугаар сард ашиглалтад орох ёстой аж. Гэвч даацын хана нь цуурч, зарим хэсгүүдэд нь том нүх гарч, шат, баганын хэмжээ дамжааг хальтхан харвал нарийнаас өргөссөн, зарим нуралт өгсөн баганыг хүнсний скочоор олон давхар ороон торгоосон байдалтай байна. Шал нь хүртэл 2-3 см-ийн цууралт өгч дундуураа зай гарчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард НМХГ-аас энэ барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.
-ЦЭЦЭРЛЭГ БАРЬДАГ МЭРГЭШСЭН КОМПАНИТАЙ БОЛБООС АСУУДАЛ ГАРАХГҮЙ -
Сарын дараа улсын комисст хүлээлгэн өгч, хоёр сарын дараагаас хүүхдүүдээ хүлээж авах ёстой ч хариуцлагагүй барилгын компанийн үйл ажиллагаанаас болж ийнхүү саатжээ.
Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо:
“165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч барилгын ажил явагдаж байхад ажиглан зөрчлүүдийг холбогдох байгууллагад мэдэгдсэн. Их хариуцлагагүй барилгын компани. Тендер зарлаж олон компани шалгаруулснаас сургууль, цэцэрлэгийг стандартын дагуу барьж байгуулдаг мэргэшсэн барилгын компанитай болбоос асуудал гарахгүй ” хэмээлээ.
Мэргэжлийн хяналтын энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гаргасан дүгнэлтэд барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн, барилгын орой хэсгээр арматурын хормутууд ил гарсан, технологийн алдаа, шатны алхам алдаатай цутгагдсан, хөнгөн блокийг бэхэлгээгүй өрсөн, тэнхлэг алдсан гэх мэт олон зөрчил дутагдлуудыг тоочсон байна.
-800 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙГ ҮР АШИГГҮЙ ЗАРЦУУЛСАН КОМПАНИ-
165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Энхтуул:
“165 дугаар цэцэрлэг хоёр байртай. 300 гаруй хүүхэд манай цэцэрлэгт явдаг. Энэ өргөтгөл ашиглалтад орсон бол Өлзийт хорооллын бүх хүүхдүүд цэцэрлэгтэй болох юм. Биднийг анх барилгын үйл явцтай танилцахад гол багана нь хөндий, арматур нь ил гараад ирсэн, ихэнх хана, шал нь цууралт өгсөн байдалтай байхаар нь мэргэжлийн хяналт руу яаралтай бичиг явуулсан юм. Түүний дагуу мэргэжлийн хяналт ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцан акт гаргасан. Одоо нэгэнт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьчихсан болохоор нураахгүй харин сайжруулан, чанаржуулах байх. Мэргэжлийн хяналтын байцаагчид ирээд ханыг нь хөнгөхөн цохиход нурчихсан” гэлээ.
Хан-Уул дүүрэг дэх бусад сургууль цэцэрлэгийн 12 барилга байгууламжууд хормын дотор сүндэрлэж байхад улсын мөнгийг гарынхаа салаагаар урсгаж, 800 гаруй сая төгрөгийг энэ компани үр ашиггүй зарцуулсан байна. Өлзийт хороололд цэцэрлэгийн насны 526 хүүхэд байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ хорооллын оршин суугчид цэцэрлэгийн өргөтгөл барина гэхэд хүүхдээ арваад километрын зайтай цэцэрлэг рүү зөөх биш гэрийнхээ ойролцоо цэцэрлэгтэй болох нь хэмээн хөөрцөглөж байж. Учир нь өмнө жил цэцэрлэгт орж чадаагүй гэртээ үлдсэн 100 гаруй хүүхэд уг цэцэрлэгийг ашиглалтанд орсноор хамрагдах боломж бүрдэх байжээ.
А.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.