Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын эрэлт хэрэгцээ суларч, АНУ-ын тарифын улмаас дэлхийн үйлдвэрлэл есдүгээр сард саарлаа

Дэлхийн олон орны үйлдвэрийн үйл ажиллагаа есдүгээр сард ширгэсэн байна. АНУ-ын эдийн засгийн өсөлт саарсан шинж тэмдэг ажиглагдаж, БНХАУ-д эрэлт хэрэгцээ суларсан явдал давхацсан нь дэлхийн үйлдвэрүүдэд дарамт болов.

Есдүгээр сард Европын бүсийн үйлдвэрүүдэд ирсэн шинэ захиалга сүүлийн зургаан сард үзэгдээгүй хурдтайгаар буурсан юм. Үүний улмаас тус бүсийн үйлдвэрлэл ширгэсэн байна. Экспортын зах зээл сул байгаа нь Европын үйлдвэрлэлийн салбарт тулгараад буй гол асуудал боллоо. Энэ нь бүс нутгийн үйлдвэрлэлийн сэргэлт эмзэг байгааг харууллаа.

“S&P Global”-аас гаргадаг HCOB Евро бүсийн Үйлдвэрлэлийн Худалдан авагчдын итгэлийн индекс (PMI) наймдугаар сарын 50.7-оос есдүгээр сард 49.8 болж буурсан байна. PMI-ийн үзүүлэлт 50 нэгжээс дээш байвал өсөлт, доош байвал агшилтыг илэрхийлдэг. Наймдугаар сард Евро бүсийн PMI 2022 оны дундаас хойш анх удаа өссөнийг есдүгээр сар арилгав.

Хамбург Коммерсийн банкны ерөнхий эдийн засагч Сайрус де ла Рубиа “PMI-ийн бууралт бүх хэсэгт л ажиглагдаж байна. Өргөн хэрэглээний бараа, хөрөнгө оруулалтын бараа, завсрын бүтээгдэхүүний индекс бүгд өнгөрсөн сард сард харьцангуй доошилсон” гэсэн юм.

Судалгаагаар Европын холбооны орнууд дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрс ялгаатай гарчээ. Нидерландын үйлдвэрлэл сүүлийн 38 сарын дээд түвшинд хүрч холбоог тэргүүлж, Грек, Ирланд, Испанид өсөлт үргэлжилсэн байна. Харин бүсийн гурван том эдийн засаг болох Герман, Франц, Италид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурчээ.

Европын холбооноос гарсан байгаа Их Британид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сүүлийн таван сарын хамгийн хурдтайгаар буурсан байна. Тус улсын дотоодын эрэлт суларч, экспортын захиалга багассан юм.

Азийн орнуудад ч мөн үйлдвэрлэлийн салбарт дарамт учирч буй нь бодлого боловсруулагчдад шинэ сорилт болж байна. Трамп захиргааны эдийн засгийн гол бодлого болох тариф нь дэлхийн худалдааны дэг журамд өөрчлөлт авчирч, экспортод суурилсан Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийг саарууллаа.

Хүчирхэг экспортлогч орон болох Япон, дэлхийн технологийн төв Тайваньд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа есдүгээр сард агшжээ. Япон, Тайвань хоёр нь АНУ-ын зах зээлээс ихээхэн хамааралтай бизнесүүдтэй билээ.

Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр болох БНХАУ-д үйлдвэрлэл саарсан байдалд байна. Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн албан ёсны судалгаагаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох тус улсын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа есдүгээр сард зургаа дахь сардаа дараалан агшжээ Энэ нь дотоодын эрэлт сул байгаа явдалтай АНУ-ын тариф давхацсантай холбоотой юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button