Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобелийн химийн шагналыг цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд ашиглаж болох нээлтийн эздэд өглөө

Химийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг металл-органик хүрээ бүтцийн чиглэлд хувь нэмэр оруулсан Сүсүмү Китагава, Ричард Робсон болон Омар М. Яги нарт олголоо.

Тэдний хийсэн ажлыг дэлхий дахинд хамгийн тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглагдаж болох юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор агаар мандлаас нүүрсхүчлийн хийг барих, эсвэл химийн аргаар хуванцар бохирдлыг бууруулах зэрэг ажилд тэдний нээлтийг ашиглах бололцоо бий.

Профессор Сусумү Китагава нь Японы Кёотогийн их сургуульд, профессор Ричард Робсон Австралийн Мельбурны их сургуульд, харин профессор Омар М. Яги АНУ-ын Калифорнийн их сургуульд тус тус ажилладаг. Профессор Китагава шагнал хүртсэн гэдгээ сонссоныхоо дараа арга хэмжээнд утсаар холбогдож “Үнэхээр их баярлаж, сэтгэл маш өндөр байна. Маш их баярлалаа” гэж хэлжээ.
Тэр мөн “Би энд хэр ярих хэрэгтэй вэ? Одоо уулзалттай болохоор явах хэрэгтэй байна” гэж хошигносон юм.

Эдгээр гурван эрдэмтний судалгаа нь молекулуудыг хэрхэн холбож тодорхой бүтэц бий болгох тухай юм. Нобелийн комисс тэдний ажлыг “молекулын архитектур” гэж нэрлэсэн байна.

Тэд молекулуудын хооронд томоохон зай бүхий бүтцийг хэрхэн бий болгож болохыг тодорхойлсон юм. Ингэснээр хий болон бусад химийн бодисууд тэр зайгаар чөлөөтэй нэвтрэх боломжтой болдог аж. Ийм бүтцийг металл-органик хүрээ бүтэц буюу MOF гэж нэрлэдэг. Одоо MOF-уудыг дэлхийн олон орны лабораторид идэвхтэй судалж, бүтээж байгаа юм.

Эрдэмтэд тус тусдаа 1970–1980-аад оны үед энэ чиглэлээр судалгаа хийж эхэлжээ. Профессор Робсон бүр их сургуулийнхаа лабораторийн ширээн дээр нүх өрөмдөж, модон бөмбөг болон савх ашиглан химийн холбооны загвар гаргаж байжээ.

Одоогоор MOF-уудыг зөвхөн жижиг хэмжээний туршилтад ашигладаг. Гэхдээ зарим компаниуд тэдгээрийг үйлдвэрийн түвшинд, өргөн хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг судалж байгаа юм.

MOF-ийгцөмийн зэвсгийн үйлдвэрлэл гэх мэт зүйлс ашигладаг хортой хийг задлах зорилгоор хэрэглэх боломжтой. Мөн компаниуд цахилгаан станц, үйлдвэрээс ялгарсан хийнээс нүүрсхүчлийн хийг шүүх, барих зориулалтаар ашиглах боломжийг туршиж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button