Макрон 48 цагийн дотор шинэ ерөнхий сайдаа томилно

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх 48 цагийн дотор шинэ ерөнхий сайд томилно хэмээн түүний ажлын алба лхагва гарагт /2025.10.08/ мэдэгдсэн байна. Түүний саяхан томилсон ерөнхий сайд Себастьян Лекорну засгийн газраа танилцуулаад хэдхэн цагийн дараа л ажлаа хүлээлгэн өгсөн явдал даваа гарагт /2025.10.06/ гарсан. Ингэснээр Лекорнугийн засгийн газар Франц улсын түүхэн дэх хамгийн богино хугацаанд засагласан захиргаа болсон юм.
Гэхдээ Макроны хүсэлтээр Лекорну Францын улс төрийн хямралыг намжаахын тулд парламент дахь намын удирдагчидтай дахин зөвлөлдсөн байна. Элисейн ордон лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “Хууль тогтоогчдын ихэнх нь парламентыг тараахыг эсэргүүцсэн. Үүнээс харвал тогтвортой байдлын суурь байна. Арван хоёрдугаар сарын 31 гэхэд төсөв батлах арга зам харагдлаа. Ийм учир Бүгд найрамдах улсы Ерөнхийлөгч ирэх 48 цагийн дотор шинэ ерөнхий сайд томилно” гэжээ.
Лекорну Макронтой хэлэлцсэнийхээ дараа “France 2” телевизэд ярилцлага өгсөн байна. Ярилцлага өгч байхдаа намуудтай тохиролцоонд хүрэх хүндрэлтэй ч гэсэн Макрон парламентыг тарааж, ээлжит бус сонгууль зарлах магадлал багассаар байна гэжээ. Макрон өнгөрсөн жилийн зун парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарласан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.