Хувцсаа өөрөө оёж өмсдөг А.Ихбаяр: Одоо л өөрийгөө хүлээн зөвшөөрч, хийсэн хувцаснуудаа шүүгээндээ оруулж байна

Хуучин хувцсаа өөрөө засаж, өөрийн хэв маягтаа тохируулан хувцас зохион бүтээж, оёж өмсдөг, түүнийгээ бичлэг болгон нийтэлж, олон нийттэй хуваалцдаг Алтанхуягийн Ихбаяртай ярилцлаа.
Тэр бүжигчин мэргэжилтэй. 2014 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй бүжиглэж, өдгөө бүжгийн клубт багшилдаг. Үүний зэрэгцээ багын зураг зурах авьяастай байсан тэрбээр өмсөх хувцсаа өөрөө зохион бүтээж, өөрчилж, оёж өмсдөг болжээ.
-Та хэрхэн бүжигтэй амьдралаа холбох болов. Энэ тухай яриагаар ярилцлагаа эхэлье?
-Багаасаа бүжигт хайртай сонирхдог байсан л даа. Арван жилийн сургуулийнхаа урлагийн наадамд бүжиг бэлдэж оролцдог байсан үе. Тухайн үед үеийнхээ охинд дурлаад найрах шаардлага үүссэн. Гэтэл тэр охин маань дээд ангийн бүжиглэдэг ахыг “аягүй гоё ах юм аа” гээд шохоорхож надад ярихаар нь “би ч бас ингэж бүжиглэж чадна” гэж хэлсэн цагаас эхлээд бүжиг сурах шаардлага үүссэн. Харамсалтай нь тэр охиндоо тоогдож чадаагүй. Гэхдээ бүжиг сурч чадсан. Тиймээс тэр охинд баярлалаа гэж хэлмээр санагддаг, намайг тоогоогүй ч гэсэн надад бүжгийн сайхныг мэдрүүлж, бүжигт хайртай болгож өгсөн. Одоо бодохоор тэр үеийн миний дурлал эцэстээ охинд хайртай биш бүжигт хайртай болоод л дууссан. /инээв/
-116 бүжгийн хамтлагт байсан гэсэн. Яагаад хамтлагаа орхив?
-Хүмүүсийн сайн мэдэхээр 116 бүжгийн студид бүжиглэдэг байж байгаад сүүлд найзуудынхаа үүсгэн байгуулсан “Squadzz dance studio” нэгдээд явж байна. 116 бүжгийн хамтлаг тараагүй, бид салбарлаж гарсан гэвэл ташаа ойлголт болох байх. Хувийн шалтгаанаас үүдэн 116 бүжгийн хамтлагаас гарсан. Одоогоор хувцас хийхийн хажуугаар “Squadzz dance studio”-д “street dance” төрөл дотроо хип хоп болон дэглэлт гэсэн хоёр төрлөөр хичээл орж байгаа.

-Хэзээнээс өөрөө хувцсаа оёж өмсдөг болсон бэ?
-2021 онд их сургуулиа төгсөөд хувцас оёж эхэлсэн. Түүнээс хойш найзуудаараа хувцасны брэнд гаргах гэж үзсэн, даан ч бүтэлтэй болоогүй. Өөрийн гэсэн брэнд хувцас зохион бүтээх гэж оролдож үзсэн ч төдийлөн амжилт олоогүй. Нэг хэсэгтээ хувцас хийхээ болиод, эргэж оролдоод завсардаад хэсэг явсан. Энэ бүхний шалтгаан нь бүжиг болж таарсан. Бүжгээ орхиж чадахгүй байсан учир эхлүүлээд орхиод байсан юм шиг санагддаг. Одоо бол хувцас хийх ажилдаа идэвхтэй ханцуй шамлан орсон. Ер цаашдаа энэ ажлаа цалгардуулахгүй тууштай хийнэ гэсэн бодолтой байгаа.
-Бие дааж өөрийн гэсэн брэнд үүсгээд ажиллахад манай зах зээл дээр боломж хэр байна?
-Ер нь боломж бий. Яг энэ салбарын хувьд манай улсад зах зээл байгаа гэж боддог. Одоо бол би дөнгөж эхлээд контент хийгээд гараанаас гарч байна. Миний хийж чадах хувцас тоо хязгаартай, дутуу дулимаг хийж чадахгүй хувцас олон байхад надад түүнээс их боломж олдсон. Хүмүүс надад итгээд хувцасны захиалга өгсөөр байгаа. Өнөөдрийн гараанаасаа гарч буй надад ийм их боломж олдож байхад ирээдүйн надад магадгүй манай хамт олонд үүнээс том боломж зах зээл хүлээж байгаа байх. Над шиг контент хийдэг хувцас зохион бүтээдэг залуус бий. Зөвхөн би биш надаас өөр залуус захиалга авч ажиллаж байгаа гээд бодохоор бидэнд зах зээл хангалттай байна гэж хардаг.
-Бусдаас ялгарах чухал байх. Үйлчлүүлэгч таныг гээд сонгох онцлох зүйл нь юу вэ?
-Мэдээж ялгарах чухал. Гэхдээ бусдаас ялгарахын тулд өөрийгөө өөрчилж эвдэх буруу байх. Өөрийнхөөрөө байгаа миний арга барил таалагддаг хүмүүс гэж бий. Миний онцлог бусдаас ялгарах зүйл нь өөрийнхөөрөө байгаа би гэж хэлнэ. Ер нь би хэзээд онцгойрох гэж өөрийгөө өөрчлөхгүй байх.
Миний цахим хаягийг харсан бол “туршилт” гэсэн утгыг илэрхийлсэн байгаа. Надад ямар нэгэн хүчин зүйлд баригдах, төгс зүйлийг бүтээх зорилго огт байхгүй. Зүгээр л ямар нэгэн зүйлийг зоригтой туршихыг л хүсдэг. Мөн артист байдлаа алдалгүй бусдаас илүү уран бүтээлч байх ёстой. Гэхдээ артист байдлаа олохдоо баригдмал хайрцаглагдсан байдлыг огт зөвшөөрч болохгүй. Юунаас бол юунаас л артист санаагаа олж болно.

-Хувцасны шүүгээнд нь таны урласан хувцас хэр их вэ. Авсан хувцсаа өөрт таалагдахаар засаж янзалдаг уу?
-Өөрөө өөртөө хийсэн хувцас гэвэл цөөхөн байх шүү. Ингээд бодохоор сүүлийн үед л өөрт таалагдсан голохооргүй хувцас хийж эхлээд байгаа юм шиг. Их сургууль төгсөөд удалгүй хийсэн хувцаснуудаа өөрөө өмсөхөөр тухгүй эвгүй байдаг байсан. Ерөөсөө өөрөө өмсөнө гэхээр ичээд, сэтгэлд нэг л нийцдэггүй байсан байх нь. Харин сүүлийн нэг жилээс миний хийсэн хувцаснууд гэрийн шүүгээ рүү орж эхэлж байна. Тэгэхээр одоо л би өөр өөртөө хүлээн зөвшөөрөгдөж нийцэж эхэлсэн юм байна гэсэн бодол төрлөө. Өөр газраас худалдан аваад засвар хийсэн хувцас гэвэл харин их. Өргөн, өөрт томдсон хувцас аваад засаж янзлах тохиолдол элбэг.
-Нэг жилийн өмнөөс л өөр өөртөө нийцэж хүлээн зөвшөөрөгдсөн гэж та ярилаа. Энэ ахиц гарахад юу нөлөөлсөн бол?
-Өмнө “Kidult” брэндийн хувцасны дэлгүүрт ажиллаж байсан. Тэндээс их зүйл сурсан гэж боддог. Хүмүүс ямар хувцас өмсөөд байна, ямар стандартаар яаж хийх вэ гээд олон зүйлийг таньж мэдсэн. “Kidult” ажилласнаас хойш миний хийсэн зүйл сэтгэлд нийцэж эхэлсэн гэж боддог.
-Хувцас зохион бүтээдэг хүний хувьд асуухад манай залуус нийтээрээ хэр загварлаг вэ?
-Загварлаг залуус байгаа бас загварлаг биш залуус бас бий л дээ. Магадгүй үзэж харж буй зүйлс хүрээллээсээ шалтгаалаад өөр өөр байх. Залуус гэхээсээ илүү ахлах ангийн сурагчид илүү загварлаг болсон юм шиг ээ. Гадуур явахаар тэдний хувцсан дээр өөрийн мэдэлгүй “нүд унагадаг”. Би ер нь гудамжаар алхах бүрдээ зөрж өнгөрсөн хүмүүсийнхээ хувцсыг их ажигладаг зуршилтай.

-Хүний өмсөж байгаа хувцас, хувцасны сонголт хэр чухал вэ. Өмссөн хувцсаар давуу байдал үүсгэж болох уу?
-Хувь хүн өөрөөс нь л шалтгаалах байх. Энгийн хувцасласан хэр нь үнэхээр гоё хүмүүс байдаг. Харин өмссөн хувцсаараа өөрт давуу тал бий болгох нөхцөлүүд байдаг байх аа. Яаж ч байсан түрүүлж хүний хувцсыг нь хардагт учир байх магадлалтай. Тэгэхээр өөрт чухал боломж бий болгосон үед хувцаслалтын зөв сонголт хийчих юм бол давуу тал бий болж болно. Заримдаа хэтэрхий гангалчихвал онцгүй харагддаг шүү дээ. Тиймээс тохирсон зөв сонголт хийх нь л чухал байх.
-Ер нь хувцас хийхэд цаг хугацаа хэр шаарддаг вэ?
-Тухайн хийж байгаа хувцаснаасаа шалтгаална. Мөн тэр хувцсыг би хэд дэх удаагаа хийж байгаа вэ гэдгээс бас хамаарна. Хоёр гурван удаа хийж үзсэн бол ер нь гарт орчихно, түүнээс олон хийсэн бол бүр л хурдан дуусгана гэсэн үг. Эхний удаа хийж байгаа хувцас бол ажиллагаа их шаардана.
-Та хувцасны дизайн, материал, оёдол гээд бүгдийг нь өөрөө хийдэг харагдсан?
-Одоогоор бүх юмаа өөрөө хийж байна. Материалаа сонгож аваад загвараа гаргаад оёдлоо хийнэ. Манайханд байдаг нэг буруу ойлголт нь Монголоос материал авбал чанаргүй гадаадаас авбал чанартай гэж боддог. Үнэн хэрэгтээ манай улсад чанартай материал олон бий. Гадаадын орнууд хүртэл Монголоос материалаа авдаг байх жишээний.
-Зүү сүвлэж хувцас оёно гэдэг амар зүйл биш байх. Магадгүй хүнээс төрмөл авьяас шаарддаг байж болох юм. Оёдлын машинтай ажиллах зэрэг нарийн ажлуудыг хэрхэн сурсан бэ?
-Их сургуульдаа сурсан даа. Үнэнээ ярихад их сургуульдаа би муу сурдаг байсан. Манай ангид 40 охин дөрөв, таван эрэгтэй хүүхэд л сурдаг байсан. Охид цаанаасаа үйлд уран авьяастай байдаг учир тэдэнд чирэгдэнэ шүү дээ. Гар оёдол болон машинтай ажиллаж байхдаа л нарийн зүйлсээ сурсан. Одоо хүртэл сураад л явж байна. Надад төрмөл хувцас оёх авьяас бол байхгүй, багаасаа зураг зурдаг чадвар маань их нөлөөлсөн байх.
-Таны хэтийн зорилго юу байна?
-Олимпын аварга болно гэдэг шиг том зорилго алга. Аль болох олон шинэ зүйл турших, хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандах зэрэгт түлхүү анхаарч байгаа. Тууштай байвал боломжууд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Аль болох өөрт тухтай гэртээ ажиллаж, гэр бүлдээ цаг гаргахыг хүсдэг. Цаашдаа нарийн мэргэжлийн оёдолчинтой сайн баг бүрдүүлж, өөрөө хувцасныхаа гол дизайныг гаргах тал руугаа анхаарч ажиллах хүсэл бий.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе! Ямар хаягтай вэ загвар хармаар байна
Чи чаднаа би бас оёдолчин хаана ч мөр бүтэн явдаг хувцас загвар байнга шинэчлэгдэж байдаг агуу бүтээл юм шүү