Иргэдийн байр суурь: Улс төрчдийн хэрүүл зодоонд төсөв хэцүүдлээ, болих хэрэгтэй

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж буй. Үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцэслэх ёстой.
Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах эсэхэд иргэд ямар байр суурьтай байгааг тодруулан хүргэж байна.

Г.Занданшатарыг огцруулах асуудлыг иргэн хүний зүгээс дэмжиж байгаа. Дээр суудалтай төрийн томчуудаас ариун шударгаар ажил үүргээ биелүүлээд явж байгаа хүн алга. Нэгэнтэйгээ холбоотой төрийн мөнгийг хувааж идсэн хүмүүс л байх юм. Гэтэл иргэдийн бодит амьдралын чанар муу, өргөн хэрэглээний барааны ханш өссөн, долларын ханш тэнгэрт тулчихсан л байна.
Хэрэв дараагийн Засгийн газар байгуулагдах юм бол намын шууд харьяаллаас ангид хүмүүс томилогдоосой. Намын төлөө бус эх орныхоо төлөө явах хүмүүс л Засгийн газрыг бүрдүүлэх хэрэгтэй.

Засгийн газрыг ойр ойрхон солих нь Улсын ирээдүй, нөхцөл байдалд муугаар нөлөөлнө. Г.Занданшатарын Засгийн газар өнгөрсөн зургаан сард байгуулагдсан шүү дээ. Маш богинохон хугацаанд засаглаад огцруулах эсэх нь яригдаад эхэллээ. Гурав, дөрөвхөн сар болоод Засгийн газраа солиод байвал энэ эх орны эдийн засаг, нийгмийн байдалд маш муу үр дагавар гарна.
Монгол Улс маань гаднын орнуудад муухай харагдах нөхцөл үүснэ, нэр хүндэд нөлөөлнө. Тиймээс нэгэнт байгуулагдсан Засгийн газрынхаа ажлыг үргэлжлүүлэн хийлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар улс эх орныхоо нөхцөл байдлыг улам хүнд болгохоосоо өмнө энэ зодооноо зогсоох хэрэгтэй. Сөрөг үр дагавар нь их харагдаж байна. Хамгийн энгийнээр харахад л ирэх оныхоо төсвийг баталж чадахгүй, цаг нь тулчихсан, хэлэлцээрээ хийж чадахгүй хэрүүл л хийгээд байна шүү дээ.

Г.Занданшатарын Засгийн газар 100 гаруй хоног ажиллалаа. Ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй, одоо хэрүүл, зодоондоо тулчхаад явж байгаа харагдаж байна. Тиймээс огцрох шаардлагатай гэж үзэж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл иргэдийн аж амьдрал, ирэх оны төсөв хэцүүднэ. Тиймээс энэ байдлаа түргэн зогсоогоод ажил хийж чадах залуу хүмүүсээс бүрдсэн шинэ Засгийн газар байгуулагдаасай.

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих эсэхээ сайн мэдэхгүй байна. 100 гаруйхан хоногийн настай эл Засгийн газрыг огцруулах талаар ярьж байна шүү дээ. Ер 100 хоногт сайн, муу нь ялгарах боломжгүй байх. Томчууд улс төрийн хэрүүл хийх хойгуур төсвийг хэлэлцэж чадахгүй байдалд хүрчихсэн.
Угтаа төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах зохицуулалттай байдаг биз дээ. Ирэх оныхоо төсвийг баталж чадахгүй байна гэдэг иргэдийн амьдрал, цалин тэтгэвэр, улсын хөрөнгө оруулалтууд хааш хэлбийх нь тодорхойгүй нөхцөлд орсны дохио. Ерөнхийдөө улс төрд үүсээд байгаа одоогийн нөхцөл байдлын гол хохирогч нь жирийн ард түмэн болоод л хоцрох нь.

Огцрох эсэх нь төрийн бодлого, батлагдсан хууль дүрмийнхээ дагуу шийдэгдэх байх. МАН-ын төрийн дээд эрх мэдэлтэй хоёр хүний дунд үүссэн маргаан хурц байдалд шилжлээ шүү дээ. Уг нь төр нь тогтвортой, түмэн олон нь амгалан байвал сайн сан.
100 гаруй хоног ажилласан Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах эсэх асуудал хэлэлцэгдээд эхэллээ. Иргэн хүний нүдээр харахад уг Засгийн газар эдийн засгийн эргэлт хийх ажлуудыг эхлүүлсэн гэж хэлнэ. Гэтэл төр төмөр нүүрээ харуулж байна л гэж бодож байна.

Одоогийн Засгийн газрыг огцруулах саналыг иргэн хүний зүгээс дэмжинэ. Үр дүнд хүрсэн ажил нэг ч хийгээгүй, хэрүүл хийсэн Засгийн газар, удирдлагатай баймааргүй байна.
Маш их мөнгөний тоо хэлж, нэгнээ хулгайч болгож харагдах юм. Гэтэл энгийн иргэдийнх нь амьдрал ямар байгаа билээ дээ. Төрийн өндөр албанд томилогдсон хүн мөнгө иддэг л гэж иргэдэд ойлгогдож байна. Бид туйлдаж байна. Тиймээс хурдан огцроод дараагийн хүмүүстээ зайгаа тавиад өгөх хэрэгтэй.

Г.Занданшатарын Засгийн газар 100 гаруй хоног ажилласан хэдий ч үр бүтээл нь харагдахгүй л байгаа. Төрийн өндөрлөгт гарсан хулгайч, залилагч нарыг огцруулах нь зөв. Одоогийн Засгийн газрыг ямар муу ажилласныг ард түмэн харлаа шүү дээ. Тиймээс огцорч, дараагийн хүмүүстээ боломжийг нь олгох хэрэгтэй.

Дөнгөж зургаан сард бүрдсэн Засгийн газрыг огцруулах нь буруу. Ойрхон төрийн түшээдээ солино гэдэг яав ч сайн биш. Улс төрд өрнөөд буй үйл явдлын нарийн учрыг сайн мэдэхгүй юм. Эрх мэдлээ л булаацалдаад байх шиг. Хурдан эвээ олоод ажлаа л хийх хэрэгтэй. Хэрүүл хийх гэж биш, ажил хийх гэж тэнд сууж байгаа гэж ард түмэн ойлгож, хүлээдэг шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
EK насаараа тэжээлэгсэн намаа 2 хуваачаад төрөө тогтворгүй бологчоод хээв гадаад явчих юмаа арай юу