Билл Мюррей: Хүмүүс бид яг ижилхэн амьдардаг байсан бол бүгдээрээ аль хэдийн нөгөө ертөнц рүү явчих байлаа
Холливудын алдарт жүжигчин Билл Мюррей “The Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе. Тэрбээр “Ghost Busters”, “Grand Budapest Hotel”, “Lost In Translation” зэрэг кино уран бүтээлээрээ алдартай.
Ноён Мюррей, жүжигчин хүний хувьд та өөрийгөө уран бүтээлч гэж үздэг үү?
Би саяхан нэг хүнтэй ярьж байсан чинь тэр “Чи одоо өөрийнхөө гутранги үедээ оржээ” гэж хэлсэн. Тэгж хэлснийг нь үнэхээр хөгжилтэй гэж бодсон, бүр эвхэрч унатлаа инээсэн. Би ахдаа яг тэгж хэлэхийг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ би өөрийгөө уран бүтээлч гэж үздэг үү гэвэл үгүй. Харин уран бүтээлч болохыг хүсдэг. Заримдаа уран сэтгэмжтэй, бүтээлч байж чадна. Уран бүтээлч хүний хийдэг зүйлс, эсвэл “уран бүтээл” гэж нэрлэгдэж болох зүйлс байдаг. Тийм байлаа ч тэр хүн өөрөө уран бүтээлч байна гэсэн үг биш. Заримдаа хүмүүс уран бүтээлч мэт байж болно. Гэхдээ тэр хүн уран бүтээлч гэсэн үг биш.
Өмнө нь та өөрийгөө дуурайдаг хүн гэж хэлж байсан шүү дээ.
Тийм ээ, тэр нь арай ойрхон тодорхойлолт! Жинхэнэ уран бүтээлч байна гэдэг бол амьдрах урлагийг ойлгосон байхыг хэлдэг гэж би боддог. Жинхэнэ уран бүтээлчид бол амьдралын урлагийг олж нээсэн хүмүүс. Тэд амьдралын урлагийг ашиглан бүтээл хийдэг тул уран бүтээлчдийн ажлыг урлаг гэж нэрлэдэг. Тэд амьдралыг урлаг болгож чадсан хүмүүс. Уран бүтээлчид амьдралаас шингээн авч байдаг болохоос биш үргэлж илэрхийлээд байдаггүй. Илэрхийлэхээс илүү шингээн авах тухай гэж боддог.
Гэхдээ та яг одоо цагтаа амьдардаг хүн шиг санагдаж байна. Нэг удаа та хамтран ажиллаж байсан жүжигчидтэйгээ хэвлэлийн бага хуралд оролцох ёстой байсан ч оронд нь бүгдээрээ хооллохоор явсан гэдэг түүх бий дээ?
Тийм ээ, тэр бол үнэхээр сайн жишээ. Учир нь тухайн үед бид хийж байгаа зүйлээ ямар зөн совингоор хийж байгаагаа ойлгоогүй. Тухайн үед бид бүгд ертөнцөөс, бие биеэсээ хөндийрсөн юм шиг мэдрэмжтэй байсан. Тэр сурталчилгааны хэвлэлийн бага хурал маш сонин уур амьсгалтай байсан юм. Миний далд ухамсар “Эндээс явъя” гэж хэлж байсан байх. Тиймэрхүү зүйл тохиолдох үед дотоод хүн эргэцүүлж бодоод, эцэст нь ямар нэг зүйл “гарч ирдэг” гэж би боддог. Хүн үргэлж илүү ихийг шингээн авч байж, дараа нь багахан зүйлийг гаргаж өгдөг байх ёстой. Харин гаргаад л байя, гаргаад л байя гэж бодох нь утгагүй, төөрөгдөл юм.
Та үргэлж л ийм зан чанартай байсан уу?
Тийм ээ, би сургуульд байхаасаа л асуудалд ордог хүүхэд байсан Зарим хүмүүс “Чи ингэж дээрэлхүү, тэнэг авиртай байдаг нь баян, алдартай болохоор л доо” гэж хэлдэг. Би тэгэхэд нь “Үгүй ээ, би баян, алдартай болохоосоо өмнө л тийм байсан итгээрэй” гэж хариулдаг. Би олон жилийн турш яг л ийм байсан, гэнэт гарж ирсэн зан биш. Зүгээр л ийм маягаар амьдардаг, тэгээд л болоо. Энэ нь бусдыг шахаж, дээрэлхэж байна гэсэн үг биш. Харин зүгээр л тодорхой хэв маягаар амьдрахгүй байгаагийн илэрхийлэл. Хүмүүс бид яг ижилхэн амьдардаг байсан бол бүгдээрээ аль хэдийн нөгөө ертөнц рүү явчих байлаа.

Та өөрийгөө муухай ааштай гэж хэллээ ч гэлээ, бусад алдартнуудтай харьцуулахад та фэнүүдтэйгээ илүү ойр, илэн далангүй харьцдаг гэдгээрээ алдартай шүү дээ.
Миний хувьд, зочид буудлаас гараад хүмүүс гарын үсэг авах гээд зогсож байхыг харах нь хамгийн эвгүй мэдрэмж төрүүлдэг. Тийм хүмүүсийн дунд л Жон Ленноныг хөнөөсөн, Жорж Харрисоныг хутгалсан хүн байсан шүү дээ. Тийм болохоор би тэднээс айдаггүй ч тэд намайг арай өөр нүдээр хардаг юм шиг санагддаг. Гэхдээ гудамжинд зүгээр л нэг хүн ирээд “Таны тэр кино надад үнэхээр таалагдсан” эсвэл “Таны кинонуудаас энд хамгийн дуртай” гэж хэлэхэд тэр кино нь их танигдаагүй бүтээл байвал би үнэхээр баярладаг. Бокс оффист амжилт олоогүй ч гэсэн хүмүүс тэр киноноос үнэ цэнтэй зүйл олж харсан байна гэдэг нь миний хувьд маш том шагнал шиг санагддаг.
Тэгвэл тийм фенүүдийн үдэшлэг зохион байгуулж байвал та гэнэт очих уу? Интернэтэд тийм олон түүх бий шүү.
Алдартай болохоор хүмүүс өөрт чинь арай илүү итгэдэг болчихдог. Хэрвээ би зүгээр нэг танихгүй хүн хэр нь үдэшлэгт чинь ороод ирвэл, хүмүүс “Энэ хүнийг би таних билүү?” гэж бодох байх. Харин тэр хүмүүс намайг киноноос таньдаг бол, намайг хүлээж авахад бэлэн байдаг. Энэ бол алдартай байхын цөөн хэдэн давуу талын нэг. Заримдаа замын торгуулиас мултардаг, бас ресторан ороход гал тогоо нь хаасан ч гэсэн хоол хийж өгч, эсвэл үйлчилгээ арай хурдан байдаг. Тийм л жижиг зүйлс.
Тэгэхээр алдартай байх тийм ч муу зүйл биш юм шиг байна.
Бүхэлдээ муу биш ээ. Заримдаа төвөгтэй ч, сайн тал байдаг болохоор би гомдоллохгүй. Гэхдээ надад тулгардаг асуудлууд бусдынхтай яг адилхан. Тогтвортой, үнэнч шударга, хүн чанартай байх, үнэхээр хичээж, өөрийгөө тийм хүн дээ гэж төсөөлдөг хүн мөн үү? Үгүй, би биш. Тэгэхээр хүн өөрийгөө тийм хүн гэж итгэдэг зүйл нь зүгээр л нэг хийсвэр дүр зураг юм байна. Толь руу хараад “Энэ хэн бэ? Би ийм харагддаг гэж үү?” гэж гайхах мөчүүд гардаг.
Та бараг дурсан санаж байгаа юм шиг ярьж байна шүү!
Яг тухайн мөчдөө амьдарч байгаа хүн өнгөрсөн ба ирээдүйдээ нэгэн зэрэг оршдог юм. Өнгөрснөө эргэн харна гэдэг бол зөвхөн яг тэр мөчдөө амьд байж байж л хийх боломжтой зүйл. Одоо цагийн урсгалд байгаа хүн хаана л бол хаана ч очиж чадна. Өнгөрсөн бас ирээдүй рүү ч очиж чадна. Гэхдээ би өнгөрснөө эргэн санаж дурсдаг уу? Өнгөрсөн үеэ үгүйлдэг үү? Би 1980 онд Бали аралд очоод “Миний очиж байсан хамгийн гайхамшигтай газар байна” гэж бодсон. Үнэхээр ид шидийн мэт байсан. Би жил бүр энд ирнэ гэж өөртөө амласан юм. Гэхдээ би хэзээ ч буцааж очоогүй. Харин одоо хүмүүс “Бали аялал жуулчлалаар дүүрч, бүр сүйрчихсэн, урьдынх шигээ биш болсон” гэж хэлдэг. Тэр жилийн Бали бол “буцаж болохгүй” зүйлийн тод жишээ.
Тэгэхээр та карьераа тэр бүр эргэж бодоод байдаггүй юм байна, жишээ нь Уэс Андерсонтой анх уулзсан тэр мөчийг ч тэр үү?
Түүнтэй анх уулзсан мөч, үнэндээ яг уулзсан мөчөө сайн санахгүй байна. Гэхдээ тэр лав санаж байгаа байх. Би “Rushmore” киноны зохиолыг нь уншаад л шууд хамтарч ажиллахаар болсон. Агентууд бас зарим хүмүүс “Түүнтэй уулзмаар байна уу?” гэж асуухад “Үгүй, надад уулзах хэрэггүй, ажиллах өдөр нь хэзээ юм, эхэлцгээе!” гэж хариулсан. Ингээд бид анх Хьюстонд зураг авалт хийсэн өдөр уулзсан. Тэр үед Уэс залуухан байсан, бараг хүүхэд л гэж хэлж болохоор. Гэхдээ яг тэр юу хийж байгаагаа, юу хүсэж байгаагаа бүрэн ойлгосон, мэдсэн байсан.
Тэгвэл та хоёрын нөхөрлөл цагийн шалгуурыг давжээ. Та түүнтэй “Rushmore”-оос “The French Dispatch” гэх мэт кино дээр нь хамтран ажилласан шүү дээ.
Бид маш сайн харилцаатай, би түүнийг анхнаасаа л халамжилж, анхаарч ирсэн. Одоо ч тэгж байгаа. Би түүнд дуртай, тэр миний найз.
Эх сурвалж: The Talks












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.