Абэ Шинзог хөнөөсөн гэж буруутгагдсан этгээд хэргээ хүлээжээ
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Яамагами Тэцүяагийн шүүх хурал мягмар гарагт /2025.10.28/ эхэлсэн. Улс төрийн хүчирхийлэл болон галт зэвсгийн хэрэг цөөн гардаг тус улсыг Абэгийн аллага цочирдуулсан юм. Мөн Өмнөд Солонгосын Нэгдлийн сүм болон Японы эрх баригч намын улстөрчдийн холбоог олон нийтийн анхааралд авчирсан.
Шүүх хурлын эхний өдөр Яамагами “Бүх зүйл үнэн” хэмээн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Хурал эхлэхээс өмнө тэр хэргээ хүлээх төлөвтэй байгаа гэж хэвлэлүүд мэдээлсэн. Гэхдээ түүний өмгөөлөгч зэвсгийн хяналтын хууль зөрчсөн гэх мэт зарим хэргийг эсэргүүцнэ гэдгээ мэдэгджээ.
Абэ Нэгдлийн сүмтэй холбоотой байсан тул Яамагами түүнд дургүйцдэг байсан юм. Яамагамигийн ээж итгэл бишрэлээ батлахын тулд Нэгдлийн сүмд 100 сая иен (одоогийн ханшаар 2.3 тэрбум төгрөг) хандивласан. Үүний улмаас гэр бүл нь санхүүгийн хүнд нөхцөл байдалд оржээ. Энэ жилийн эхээр Токио хотын шүүх Нэгдлийн сүмийн Япон дахь салбарыг татан буулгах тушаал гаргасан. Шүүх тус сүм нийгэмд урьд өмнө нь үзэгдээгүй хэмжээний хохирол учруулсан гэсэн юм.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.