43 настай эрэгтэй согтуурсан үедээ хамтран амьдрагчаа зодож, хөнөөжээ
Баянгол дүүрэгт 43 настай эрэгтэй хамтран амьдрагчтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэн маргалдаж, цээжин хэсэгт нь цохиж, хөнөөсөн хэрэг гарчээ.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүхийн шийдвэрийг тоймлон хүргэж байна.
Хэргийг гарсан өдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 19. 43 настай эрэгтэй хоёр жилийн өмнө танилцаж, жил гаруйн өмнө нэг гэртээ орсон хамтран амьдрагчтайгаа түрээсийн байрандаа архидан согтуурсан байна. Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хэвлий хэсэгт нь өшиглөх, нуруу руу цохих зэргээр зодсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Хохирогчийн биед цээж, хэвлийн хавсарсан гэмтэл, баруун талын олон хавирганы хугарал, өрц, элэг, нойр булчирхайн бяцрал, бөөрний өөхлөг, үүдэвч, нарийн гэдэсний чацархайн цус хуралт, хэвлийн хөндийд шингэн цус хуралт цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий олон тооны гэмтэл учирч, амиа алджээ.
Хэрэг үйлдсэн этгээд "Бид сүүлийн 2-3 сар хамт амьдраагүй. Маргалдчихсан байсан. Эвлэрье гэж бодоод 4 пиво аваад гадаа сааданд суугаад уусан. Сууж байхдаа талийгаач надад уурлаад чулуу шидэж эхэлсэн. Уурласан шалтгаан нь “хаагуур яваад байгаа юм, намайг тоосонгүй, надтай ярьсангүй, харьцсангүй, уулзсангүй” гэж хэлж байсан. Би талийгаачийг аргадаад эв зүгээ олоод гэртээ орохдоо хэдэн пиво аваад оръё гээд нийтдээ 10 гаран пиво аваад орсон. Би нойл орж ирээд буцаад суух хооронд талийгаач босоод гал зуухнаас хутга аваад ямар ч юм хэлэлгүйгээр хүрч ирээд намайг хутгалсан. Би юу болоод байгааг ойлгоогүй, босоод хутгатай гараас нь бариад цээжин хэсэг рүү нь цохисноо санаж байна" гэж мэдүүлсэн байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байна. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 118.800.000 төгрөгийг гаргуулж олгуулахыг заажээ.
О.УНДРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА МАНАЙХААН ИЙМ Л УЧРААС МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨН ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВГЭЭЛЭЭР ЭНЭ ИХ ХУРЛАА ЯАРАЛТАЙ ХИЙЖ ТЭРГҮҮНЭЭ СОНГОН НАМ БАЙГУУЛЖ 2028 ОНЫ СОНГУУЛЬД ҮНЭН ХҮЧИЙГ ҮЗЭХГҮЙ БОЛ ЭЗЭНГҮЙ ХЭДЭН АРХИЧИД ЭСВЭЛ ГУДАМЖИНД ЧАДРААД ШОРОНГООР ДҮҮРЛЭЭ.