НИЙГЭМ

Б.Орхонбаяр: Бид биеийн хүчээр дутуу ч хар ухаанаараа илүү байсан

“Physical Asia” шоуны сүүлийн дугаар өчигдөр /2025.11.18/ цацагдлаа. Манай улсын баг хоёрт орж, БНСУ-ын баг түрүүлэв. Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг улсын арслан Б.Орхонбаяр гүйцэтгэлээ.

Тэрбээр шоуны тухай,

“Хамгийн анх 2023 онд над руу холбогдсон. Манай Өсөх-Ирээдүй багш руу холбогдоод “Physical 100” Монголтой хамтрах гэж байна. Бид Б.Орхонбаярыг сонирхож байна. Оруулах хүсэлтэй байна” гэдэг хүсэлт тавьсан. Би тухайн үед “Алдар” спорт хороонд бэлтгэлтэй байсан учраас тэндээ цаг товлоод уулзсан. Түүнээс хойш жилийн дараа буюу 2024 оны наадам өнгөрөөд, намар нь дахиж холбогдоод “яг албан ёсны сонгон шалгаруулалт эхэллээ. Солонгосоос Netflix-ийн баг нь ирсэн. Уулзалтууд товлож байна, сонгон шалгаруулна” гэсэн. Ингэж уулзалтууд эхэлсэн.

Netflix-ийн том шоунд оролцох санал тавьж байгаа учраас Монгол Улсаа, үндэсний бөхийн спортоо төлөөлөн оролцож яагаад болохгүй гэж гэж бодсон. Дэлхийд үндэсний бөх гэж ийм спорт байгаа шүү гэдгийг харуулахыг хүссэн. 

Шоундаа зориулж бол бэлтгэл хийгээгүй. Өдөр тутамдаа бэлтгэл сайн хийдэг учраас тэр бэлтгэлээ сайн хангасан. Ямартай ч баг, багаараа өрсөлдөнө гэдэг ойлголт байсан учраас багаар ажиллах даалгаврууд түлхүү ирэх байх гэж дотроо бодсон. “Physical 100”-ийн нэг, хоёрдугаар бүлэг дээр ирсэн даалгаврууд ирэхгүй байх гэж бас бодсон. 

Ямар даалгавар ирэхийг урьдчилж мэдэхгүй учраас даалгавраа мэдээд маш богино хугацаанд сэтгэж, бодож, тактик боловсруулна. Багийнхаа ахлагч болчихсон учраас тодорхой хэмжээнд үүрэг хариуцлага илүү үүрсэн. 

Турк, Япон хоёртой өрсөлдсөн даалгавар дээр алдах эрх байгаагүй. Хожигдвол шууд хасагдахаар байсан. Тиймээс яаж ийгээд хоёрт орохын төлөө бүх хүчээ шавхсан. 

Манай монголчууд эрт дээр үеэсээ нүүдэлчин байсан. Холоос гэнэтхэн “идэж” юм хийдэг байсан шүү дээ. Яг түүнтэй адил ойлголцоход амархан байсан болов уу гэж бодоод байгаа. Ер нь биеийн хүчээр илүү гараагүй, дутуу байсан байх. Гэхдээ багийн нэгдэл, нэг нэгэндээ итгэх итгэл, тактик, хар ухаан нь арай илүү байсан болов уу. Бүх л даалгавар тэсвэр тэвчээр шалгаж байгаа шүү дээ. Тэр болгон дээр илүү тэсвэр тэвчээртэй учраас л тэсэж үлдэж байна гэсэн үг. Дэлхийн тамирчдаас нэг их дутаад байх зүйлгүй гэдгээ бид ойлгосон. Бүх талаараа үзвэл үзэхээр л юм байна гэж дотроо бодсон.

Эргэн тойронд 500 гаруй зураглаач, камер байсан байх. Тэр болгоны өмнө шантарвал шантрахаар үеүд байсан. Гэсэн ч камер руу харахаар л Монгол харагдаад яах аргагүй тэвчээр заасан даа. Жүдогийн Адъяа маань хүч, бяраар хань болсон. Эмэгтэй хүн ингэж тэвчээр зааж байхад би үүнээс илүү байх ёстой гэдэг байдлаар их урам зориг авч байсан. Тэмцээнд оролцсон бүх хүмүүстэйгээ ах, дүүс сайхан найзууд болсон. Сайхан дурсамж болж, сэтгэлд хоногшиж үлдлээ” гэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн байсан. Би лав сэтгэл зүйн бэлтгэлтэй эхний тэмцээнд хасагдсан ч яах вэ гэж бодогдож байсан. Оролцсон бүх орны хүмүүс бүгд л тус тусдаа өөрсдийн гэсэн давуу талтай айхтар мундаг хүмүүс байсан. Тэр нэг турк залуу манай циркчинг унаасай л гээд илт тэгээд байснаас өөр тийм айхтар сөрөг дүртэй хүн байгаагүй бүгд сайхан хүмүүс байсан. Тэр турк залууг ч гэсэн ойлгож байна. Зарим хүн ялахын тулд юу ч хийхээс буцдаггүй. Кинон дээр ч гардаг өрсөлдөгчөө шатнаас түлхэж унагаж өөрөө оронд нь ордогтой л төстэй санаа. Шууд биш ч гэсэн. Хүмүүсийн олон янзын байдлыг ойлгоно.

Холбоотой мэдээ

Back to top button