Монгол бөхийн өргөөнд өчигдөр болсон "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаанд хоёр сумын заан цолтон багтсан. Тэгвэл баруун талыг магнайлан барилдсан Улсын аварга О.Хангайг нэгийн даваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат сумын заан Д.Мөнхтулга өвдөг шороодуулсан. Түүнчлэн хоёрын даваанд Улсын арслан Э.Оюунболд, гурвын даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг дараалан өвдөг шороодуулж шуугиан тарьсан.
Том барилдаанд, том цолтнуудыг өвдөг шороодуулсан сумын заан Д.Мөнхтулга нь Улсын харцага М.Дармаабазарын хүү юм. Энэ жил 24 настай тэрбээр 2019 онд Завхан аймгийн Улиастай сумын наадамд түрүүлэн сумын заан цол авч байжээ. Мөн хоёр удаа сумын заан цолоо баталсан, шилдэг сумын заануудыг нэг юм. Тэрбээр Хилчин спорт хороо, Дохиолол, харуул хамгаалалтын Шинэ харцага ХХК, Завхан Даян дэвжээний бөхийн дэвжээний нэр дээр барилддаг байна.
Д.Мөнхтулга нь үндэсний бөхөөс гадна жүдо, самбо бөхөөр хичээллэдэг бөгөөд өнгөрсөн жилийн Самбо бөхийн улсын аварга болсон юм. Мөн Эрдэнэт хотод өнгөрсөн жил болсон буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн "УАШТ"-ний -100 кг жинд мөнгөн медаль хүртэж байжээ.
Түүнчлэн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагддаг сумын заан болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилддаг юм. Тэрбээр сумын заануудын барилдааны шөвөгтэй аж. Тэрчлэн Д.Мөнхтулга 16 насандаа үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга болж байжээ.
Д.Мөнхтулгын аав М.Дармаабазар нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат бөх. Мөн самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер ажээ. 1992 оны ардын хувьсгалын 71 жилийн ойн баяр наадамд улсын начин Ц.Улаанхүүгээр дөрөв, улсын начин П.Эрдэнэбаяраар тав, улсын заан Ж.Ганболдоор зургаа даван шөвгөрч Монгол улсын өсөх идэр начин цол хүртэж байжээ. Түүнчлэн ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын харцага цол хүртсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ УЛСЫН ДАЯАР ДУУРСАГДАХ ДАРХАН АВАРГА МӨНХТУЛГА ОДОО УДАХГҮЙ ШҮҮ ГӨЛӨГНҮҮДЭЭ