Хууль

Редакцын зурвас: Анхны Үндсэн хуульд "улсын дээд эрхийг ардад эдлүүлнэ" хэмээн тусгасан нь өнөөдөр ч хэвээр буй

Монголчууд энэ өдрийг үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Гэхдээ, хамгийн чухал буюу Монгол Улс анхны Үндсэн хуулиа батласан өдөр гэдгийг мартаж боломгүй.

Анхны Үндсэн хуулийн эх бичигт “Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээн тэмдэглэжээ.1924 оны 10-р сарын 24-нд Засгийн газар шийдвэр гаргаж, 7 хоногийн дотор шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаар 6 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж байсан юм.

1922 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ардын Засгийн газрын 39 дүгээр хурал тэрхүү комиссын ажилтай холбогдуулан тогтоол гаргахдаа “Үндсэн хуулийг ардын эрхт хэмжээт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохино" хэмээн бичжээ.

Зургийг албан сайтаас ашиглав

Уг ажлын хэсэг Зөвлөлт Орос Улс, АНУ, Япон, Бельги зэрэг улс орнуудын Үндсэн хуулиудыг орчуулж, судалж байсныг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндэслэлээр 1922 оны 12 дугаар сард татан буулгасан удаатай.

Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй бөгөөд хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн төрийн тогтолцоо, бүтцийг тодорхойлсон байдаг.

Анхдугаар Үндсэн хуулийн бичмэл эх

УИХ нь 30 гишүүнтэйгээр анх байгуулагдаж, 1925 онд тоог 45, 1998 онд 71, 1934 онд 99 гишүүнтэй бүрдүүлж байсан түүхтэй.

Тухайн үед анхны Үндсэн хуулиа ард олонд сурталчлан таниулах ажлуудыг эрчимтэй хийх нь нэн тэргүүний явдал байсан бөгөөд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов “Үнэн” сонинд Үндсэн хуулийн тухай өгүүлэл тогтмол бичиж нийтлүүлдэг байжээ.

Анхны Үндсэн хуулийн хамгийн гол ололт нь 6 бүлгийн 50 зүйл тус бүрийг уншиж, зүйл бүрээр нь санал хураалган батлаж байв.

Монгол Улс анхны Үндсэн хуулиа батласнаар төрийн байгууллагуудын бүтцийг нарийн тогтоож чадсан нь хожмоо дараа дараагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр сайжирсаар иржээ. 1924 оны энэ өдөр Ардын Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, Бүгд найрамдах байгууллагад шилжин орсон Ази тивийн анхны улс болсон.

Улс орны тусгаар тогтнол Үндсэн хуулиараа баталгаажиж, амин чанараараа бол тухайн улсын хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хамгаалахыг хуулиар бэхжүүлдэг онцлогтой.

Энэ хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийг 4 удаа сайжруулан, өөрчилсөн боловч "улсын дээд эрхийг ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт өнөөг хэр Үндсэн хуульд оршсоор буй.

Үндсэн хууль яаж ч өөрчлөгдөн шинэчлэгдлээ гэсэн "улсын эрх ард түмний гарт" гэсэн философи оршсоор байх билээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button