А хүрээний вирусийн H3N2 төрөл мутацид орж, дэлхий даяар тархаад байна. Бид энэ талаар юу мэдэх вэ
Инлфюенза А хүрээний вирусийн H3N2 төрөл мутацид орж дэлхий даяар тархаад байна. H3N2 дэд бүлэг K нэртэй тэрхүү вирусийн улмаас энэ жилийн томуугийн улирал хүндхэн өнгөрч магадгүй юм. Одоо тус вирусийн талаарх мэдээллийг харцгаая.
H3N2 "K" дэд бүлгийн томуу (Инлфюенза) гэж юу вэ?
Томуугийн вирус байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул ДЭМБ ямар төрлийн вирусүүд эргэлдэж байгааг анхааралтай хянадаг юм. Ямар төрлийн вирүснүүд эргэлдэж буйг хянаснаар жил бүрийн улирлын вакцинд вирусний аль төрлүүдийг оруулах талаар зөвлөмж гаргадаг. Зөвлөмж гаргахдаа гол анхаарах зүйл бол вирусийн гадаргуугийн уургууд юм. Ялангуяа вакцины гол бай болдог хемагглютинин (H) уурагт гарах генетикийн мутациуд юм. Томуугийн H3N2 эсвэл H5N1 гэх мэт нэршлийн "H" үсэг нь хемагглютинин уургийг илэрхийлдэг.
H3N2 бол олон арван жилийн турш хүмүүсийн дунд тархсан, улирлын чанартай томуугийн вирус боловч бусад А хүрээний томуугийн вирусийн нэгэн адил анх шувууны ханиаднаас үүсэлтэй юм. Энэ нь өнгөрсөн жилийн өвлийн улиралд H1N1 болон томуугийн В вирустэй зэрэгцэн хойд хагас бөмбөрцөгт тархсан гол вирусүүдийн нэг байсан. Тиймээс ч энэ жилийн улирлын вакцины найрлагад багтсан билээ.
Гол асуудал нь H3N2 дэд бүлэг K нь өнгөрсөн хоёрдугаар сард вакцины загвар болгон сонгосон дэд бүлэг J.2-оос ялгагдах хэмжээний мутацид орсон байгаа юм.

Их Британийн Глазгогийн Их Сургуулийн халдварт өвчин судлалын зөвлөх, доктор Антониа Хо "Одоо тархаж буй А хүрээний томуугийн (H3N2) вирус зуны турш долоон шинэ мутацид орсон нь энэ жилийн вакцинд багтсан томуугийн вирусээс нэлээд өөр болсныг харуулж байна.
Өмнөх халдвар болон вакцинжуулалтаас тогтсон дархлаанаас зугтахуйц хэмжээнд вирус өөрчлөгдсөн байж болзошгүй гэсэн үг" гэж тайлбарлажээ.
- Томуугийн вирусийн А болон Б хүрээний гэж ангилдаг. Энэ хоёрын ялгааг жагсаавал:
- А хүрээний томуу (Инфлюенза A)
- Хурдан хувьсдаг: Генетикийн бүтэц нь маш хурдан өөрчлөгддөг тул өргөн хүрээний дэгдэлт үүсгэх чадвартай шинэ төрлүүд байнга бий болдог.
- Эрт тархдаг: Томуугийн улирал эхлэхэд ихэвчлэн А хүрээний вирус хамгийн түрүүнд дэгддэг.
Цар тахал үүсгэдэг: Түүхэнд бүртгэгдсэн бүх томуугийн цар тахлыг цоо шинэ төрлийн, эрс өөрчлөгдсөн А хүрээний вирусүүд үүсгэж байжээ.
- В хүрээний томуу (Инфлюенза Б)
- Удаан өөрчлөгддөг: Энэ вирус нь генетикийн хувьд илүү тогтвортой бүтэцтэй.
- Хожуу илэрдэг: В хүрээний томуугийн тохиолдол ихэвчлэн өвлийн сүүл, хаврын эхэн саруудад оргил үедээ хүрдэг.
- Хүндрэх эрсдэлтэй: Хэдийгээр цар тахал үүсгэдэггүй ч В хүрээний томуу нь ялангуяа хүүхэд, залуучуудад хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх эрсдэлтэй байдаг.
Жил бүрийн томуугийн вакцинд энэ хоёр төрлийг хоёуланг нь багтаадаг юм. Ингэснээр аль болох өргөн хүрээний дархлаа үүсгэх ач холбогдолтой.
Тархалт хэр хурдан явагдаж байна вэ?
K дэд бүлэг нь дэлхийн өмнөд тал бөмбөрцгийн томуугийн улирлын төгсгөл үед үүссэн гэж эрдэмтэд үзэж байгаа. Их Британи, Японы эх сурвалжуудын мэдээллээс харахад ихэнх томуугийн сорьцод энэ хувилбар илэрчээ. Хойд Америкт шинэ тохиолдлын ихэнхийг К дэд бүлэг үүсгэж байна.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагийн (UKHSA) мэдээлснээр сүүлийн үед бүртгэгдсэн тохиолдлуудын 98 хувь нь А хүрээний томуу байгаа аж. Тэдгээрийн 84 орчим хувь нь H3N2 байна. Эдгээр H3N2 тохиолдлын 87 орчим хувь нь K дэд бүлэгт хамаарч байгаа аж.
Европын холбоонд мөн ихэнх тохиолдол H3N2 байгаа ч генийн дарааллыг тогтоох нарийвчилсан шинжилгээ хязгаарлагдмал байгаа тул хэдэн хувь нь K дэд бүлэгт хамаарч буй нь тодорхойгүй.
Томуугийн вакцин K дэд бүлгээс хамгаалах уу?
Их Британийн эх сурвалжууд мэдээлснээр H3N2-ын K дэд бүлгийн шинэ вирус нь энэ жилийн вакцинд багтсан төрлөөс өөрчлөгдсөн хэдий ч вакцин нь ихээхэн хэмжээний хамгаалалт үзүүлсэн хэвээр байна. Дархлаажуулсан үен дээр хийсэн лабораторийн туршилтаар вакцинаас үүссэн эсрэг биенүүд нь K дэд бүлгийг арай сул таньж байгаа нь ажиглагджээ.
Гэсэн хэдий ч эсрэг биетийн шинжилгээ нь вакцин биднийг хэрхэн хамгаалдгийн зөвхөн нэг талыг л харуулдаг. “UKHSA”-ийн явуулсан судалгаагаар 2025/2026 оны вакцин нь 2-17 насны хүүхдүүдийг эмнэлэгт хэвтэхээс 70-75 хувь, насанд хүрэгчдийг 30-40 хувь үр дүнтэй хамгаалж байгааг юм.
Томуугийн вакцины үр дүн улирал бүр харилцан адилгүй байдаг ч ихэвчлэн 30-60 хувь хооронд хэлбэлздэг. Уг вакцин бага насныхныг илүү сайн хамгаалдаг. Мөн вакцин хийлгэх нь хүндээр өвчлөх эрсдэлтэй бүлгийн хүмүүсийг ч хамгаалахад тусалдаг билээ. Тийм учраас улирлын вакциныг хийлгэх нь улирлын томуугийн халдвараас хамгаалах хамгийн үр дүнтэй арга болно.
Эх сурвалж: Gavi Alliance












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.