ГадаадНИЙГЭМ

БНСУ-ын компани 500 мянган вон хэмнэх гэж монгол залууг цахилгаанд цохиулан хоёр гаргүй болгожээ

БНСУ-ын нэгэн компани 500 мянган вон хэмнэх гэж, 22,000 вольтын цахилгаанд монгол залууг цохиулсан талаарх нийтлэл энэ сарын 17-нд Өмнөд Солонгосын “Hankyoreh” сонинд гарчээ.

Нийтлэлд хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангалгүй зааварчилгаа өгснөөр монгол ажилчин залуу хоёр гараа алдаж, зургаан жил эмчлүүлсэн. БНСУ-ын шүүхээс буруу зааварчилгаа өгсөн компанийг нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргасан ч Солонгос компани хохирлыг барагдуулаагүйгээс гадна хүнд бэртсэн монгол ажилтан залуугаас уучлалт ч гуйгаагүй талаар хохирогч ярьжээ.

Иймд БНСУ-д эрхээ ноцтой зөрчүүлж, хөдөлмөрийн чадвараа алдан эмнэлгээс салалгүй зургаан жил болж буй монгол залууд тохиолдсон явдал болон одоогийн нөхцөл байдлын талаар орчуулан хүргэе.


Монголын цагаач ажилчин О мөрнөөсөө гар хүртэл хоёр гараа алдсан. Тэр одоо зөвхөн амандаа бал зууж бичих үйлдэл л хийж чадна.

2012 онд Монголоос БНСУ-ыг зорьсон тэрбээр 180 см өндөр, сагсан бөмбөг тоглох дуртай байжээ. Тиймд Өмнөд Солонгост ажиллахын зэрэгцээ сагсан бөмбөгөө тоглож, монголд буцах өдрөө хүлээж байсан аж. Гэвч үйлдвэрийн ослын улмаас хоёр гараа тайруулж, сүүлийн зургаан жилийн хугацаанд 10 гаруй хагалгаа, олон тооны хүнд эмчилгээг даван туулж өдгөө нөхөн сэргээх эмчилгээнд явж буй түүний талаар Өмнөд Солонгосын сонин сурвалжлав.

Монгол залуу О нь өдгөө БНСУ-д эхнэр болон зургаа, гурван настай хоёр охины хамт амьдардаг. 13 жилийн өмнө Солонгос Улсыг зорьж кимчиний үйлдвэрээс ажлаа эхлүүлж байжээ. Тус газар ажиллахдаа хэлний чадвараа сайжруулж, хоёр ч өөр ажилд ажиллаж үзсэний дараа тэрбээр барилгын талбайд өдрийн цагийн ажил хийдэг болсон байна. Ингээд 2017 онд эхнэртэйгээ БНСУ-д танилцаж хамтын амьдралаа тус улсад эхлүүлжээ.


Солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг барилгын ажлыг туршлагатай монгол залуу О-д 2019 оны өвлийн эхээр ахлах ажилтан нь өөртэй нь хамтран S гэх компанийн нарны хавтан суурилуулах ажилд хамтрахыг санал болгосон байна.

Уг саналыг зөвшөөрснөөр тус оны 12-р сарын 22-нд, S компанид ажиллаж эхэлснээс хойш нэг сарын дараа монгол залуу О Кёнги мужийн Хвасон дахь үйлдвэрийн дээвэр дээр нарны хавтан суурилуулж байх явцдаа осолдсон аж.

Түүнд S компанийн гүйцэтгэх захирал болон талбайн багийн ахлагч нар нарны цахилгаан станцын утсыг цахилгааны шон руу холбохыг даалгажээ.

Энэ ажлыг хийх явцад цахилгааны шон руу цахилгаан дамжуулахыг зогсоох шаардлагатай байдаг байна. Ингэхийн тулд Солонгосын Цахилгаан Эрчим Хүчний Корпораци (KEPCO) нь цахилгааныг түр хугацаагаар зогсооно. Цахилгааныг зогсоох хүсэлт гаргасан хувь хүн, компани ойролцоогоор 500,000 воны төлбөр төлснөөр хязгаарлалтыг хийх байжээ. Гэсэн хэдий ч S компанийн гүйцэтгэх захирал болон ажлын байран дээрх багийн ахлагч 500,000 воныг хэмнэж, урт шонг тусгаарлагч туузаар ороож, цахилгаан таслах унтраалгыг цахилгаан дамжуулах шугамын трансформаторын дээр буулгах зааварчилгааг монгол ажилтанд өгсөн байна.

Харин ажилтан О нь цахилгааны ямар ч мэдлэггүй байсан тул хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдсан эсэх ойлголт авалгүй ахлах болон гүйцэтгэх захирлынхаа тушаасныг хийх явцдаа 22,900 вольтын өндөр хүчдэл цохиулсан байдаг.

Хоёр гар нь түлэгдэж биеэр нь хүчтэй гүйдэл гүйж байх явцад тэрбээр ухаантай хэвээр байсан бөгөөд маш их өвдөлт мэдэрсэн талаар сонинд ярьжээ.

Мөн түргэн тусламж цаг алдалгүй ирж түүнийг яаралтай нисдэг тэргээр эмнэлэгт хүргэх хэрэгтэй хэмээн шуурхай хөдөлж байх явцад монгол залууд зааварчилгаа өгсөн компанийн ахлах ажилтан болон захирал нь “зүгээр түргэн тусламжаар аваад явж болохгүй юм уу” хэмээгээд зогсож байсан талаар О яриандаа дурдсан байна.

Гэсэн ч О-гын биеийн байдлаас хамаарч түргэн тусламж яаралтай онгоцоор түүнийг тээвэрлэж Сөүлийн Ханганг Сакред Зүрхний эмнэлэгт шилжүүлсэн мэс заслыг эхлүүлсэн байдаг. Энэ үеэр монгол ажилтны таван сартай хүүхдээ хараад гэртээ сууж буй эхнэрт компаниас нь мэдэгдсэн бөгөөд “О бэртээд эмнэлэгт хүргэгдсэн. Хүнд бэртэл биш” гэж байжээ.


Энэ хагалгааны дараа О нь гурван сарын турш эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн бөгөөд эмнэлгийн ажилтнууд түүнийг амиа алдах эрсдэл өндөр байгаа талаар гэрийнхэнд нь анхааруулж байсан аж. Улмаар 10 гаруй мэс заслын дараа буюу осолд орсноос таван сарын дараа түүний биеийн байдал тогтворжсон байна.

Мөн ослын улмаас зөвхөн түүний гар гэмтээгүй. Өгзөгний эргэн тойрон дахь бүх мах нь алга болж, сфинктерийн булчингууд нь ажиллахаа больжээ. Иймд тэрбээр ослын дараа хоёр жилийн турш эмнэлэгт хэвтсэн аж. Одоо ч түүний эмчилгээ дуусаагүй. Өдөр бүр амбулаторийн эмчилгээнд ордог байна.

Энэ зургаан жилийн хугацаанд түүнээс маш их зардал гарсан ч ослын нөхөн төлбөр гэж ямар ч мөнгө аваагүй. Монгол ажилтан О-гын гэр бүл одоогоор амьжиргааны зардлаа БНСУ-аас хуулийн дагуу олгодог үйлдвэрлэлийн ослын нөхөн олговрын даатгалын тэтгэвэр (ажилтай холбоотой гэмтэл, өвчний улмаас ажиллах боломжгүй ажилчдад олгодог тэтгэмж)-ээр болгодог аж.

Энэ нь сард ойролцоогоор 4 сая вон. О-ын эмчилгээний сарын зардал 1 сая, долоо хонгийн унааны зардал 100,000 гаруй вон. Мөн сард 700,000 воны түрээс төлж, хоёр дахь охиныхоо цэцэрлэгт сард 350,000 вон төлдөг ам бүлийн хувьд энэ тэтгэмж нь бага мөнгө.

Тиймээс монгол цагаач гэр бүл БНСУ-ын шүүхэд хандсан байна. Учир нь монгол залуу О-д зааварчилгаа өгсөн багийн ахлагч түүнийг гэмтсэний дараа шууд бичгээр гэрээ байгуулж, "Огинагийн гэр бүлийнх нь төлөө насан туршдаа хариуцлага хүлээх болно" гэж амласан боловч түүнээс хойш нэг ч үзэгдэлгүй алга болжээ. Иймд хохирогч О нь S компани болон багийн ахлагчийн эсрэг иргэний хохирлын нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас болон эмчилгээний зардлаас болж 450 сая вон (ойролцоогоор 300,000 ам.доллар) нөхөн төлбөр авахыг шаардсан байна. Энэхүү зардал нь 30 настай О насан туршдаа гараа ашиглаж чадахгүй болсон болон эмнэлгийн болон сувилахуйн төлбөр аж.

Харин БНСУ-ын шүүх S компани болон багийн ахлагчийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн ч нэхэмжлэлийн дүнгийн талаас бага буюу ердөө 210 сая вон (ойролцоогоор 200,000 ам.доллар) ногдуулж шийдвэрлэсэн байна.

Учир нь шүүх хохирлыг тооцоолохдоо О-г удахгүй эх орноосоо гарч, Монголд амьдрах болно хэмээн үзэж, Монгол Улсын иргэн О-ын асрамж, нөхөн төлбөрийг Монголын дундаж өдрийн цалин болох 20,000 вонд тооцож шийдвэрлэжээ. Мөн шүүх ослын үед О нь бичиг баримтгүй цагаач ажилчин байсан гэдгийг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргажээ.

Гэвч шүүхээр шийдвэрлэсэн энэ нөхөн олговрыг ч БНСУ-ын S компани өгөөгүй байна. Ингэхдээ S компани "мөнгөгүй" гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч S компани ослын дараа төв байраа Кёнги мужийн Кванжугаас Кёнги мужийн Ансон руу нүүлгэн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь батлагдсан байна.

Мөн монгол залуу О-ын ослыг үүсгэсэн S компанийн гүйцэтгэх захирал болон ослын газарт байсан багийн ахлагч нар мөн эрүүгийн хариуцлага хүлээх шийдвэр гарсан. Тодруулбал, Тэд цагдаагийн мөрдөн байцаалтын явцад тэд үндэслэлгүй зааварчилгаа өгсөн, аюулгүйн хэрэгсэл өгөөгүй зэрэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, 2023 онд болгоомжгүй байдлаас болж хүн амины хэрэгт буруутгагдсан. 2024 оны арваннэгдүгээр сард S компанийн гүйцэтгэх захиралд зургаан сарын хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ял. Мөн багийн ахлагчид зургаан сарын хорих ял оноожээ.

Харин шүүхийн энэ шийдвэрийг хөдөлмөрийн чадваргүй болсон хохирогч О хэт хөнгөн гэж үзэж БНСУ-ын сонинд хандсан байна.

Эх сурвалж: Hankyoreh

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөгийн муусайн солонгос новшнуудад үйлийн үр нь очих байлгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button