Авлигын хэргээр шүүгдэж буй Нетаньяху ерөнхийлөгчөөсөө өршөөл хүслээ
Израилын Ерөнхий сайд Биньяин Нетаньяху авлигын хэргээр шүүгдэж байгаа. Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгч Исаак Херзогоос албан ёсоор өршөөл хүссэн байна. Нетаньяхугийн өмгөөлөгчид Ерөнхийлөгчийн тамгын газарт захидал илгээхдээ шүүх хурал нь түүний засаглах чадварт саад учруулж байгаа тул өршөөл үзүүлэх нь Израилд тустай гэжээ. Уг шүүх хурал түүнийг цагаатгаснаар дуусна гэж бодож буйгаа өмгөөлөгч нар нь илэрхийлсэн юм.
Нетаньяху богино хэмжээний бичлэгээр мэдэгдэл гаргахдаа “Миний өмгөөлөгчид улсын ерөнхийлөгч рүү өршөөл хүссэн захидал илгээсэн. Улс орны сайн сайхныг бодож буй хүн бүхэн энэ алхмыг дэмжинэ гэж найдаж байна” гэжээ. Өршөөл хүртэхийн тулд тухайн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой байдаг. Тав гаруй жилийн өмнө эхэлсэн шүүх хуралд Нетаньяху нэг ч удаа гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй юм. Израилын ерөнхий сайдаар хамгийн удаан хугацаанд ажиллаж буй тэрбээр өөрийнх нь эсрэг үүсгээд буй авлига, залилан, итгэлцэл зөрчсөн гэх хэргүүдийг үгүйсгэсэн байр суурь дээрээ бат зогсож буй.
Ерөнхийлөгч Херзогийн тамгын газар уг хүсэлтийг онцгой, чухал ач холбогдолтой гэж мэдэгдэл гаргажээ. Херзог холбогдох хүмүүсээс санал бодлыг нь сонссоны дараа хүсэлтийг хариуцлагатай, чин сэтгэлээсээ авч үзнэ гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард Херзог руу захидал илгээхдээ Нетаньяхуг өршөөхийг уриалсан байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.