Зүүн өмнөд Азийн орнуудад үерийн улмаас 900 хүн амь үрэгджээ
Зүүн өмнөд Азийн орнуудад хүчтэй үер буусны улмаас нас барсан хүний тоо 900 давжээ. Шри Ланка, Индонез, Тайландын эрх баригчид үерийн улмаас үүссэн нурангийг цэвэрлэж, сураггүй болсон олон зуун хүнийг олохоор ажиллаж байна.
Шри Ланка улсад Дитва хар салхины улмаас амь үрэгдсэн хүний тоо 334-т хүрч, Ерөнхийлөгч Анура Кумара Диссанаяке онц байдал зарласан. Тэрбээр Шри Ланкыг олон улсын дэмжлэгтэйгээр сэргээн босгохоо амласан байна. Диссанаяке “Бид түүхэн дэх хамгийн том, хамгийн хүнд байгалийн гамшигтай тулгараад байна. Мэдээжийн хэрэг бид өмнө нь байснаасаа илүү хүчирхэг улс бүтээх байгуулах болно” гэжээ.
Индонез улсын Суматра аралд 442 хүн нас барж, 402 хүн сураггүй алга болсон байна. Тайландад сүүлийн арван жилд үзэгдээгүй гамшигт үер бууж, 162 хүн нас баржээ. Тус улсын засгийн газраас хэрэгжүүлж буй тусламжийн арга хэмжээнд гэр бүлийн гишүүдээ алдсан өрхүүдэд нөхөн төлбөр олгох зэрэг зүйлс багтаж байгаа юм. Үерийн үед Тайландын засгийн газрын авсан арга хэмжээг олон нийт шүүмжлэх нь нэмэгдсэн тул орон нутгийн хоёр албан тушаалтныг ажлаас нь түдгэлзүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.