Гадаад мэдээДЭЛХИЙ

Хваса: Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч, одоо эергээр хүлээж авч чаддаг болсон

БНСУ-ын алдарт дуучин Хваса аравдугаар сард “Good Goodbye” нэртэй уран бүтээлээ гаргасан нь хит болоод буй. Тус уран бүтээл Өмнөд Солонгосын хөгжмийн чартуудын өдөр, долоо хоног, одоо цагийн жагсаалтыг тэргүүлж “Perfect All-Kill (PAK)” амжилтыг тогтоосон байна. Ингэснээр тэр PAK амжилтыг тогтоосон энэ жилий анхны эмэгтэй ганцаарчилсан уран бүтээлч болсон юм. Энэ жил Хвасагаас өөр IVE хамтлагийн “Rebel Heart”, G-Dragon-ийн “TOO BAD”, HUNTR/X хамтлагийн “Golden” уран бүтээлүүд PAK амжилт тогтоожээ.

Дуучин Хваса “Good Goodbye” уран бүтээл цацагдсаны дараа “Clash Music” сайтад ярилцлага өгсөн байна. Тус ярилцлагыг орчуулж хүргэе.

Та дөнгөж сая “Good Goodbye” дуугаа цацлаа. Өмнөх уран бүтээлүүдээ харахад, ийм төрлийн дуу гаргах нь танд хэр ойр санагдсан бэ, эсвэл шинэ төрлийн сорилт байв уу?

Гарцаагүй шинэ төрлийн сорилт байсан. Би ихэвчлэн хүчтэй, тэсрэлттэй уран бүтээлүүдээр танигдсан болохоор ийм уянгалаг, сэтгэл хөдөлгөм дуу бүтээх нь цоо шинэ мэдрэмж байлаа. Сандарч байсан ч гэсэн үнэхээр сайхан догдолсон мэдрэмж төрсөн.

Энэ дуу нь хагацлыг зөөлнөөр хүлээж авч байгаа юм шиг сэдэвтэй санагдсан. Уур хилэн гэхээсээ илүү ойлголцол, энэрэнгүй тал руугаа ч юм уу. Яагаад энэ мэдрэмжийг ингэж илэрхийлэхийг хүссэн бэ?

Хагацал ч гэсэн хайртай ижил мэдрэгддэг гэж би боддог. Яг л бүх биеэрээ мэдэрдэг шүү дээ. Энэ дуу маань хайртай хүнээ тавьж явуулах зориг, мөн түүнийхээ төлөө сайн сайхныг хүсэх тухай. Зарим хүмүүс энэ дууг ойлгох байх, зарим нь ойлгохгүй ч байж магадгүй. Гэхдээ ойлгохгүй байгаа хүмүүсийг хэзээ нэгэн цагт энэ мэдрэмжийг мэдрээсэй гэж хүсэж байна.

Ийм өнцгөөс хардаг болоход таны хувийн туршлага нөлөөлсөн болов уу?

Тэгэлгүй яах вэ. Сайн хагацлын тухай сэдэв дуу хөгжимд тийм ч түгээмэл биш байдаг. Энэ нь хайр дурлал эсвэл нөхөрлөлийн аль алинд нь хамаатай. Ийм зүйлийг биеэрээ туулсан маань намайг хувь хүний хувьд өсөж дэвжихэд, дотоод мөн чанараа бэхжүүлэхэд маш их тусалсан. Хагацаж салах үргэлж хэцүү байдаг ч одоо би үүнийг эергээр хүлээж авч чаддаг болсон.

Энэ удаад та уран бүтээлдээ утастай хөгжим ашиглахаар шийдсэн байна. Яагаад Duomo-той хамтрахаар сонгосон бэ?

Би анх “Bridgerton” цувралын дуунуудаар дамжуулж Duomo-г мэддэг болсон. Амарч байхдаа би тайвшрахын тулд дуу гэхээсээ илүү ая сонсох дуртай л даа. Энэ дуугаа хийж байхдаа Duomo аяыг нь зохиовол үнэхээр сайхан болно гэж бодсон. Тэгээд компанидаа хэлж холбогдтол, аз болоход Duomo яг л миний төсөөлж байснаар аяыг найруулж өгсөн. Дууны аяыг анх сонсоод би уйлсан шүү. Duomo ч бас гайхалтай төсөл байлаа, дахин хамтарч ажиллана гэж найдаж байна гэсэн. Хувь хүнийхээ хувьд би амарч байхдаа “Bridgerton”-ы хөгжим, ая сонсох дуртай болохоор түүнтэй хамтран ажиллах үнэхээр онцгой санагдсан.

Дууны клип зүүд мөрөөдөл шиг, яг л дурсамжийн тэмдэглэл эсвэл ил захидал уншиж байгаа мэт дүрслэлтэй байсан. Клипэнд таны харуулахыг зорьсон тусгай дүр зураг, сэтгэл хөдөлгөм мөчүүд байсан уу?

Хагацах цаг ирэхэд, хамгийн хэцүү мөчүүд ч дурсамжид сайхнаар үлддэг. Би клипэндээ яг л үүнийг, ямар ч хорсол гомдолгүй зөвхөн гоо үзэсгэлэнг харуулахыг хүссэн. Хүмүүст инээмсэглэл бэлэглэх, далд утгаар ч болов хайрыг мэдрүүлэх дүр зургуудыг шингээхийг зорьсон.

Эмзэг байдлаа харуулахын тухайд, энэ дуугаараа дамжуулж тэр талаа нээх нь танд хэр чухал байсан бэ?

Дуу хөгжмийн хувьд би ихэвчлэн цоглог эсвэл дур булаам дүр төрхийг харуулдаг байсан. Харин энэ удаад сул дорой биш, харин илүү нандин, эмзэг талаа харуулахыг хүссэн юм. Эмзэг байдлаа харуулна гэдэг нь зориг шаарддаг ч энэ байдлаараа дамжуулж хүч чадлыг мэдрүүлэхийг зорьсон. Энэ дуунд би зүгээр нэг Хваса гэхээсээ илүү өөрийн дотоод мөн чанар болох Ан Хэжинийг харуулж байгаа. Сул дорой байдалд ч дотоод хүч чадал оршиж байдаг.

Хэцүү үед таны хийсэн уран бүтээлүүд тусалдаг гэж таны шүтэн бишрэгчид их хэлдэг. Магадгүй Good Goodbye дуугаар анхны хагацлаа мэдэрч буй сонсогчид байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэдэнд ямар мессеж хүргэхийг хүсэж байна вэ?

Хагацал нь сөрөг мэдрэмжүүд төрүүлдэг. Гэхдээ тэр мэдрэмжүүдийг үл тоож болохгүй. Хэрвээ та хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрласан бол түүнийг дэмжих нь хайрын нэг хэсэг юм. Энэ дуу фенүүдийг гунигтай байсан ч хамаагүй сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдэрч, хайрлаж байсан хүнээ дэмжээрэй гэж уриалж байгаа юм.

Зургийн эх сурвалж: WTYE

Сонсогчид Good Goodbye-г анх сонсохдоо юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

Сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ дуу таныг уйлуулж магадгүй ч, нөгөө талаараа хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм байх болно. Гунигтай ч гэсэн бүжиглэмээр санагдана. Амьдрал гэдэг чинь ийм шүү дээ. Би хүмүүсийг бүх сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн мэдрэнгээ тав тухтай байгаасай гэж хүсэж байна.

Хөгжмөөс гадуур, аливаа зүйлийн төгсгөл эсвэл шинэ эхлэлийг сэтгэл санааны хувьд хэрхэн даван туулдаг вэ?

Үнэнийг хэлэхэд, би хэт их бодож төлөвлөлгүйгээр зүгээр л урсгалаараа явдаг. Хэт их бодлогошроод байвал юм хийж чадахгүй учраас зөнгөөрөө шийдэх нь урагшлах хамгийн зөв арга гэж би боддог.

Цаашдаа туршиж үзээгүй ч, оролдоод үзэхийг хүсэж байгаа хөгжмийн урсгал чиглэл бий юу?

Латин хөгжмийг би бүрэн судалж үзэж байгаагүй. Яг тултал нь хийж үзэх боломж олдвол сайхан л байна. Латин хөгжим миний хэв маягт тохирох болохоор олон хүн намайг аль хэдийн туршаад үзчихсэн гэж боддог байх, гэхдээ үгүй ээ. Хэзээ нэгэн цагт туршиж үзвэл үнэхээр сэтгэл хөдөлгөм байх болов уу.

Фенүүд тань танд хүч өгдөг гэж та хэлж байсан. Шүтэн бишрэгчидтэйгээ, ялангуяа гадаадад байгаа фенүүдтэйгээ хэрхэн холбогддог вэ?

Би англиар сайн ярьдаггүй ч хөгжим хэл хамаарахгүй сэтгэлд хүрж чаддаг. Миний хувьд харцаар харилцах нь үгнээс илүү чухал. Мөн биеийн хэлэмж ч бас чухал.

Таны үзүүлбэрүүд тачаангуй, хөгжилтэй бас илэн далангүй байдлын хил зааг дээр байдаг. Энэ тэнцвэрийг зориуд барьдаг уу, эсвэл цаанаасаа ийм байдаг уу?

Цаанаасаа л гарч ирдэг зүйл. Дур татам байдал надад маш чухал, би үнэхээр дуртай. Хэн нэгнийг тачаангуй гэж дуудах нь том магтаал гэж би боддог. Миний хувьд энэ нь хэт задгай эсвэл бүдүүлэг байхаас илүүтэй, сайхан бөгөөд байгаагаараа байх тухай юм.

Карьерынхаа энэ үе шатанд та амжилтыг юу гэж харж байна вэ?

Наснаасаа шалтгаалах байх л даа, гэхдээ миний хувьд амжилт гэдэг нь талархал. Энгийн зүйлсээс таашаал авч, фенүүдийнхээ хайр, ажлынхаа өгч буй туршлагад талархах явдал. Өсөлт хөгжил ба талархал, энэ л миний хувьд амжилт.

Эх сурвалж: Clash Music

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button