НИЙГЭМНийгэм мэдээ

Цахим хичээл: “Google meet”, “Zoom”-рүү нэвтэрч чадалгүй хичээлийн цаг дуусаж байна

Даваа гарагаас эхлэн бага ангийн сурагчдын цахим хичээл эхэлсэн. Цахим хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдүүд зарим нь эмээ, өвөөгийнхөө гэрт эсвэл ах эгчийгээ иртэл ганцаар өнжиж, зарим нь бүр харах хүнгүй цоожтой хаалганы ард үлджээ. Цоожтой хаалганы цаана үлдсэн сурагчийн цахим хичээл хэр зэрэг үр дүнтэй байгаа талаар эцэг эхчүүдтэй холбогдон ярилцлаа.

"Дэлхий нийтээр хөл хорио тогтоох үеэр бид цахимаар ажиллаж, хичээллэж багагүй туршлага хуримтлуулсан. Гэхдээ зөвхөн томчууд л суралцсан байх. Бага ангийн хүүхдүүдийн хувьд цахим хичээлийнхээ учрыг олохгүй төөрч, будилсаар цахим хичээлээ хийсэн хийгээгүй хоёрын дунд байгаа" гэж ярих түүнийг С.Оюуннаран гэдэг.

Тэрбээр таван хүүхэдтэй бөгөөд нэгдүгээр ангийн хоёр ихэр хүү, гуравдугаар ангийн охин, тавдугаар ангид суралцдаг хоёр ихэр охинтой. Түүний нөхөр 14 хоногийн ээлжийн ажилтай, харин өөрөө төрийн албан хаагч. Цахим хичээл эхлэхтэй зэрэгцэн түүний нөхрийн ажил эхэлжээ. Ийнхүү таван хүүхдээ хажуу хөршүүддээ захиж, үлдээсээр ажилдаа явдаг түүнтэй ярилцав.

Түүний хүсэлтээр бид ямар нэгэн фото зураг болон дүрс бичлэг хийгээгүй. Зөвхөн гар утсаар харилцан ярилцсан юм.

-Таван хүүхэд нь хичээлээ хэрхэн хийж байна вэ?

-Тавдугаар ангийн хоёр охиныхоо гар утсыг энэ намар арай дээшлүүлж, сайжруулсан. Байнгийн холбоотой байх гээд л тэр. Таван хүүхдээ өглөө гэртээ үлдээгээд гарахдаа санаа зовнил дүүрэн л гардаг. Аль болох "хичээлээ хийгээрэй, хичээлүүдийг нь хийлгээрэй" гэж хэлсээр гарна. Хоёр том охины утсаар л ээлж дарааллаараа хичээлээ үздэг. Гэхдээ хүүхдүүд л болсон хойно "google meet-ээсээ хоцорчихлоо" л гэдэг. Учраа олохгүй нэлээн юм болдог. Нэг сайн сураад авлаа гэхээр маргааш нь ахиад өөр бичиг гараад ирнэ. "Энийг яах вэ, тэрийг яах вэ" гэж ээж, аав хоёр лугаа ээлжилж залгасаар өнөө хичээлийнх нь хугацаа дуусчихна. Аав нь ажил багатай үедээ байнга ярьдаг. Харин би зав зай гаргаж л ажлынхаа дундуур ярина.

-Ерөнхийдөө цахим хичээл үр дүнтэй байж чадаж байна уу?

-2021 онд дэлхий нийтээр хөл хорио тогтоох үеэр бид цахимаар ажиллаж, хичээллэж багагүй туршлага хуримтлуулсан. Гэхдээ зөвхөн томчууд л суралцсан байх. Бага ангийн хүүхдүүдийн хувьд цахим хичээлийнхээ учрыг олохгүй төөрч, будилсаар цахим хичээлээ хийсэн хийгээгүй хоёрын дунд байгаа. Багш нар нь ч гэсэн тэр энэ гээд олон хүүхэд нэг бүр лүү анхаарлаа хандуулж чадахгүй "хүүе, тэрээ, энээ" гэсээр л хичээлээ дуусгадаг. Тэгэхээр ер нь үр дүн муутай л болж таараад байна.

Нэгдүгээр ангийн хоёр хүү маань одоо "р,х,в" үсгийн авиа болон "р,с,м" үсэгтэй үг уншиж, бичих дадлага ажил хийдэг. Гурван эгч нь л нэг нэгээр нь салгаж суулгаж байгаад хичээлийг нь хийлгэдэг. Гэсэн хэдий ч багш шиг нь заахгүй учир нэлээдгүй л уйлаантай өнжсөн талаараа ярина. Тарж ирээд хүүхдүүдийнхээ хичээлийг аль болох л шалгадаг. Гэхдээ л сайн анхаарал тавьж чаддаггүй. Ажлаа тараад, харих гэж түгжирнэ арай гэж очоод хоолоо хийхийнхээ хажуугаар хичээлийг нь шалгасаар нэг мэдэхэд бүр орой болчихно. Ер нь л аав байхгүй цахим хичээлтэй өдрүүд ингэж л өнгөрдөг. Хүмүүс намайг муу хэлэх байх даа. Гэхдээ бодит үнэн ийм л байна.

-Танхимаар хичээллэдэг байх үедээ хүүхдүүдээ хэрхэн хичээлд нь авч, зөөж явуулдаг байсан бэ?

-Өглөө бүгдийг нь аваад гарна. Өдөр тарахад нь хамаатны дүүгээрээ "өдөр өнжүүлэхэд" хүргүүлнэ. Тэгээд л орой тараад очиж авна. Хоёр том охин дүү нараа гэрлүгээ аваад явна. Хоёр охин өөрсдөө хэдий дүү нараа аваад харьж чадна гэдэг ч хэцүү шүү дээ.

-Одоо өдөр өнжүүлэхэд нь өгөх боломжгүй юу?

-Цахим долоо хоногоор багш нар нь амарна гэсэн. Тэгсэн ч олон хүүхдүүдийн цахим хичээлийг нэг бүрчлэн хийлгэхээс эхлээд асуудал их байдаг байлгүй дээ.

-Та сая тавдугаар ангийн хоёр охин дүү нарынхаа хичээлийг хийлгэдэг гэсэн. Хоёр том охид нь өөрсдөө хэр их хичээлдээ анхаарал хандуулж байна вэ?

-Хоёр охин телевизээр үзнэ. Бас утсаараа үзнэ. Гэхдээ төсөөлөөд үз дээ. Нэг гэрт байгаа таван хүүхэд тавуулаа цахим хичээлтэй. Үндсэндээ гурван өөр ангийн таван хүүхэд. Онлайн хичээл нь зэрэгцвэл аль нэг нь орж чадахгүй. Гэлээ гээд бид бүх хүүхдүүддээ утас авч өгөөд байж чадахгүй шүү дээ.

-Багш нар аравдугаар сард бие даалтын долоо хоногоос эхлээд бараг 21 хоног ажил хаясан. Хүүхдүүд гэрээ цахимаар, теле хичээлээ үзсэн. Тэр үед ч бас ийм байсан уу. Хүүхдүүдийнх нь хичээл хоцрогдсон уу?

-Нэгдүгээр ангийн хоёр хүү, гуравдугаар ангийн охин маань дэргэдээ харгалзах том хүнтэйгээр хичээллэхгүй бол төвлөрч чаддаггүй. Тэгэхээр хичээлээ тийм ч сайн хийдэггүй. Хоцрогдолыг нь арилгах гээд хэрэндээ л хичээдэг. Гэхдээ шууд л өргөс авсан мэт хоцрогдлоосоо сална гэж байхгүй шүү дээ.

Бидний яриа энэ хүрээд дуусав. Түүний хувьд таван хүүхэд дунд хоёр гар утас байгаа ч аль нэг нь цахим хичээлдээ орох боломжгүй байдаг. Хичээлүүд нь давхацдаг, Google meet-рүүгээ орох гэсээр байгаад хичээлдээ оролцож чаддаггүй талаар ярив. Мөн нэгдүгээр ангийн хоёр хүү болон гуравдугаар ангийн охин нь хичээлийн хоцрогдолтой талаар бидэнд хуваалцлаа.

Үргэлжлүүлэн бид Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо, "Толгойт"-д гурван хүүхдийн хамт амьдардаг С.Баяртулгатай ярилцлаа. Тэрбээр, видео ярилцлага болон хүүхдүүдийнхээ зургийг ил гаргахаас татгалзсан юм. Ийнхүү түүний яриаг хураагуурт хураан авсан юм.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд нь хэддүгээр анги вэ?

-Гурван хүүхэдтэй. Том нь наймдугаар анги дундах нь дөрөвдүгээр анги бага нь энэ намар нэгдүгээр ангид орсон.

-Тэгэхээр хоёр бага нь цахимаар хичээллэж байгаа юм байна. Хүүхдүүдийнх хичээл хэр байна вэ?

-Гэр бүлийн маань хүн эмнэлэгт байгаа. Ах нь мужаан хүн л дээ. Олон жил нэг ахынхаа модны цехэд ажиллаж байгаа. Хүүхдүүдээ харж, эхнэртээ хоол унд зөөх гээд чөлөө авчихсан. Том нь сургуульдаа явчихна. Хоёр багийгаа харж үлдэнэ. Цахим хичээлд орох гэж нэлээн хөгтэй л байна даа. Манайд суурин интернэт байхгүй. Гар утсандаа дата авдаг. Мобикомоос дата аваад л дуусчих юм. Янз янзын юм их үзээд, хурдан дуусдаг юм байлгүй дээ.

-Хоёр бага хүүхдийнх нь хичээл "google meet, zoom-ээр" орж байна уу?

-Zoom гээд аппликейшн татсан. Эхний өдөр орох гэж мунгинасаар байгаад хичээлийг нь дуусгасан. Хоёр бага хүүгийн хичээл нэг цагийн зайтай орж байгаа болохоор тун сандруу л хичээлдээ орж байна. Дунд хүүгийн ангийн хүүхдүүд хичээлдээ орох гэж цуварсаар 40 гаруй минут болсон. Бага хүүгийн хичээл эхлэх болоод дунднь хичээлийнхээ дундаас гарсан. Дараа нь, даалгавраа хийх гэж утсаа булаалцалдаад таарч байна.

-Та тэгэхээр бараг анхны удаа хүүхдүүдийнхээ цахим хичээлийг хийлгэж байгаа юм байна тийм үү?

-Тийм ээ. Өмнө нь дандаа л ажилтай байсан. Ах нь ямар айхтар утас мэдэх биш. Хүүхдүүдийн хичээлд миний утас ч гологдох шинжтэй. Нэгийг нь хичээлд нь оруулах гэж будилж байтал нөгөөхийнх нь хичээл болоод ёстой сандарч уймарсаар таарлаа. Ямартай ч ах нь зурагтаар хичээлээ үзэж байгаа. Одоо ч тэгээд хоёр, гурав хоноод амралтын өдөр боллоо. Ирэх нэг дэхь өдрөөс буцаад хэвийн хичээллэнэ гэсэн. Ахынх нь энэ уймралт нэг их удаан үргэлжлэхгүй юм байна.

-Аравдугаар сард багш нар нэлээн удаан ажил хаясан. Хүүхдүүд нь хичээлээсээ хоцров уу, хэр байна вэ?

-Эхнэр байсан учраас гайгүй дээ. Гэхдээ өнгөрсөн сард бага хүү айхтар халуурч, ханиад хүрээд хичээлээсээ чөлөө авсан. Тэр үеэр ангийнхан нь түрүүлээд хоёр үсэг үзсэн гэнэ лээ. Тэрнээс л нэлээн хоцорсон байх. Ээжийн эзгүйд бид дөрөв гэрээ сайн сахих гэж үзээд л байна. Гэхдээ л цахим хичээлийг бол ойлгохгүй байсаар л дуусгах нь ээ.

Олон нийтийн сүлжээнд эцэг эхчүүд цахим хичээлийн талаар санал бодлоо илэрхийлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button