Нийгэм ярилцлага

Компанийнхаа нар, сар, од Э.Амаржаргал: Ээлжийн амралтаа дуусгаж тэсдэггүй, байхгүй нэг хоносон ч санаад араас залгадаг

“Ээлжийн амралтаа дуусахыг хүлээж тэсэлгүй зургаа хоногийн өмнө ажилдаа хүрээд ирсэн. Намайг нэг өдөр чөлөө авсан ч араас залгаад, “санаад байна” гэдэг ийм хамт олонтой учирсандаа баярладаг. Чи бол манай байгууллагын нар нь шүү, од нь шүү. Чамайг байхгүй бол энэ үйлдвэр гунигтай гээд л хөөргөнө” хэмээн сэтгэл дүүрэн ярих энэ эмэгтэй бол Э.Амаржаргал.

Тэр олон хүнтэй мөр зэрэгцэн ажиллахыг хүсэж бас мөрөөддөг байснаа хэлж байна. Түүнийг одой учраас ажилд авахгүй гэх байгууллага ч таарчээ. Тодруулбал, Э.Амаржаргал үүний өмнө хоёр ч газар ажилд орох хүсэлт өгч, харамсалтай нь татгалзсан хариу сонссон аж. Харин “Монгол Тайж Металл” компани өнгөрсөн онд ажилд авч, түүнийг бүх талаар дэмжин ажиллуулж байна.

Тэрбээр, “Би өөрөө тусгаарлагдаад байх дургүй. Бид ялгаагүй хүн шүү дээ. Жаахан л намхан. Хүрч чадахгүй зүйл байвал өөрөө тэмцэж, хүрээд авахыг хүсдэг. Хэтэрхий санаа тавих, өмнүүр орох тийм ч таатай санагддаггүй. Хүн л бол хүн. Тиймээс намайг бусадтай адилхан найзаа, дүүгээ гэж хүлээж аваарай гэдэг” гэлээ.

-Биднийг харагдах байдлаар нь биш чадвараар нь дүгнэдэг байгаасай-

-Ажилд орохоор хоёр ч компанид хандаад аваагүй гэж дуулсан. Энэ компани харин таныг ажилд авчээ. Энд хэр удаан ажиллаж байна?

-Бидэн шиг хүмүүс ажилд ороход хэцүү. Энд орохоос өмнө хоёр байгууллагад анкет өгсөн. “CU” компани дуудаад "манайх одой хүн авахгүй" гэж хэлсэн. Лавлаад яасан гэнэ ээ гээд гэтэл "одой хүн авахгүй ээ" гэсэн. Мэдээж хямарсан л даа. Дараа нь манай дүү "Ботаникт байдаг "Пицца хат"-д анкет бөглөчих. Би ийм нэг эгч байдаг гэж хэлээд аль хийх боломжтой ажилд нь оруулаад өгье" гэсэн. Гэхдээ над руу залгахгүй, шийдвэр нь гарахгүй удсан болохоор юутай ч өөр ажил хайж л байгаарай гэж дүү маань зөвлөсөн юм. 

Тэгээд л энэ ажлын зарыг халамжаар дамжуулж олсон. "Монгол Тайж Металл" компани бүртгэлийн ажилтан авна гэдэг зарын дагуу ээж маань “манай нэг ийм хүүхэд байгаа юм аа” гээд ярьсан. Компанийн зүгээс бичиг үсэг тайлагдсан л байвал болно гэдэг хариу өгсөн. Ингээд л менежертэйгээ ирж уулзсан даа. Намайг маш гоёор хүлээж аваад, 10 хоногийн дараа ажилдаа шууд орсон. 

-Хамт олон нь хэрхэн хүлээж авав?

-Ажлынхан маань сайхан хүлээж авсан. Маш их халамжилж, зааж зөвлөж, анхаарал тавьцгаадаг. Байхгүй, нэг хоног амарсан үед хүртэл яасан бэ, юу хийж амарч байна гээд залгадаг. 

Сая ээлжийн амралтаа аваад тэсэлгүй зургаа хоногийн өмнө ажилдаа орчихсон. Амралт эхлэхэд 20 хоног шүү. Гэхдээ хоногоо хуваагаад дараа нь амарсан ч болно гэсэн болохоор хүрээд ирсэн. Гэрт байх хэцүү юм байна, ер нь ажилдаа явъя гэсэн ээж бүр гайхаад үлдсэн. 

Би өөрөө тусгаарлагдаад байх дургүй. Бид ялгаагүй хүн шүү дээ. Жаахан л намхан. Хүрч чадахгүй зүйл байвал өөрөө тэмцэж, хүрээд авахыг хүсдэг. Хэтэрхий санаа тавих, өмнүүр орох тийм ч таатай санагддаггүй. Хүн л бол хүн. Тиймээс намайг бусадтай адилхан найзаа, дүүгээ гэж хүлээж аваарай гэдэг. Яг чам шиг, тийм хүн гэхэд үнэхээр дургүй ээ.

-Ажлынханы хандлага их таалагдлаа?

-Оффисынхон, үйлдвэрийнхэн гээд бүгд л хүндэлдэг. Хөгшин настай хүн орж ирсэн аятай л байцгаадаг. Нөгөө Амараа чинь ороод ирнэ. Өрөөг нь цэвэрхэн байлгахгүй бол болохгүй шүү, уурлана гээд бөөн юм болно. Энэ мэтчилэн хөөрхөн, хөөрхөн зүйл их ярина аа. 

Над шиг хүмүүс аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, даасан ажлаа маш сайн хийдэг. Тиймээс харагдах байдлаар нь биш чадвараар нь дүгнэдэг байгаасай гэж хүсдэг юм. Манай компани бол надад итгэсэн. Хийж чаддаг юм байна, хийж чадахаар байна гэдгийг маань харж ажилд авсан. Харагдах байдлаар минь өнгөц дүгнээгүйд баярладаг.

-Танд зориулж ажлын хувцас хүртэл оёулжээ?

-Харин тийм, хөөрхөн байгаа биз дээ. Бас зориулалтын хөлийн тавиур хүртэл тавьж өгсөн. Гараа угаахдаа гишгээрэй гээд угаалтуурын хажууд бас нэгийг тавьсан. Хувцас энэ тэр харчхаад баавгай шиг, хүүхэлдэй шиг гэж өхөөрдөнө. Зарим нь чи энэ ажлаас гарахгүй биз дээ, битгий гараарай. Чи манай компанийн од нь шүү, нар нь шүү. Чи байхгүй бол энэ үйлдвэр уйтгартай гээд л бас их хөөргөнө өө. Нэг хоног чөлөө авсан ч санаад гээд араас залгадаг. Ер нь ажил хийхэд ямар ажил вэ гэдгээс үл хамаараад хамт олон л чухал юм байна. Хандлага, уур амьсгал сайхан бол хэн ажилдаа дургүй байх вэ дээ. Би ч энэ их сэтгэлийнх нь хариуд баярлаж, талархсанаа үгээрээ, үйлдлээрээ аль болох илэрхийлэхийг хичээдэг.

-Хүрээллээ тэлье, нийгэмшье, олон хүнтэй ажиллаж үзье гэдэг хүсэл маань биелээд жил гурван сар болж байна-

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Кино урлагийн дээд сургуулийг нүүр хувиргагчаар төгссөн. Хүүхэд маань нялх байсан учраас мэргэжлийн ажлаа хийж чадаагүй ээ. Ой найман сар хүргээд сормуус хийдэг ажилд орсон. Эхний жил хотод ажилласан ч гэр Налайхт болохоор нэлээн ядарсан. Тэгээд гэртэйгээ ойр ажиллая гээд Налайхтаа хэсэг ажилласан. 

-Ажлаа солих болсон шалтгаан сонин байна?

-Хүрээллээ тэлье, нийгэмшье, олон хүнтэй ажиллаж үзье гэж хүсдэг байсан. Энэ хүсэл маань биелээд нэг жил гурван сар болж байна. 

-Сормуус хийдэг газрууд нь тийм цөөн хүнтэй байсан юм уу?

-Эхний газар нь зургаа. Дараагийн газар маань дөрвөн л хүнтэй байсан. 

-Уйтгартай санагддаг байж ээ дээ?

-Өрөө өрөөндөө тус тусынхаа л ажлыг хийдэг байсан юм. Би өөрөө хүнтэй ярилцах их дуртай. Хөөрхөн, хөөрхөн, янз, янзын юм их ярина аа. Хүмүүсийг хөөргөөд, инээлгээд л. Ээж “манай нөгөө хөгжилтэй юм чинь ирж байна шүү, одоо бүх юмаа ярина” гээд тэгдэг. Ажлынхан миний өрөө рүү ирэх дуртай. Би ч өөрөө олон хүн бужигнасан, инээсэн, гоё халуун дулаан уур амьсгал дунд байх дуртай.

Мөн над шиг хэр нь ажилгүй олон хүн байгаа болохоор өөрөөрөө дамжуулаад энэ хүмүүсийг харагдах байдлаар бүү дүгнээч ээ, чадварыг нь олж хараач ээ, нээгээч ээ. Хэрэв тэгж харж чадвал ямар нөөц, боломж байгааг мэдэх болно гэдэг санааг өгөхийг зорьдог. 

-Жирэмсэн болоод их айсан. Түүнээсээ болоод хүүхдээ долоон сартайд нь хяналтад орсон-

-Ярианы эхэнд хүүхэдтэй болсон гэж дурдсан. Одоо хэдэн настай вэ. Анх ээж болсон тэр мэдрэмжийг яриулмаар байна?

-Жирэмсэн болоод эхэн үедээ айсан. Айх мэдрэмжээсээ болоод ч тэр юм уу долоон сартайдаа хяналтад орсон. Өрхийн эмч маань хүрээд ирээч гээд. Ээж явъя л даа миний охин гэж гуйгаад. Тэгж, тэгж очлоо. Эмч “нөхөр Амаржаргал гуай хэзээ ирж байна аа” л гэж байна. Өө харин санаа зовоод оо эмчээ гээд үнэнээ л хэллээ. Над шиг хүүхэд гараад ирэх вий дээ гэдэг айдастай байсан юм. 

Харин эмч "танай аав, ээжийн талд ийм хүн байхгүй ээ. Тиймээс хүүхэд нь зүгээр төрнө, санаа зовох хэрэггүй. Чиний хувьд олдмол тохиолдол учраас хүүхэд нь дуурайх, адилхан төрөх боломжгүй. Тиймээс зүгээр тайван төрчхөө.Өөрөөрөө төрөх боломжгүй тул хийсвэрээр төрнө. Их өвдүүлж болохгүй шүү. Жаахан дуншингуут нь хүрээд ирээрэй" гэсэн. Ингэж л санаа амарсан даа. 

Төрөх өдрийнхөө өглөө хагалгаанд орохдоо их айсан, хүүхдэдээ санаа зовсон. Удалгүй 2,900 грамм охинтой болсон доо. Гар, хөл нь зүгээр байна уу эмчээ гэсэн "зүгээр ээ, шав шар охинтой боллоо" л гэж байна. Төрсний дараа хүүхдээ байн байн хармаар санагдаад, оёогоо мартаж өндөлзөөд л. Тасгийнхан маань намайг өхөөрдөөд сүйд. Би ч зангаа гээхгүй, өрөөний ээжүүдээ их ч инээлгэсэн. Охин маань одоо зургаан настай. 

-Ээж болоод л ээжийгээ ойлголоо гэдэг?

-Тэгэлгүй яах вэ. Ээж хүний үүрэг, хариуцлагыг мэдэрсэн. Тэр их хайрыг бас ойлгосон. 

-Та айлын ганц охин юм уу?

-Үгүй ээ. Би хоёр ах, хоёр дүүтэй. Том ах, миний доод талын дүү хоёр маань бурхан болсон. Одоо эхээс гурвуулаа. 

-Багад нь эвэртэй туулай үзсэн юм шиг ханддаг, гадуурхдаг зүйлүүд байсан гэж та хэлсэн. Ажилд авахгүй гэх газруудтай ч таарсан байна. Энэ болгонд өвдөлт мэдэрсэн байх. Хэрхэн давдаг байв?

-Би тухайн үедээ мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй байсан. Гэртээ очоод ээждээ гомдоод байгаа ч юм шиг. Эсвэл өөртөө их гутардаг байлаа. Сүүл рүүгээ арай дээр болсон л доо. Нэг номд “Чи энэ хорвоод цор ганц шүү. Өөрөөрөө бахархаж амьдраарай. Чиний л хийж чаддаг зүйлийг өөр хэн нэгэн хүн чамаас суралцахыг хүсдэг шүү” гэж бичсэнийг уншаад би ер нь яагаад ингэж гутарч амьдрах ёстой юм. Адилхан хөлтэй, гартай юм чинь ялгаагүй ажил хийж, хөдөлмөрлөж, амьдарч чадна гэж бодох болсон. Ер нь урам зориг, ухаарал өгсөн ном, үгс унших их дуртай. Нэмээд байнгын дуу сонсдог. Амьдралын минь нэг хэсэг юм шиг л байдаг. Тайвшрахад тусалдаг шүү. 

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол тайж металл гэж компанийн удирдлага болон ажилтнууд хүнлэг, нинжин сэтгэлтэй, сайн хүмүүс юм байна даа. Буян нь дэлгэрч яваг ээ.

Зочин
Зочин

Хөөрхөн юмаа, амжилт хүсье! Бас монгол тайж металл компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Зочин
Зочин

Монгол тайж металл компаний хамт олонд баяр хүргэе. Сайхан сэтгэл гаргасан хамт олон улам өргөжин тэлж, ажил үйлс нь улам өөдөө бадран мандах болтугай. Хурай. Хурай. Хурай.

Холбоотой мэдээ

Back to top button