ХААНЫ ОРДОН ЦУВРАЛ 2: “Масаког хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ”

ЭЗЭН ХААН НАРҮХИТО БОЛОН ХАТАН МАСАКО
Япон улсын эзэн хааны гэр бүл бол дэлхийн хамгийн урт удаан хугацаанд тасралтгүй удам залгаж буй хаант гэр бүлд тооцогддог. Монголд Бөртэ чоно, Гуа маралын удамтай хэмээн түүх эхэлдэг шиг Японы эзэн хааны угсаа Аматэрасү хэмээх нарны бурхнаас сурвалжтай хэмээнэ. Аматэрасү нь японы шинто шашны гол бурхадын нэг бөгөөд “Тэнгэрийг гэрэлтүүлэгч их бурхан” гэх утгатай. Бурхадын үр сад гэдэг утгаар өнгөрсөн хийгээд өнөөдөр япон улсын ард түмэн эзэн хаан, түүний гэр бүлийг хүндэтгэн, шүтэх бөлгөө.

Хааны ордон цувралын хоёрдугаар хэсэгт уншигч танд Япон улсын өнөөдрийн эзэн хаан Нарухито болон хатан Масако нарын амьдрал, замналыг хүүрнэхээр бэлдээд байна.
Нарухито
Өнөөгийн эзэн хаан Нарухито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд өмнөх эзэн хаан Акихито болон хатан Мичико нарын ууган хүү болон мэндэлжээ. Аав ээж хоёр нь ордны дэг жаягийг шинэчлэн, ордны асрагч үйлчлэгчдийн тусыг авахаас илүүтэй өөрсдөө хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, хооллож асрахыг эрмэлзэж байсан тул бага нас нь аав ээжтэйгээ ойр өнгөрсөн гэдэг. Өмнөх эзэн хааны бага нас дайны жилүүдэд хатуу дэг жаяг, тусгаарлалтад өнгөрч байсан бол Нарухито хааных харьцангуй нээлттэй, чөлөөтэй байсан нь нөгөө талаар эзэн хааныг бурханчлан шүтэх хандлага дайны дараа халагдаж, бэлгэ тэмдгийн үүрэгт шилжсэнтэй холбоотой байж мэднэ.

Нарухито хаан язгууртнуудын суралцдаг Гакушуин их сургуульд “Дундад зууны Японы усан тээврийн түүх” сэдвээр бакалаврын зэрэг хамгаалж, 1983-1986 онд Их Британийн Окфордын их сургуулийн Мертон коллежид “18 дугаар зууны үеийн Англи-Японы усан тээвэр, худалдаа харилцаа” сэдвийг гүнзгийрүүлэн судалж байжээ. Энэ гурван жил түүний хувьд ханхүү аль эс бөгөөс хааны бус амьдралаар анхны бөгөөд сүүлийн удаа амьдарч үзэх боломж байв. Хэн ч өөрийг нь танихгүй гудмаар ганцаар алхалж, өөрийн идэх хүнсээ дэлгүүр орон цуглуулж, түүгээрээ хоол хийж, унадаг дугуй унан ойролцоох газруудаар зочлох гээд энгийн оюутан шиг байж үзсэн сонирхолтой өдрүүд энэ гурван жилийнх. Энэ тухайгаа тэр “Темза ба би” номондоо бичиж хэвлүүлсэн байдаг.

Ханхүү бага наснаасаа хийл хөгжмөөр хичээллэж эхэлсэн нь ээжийнх нь хичээл зүтгэлийн ач байлаа. Тухайн үеийн хаан Акихитогийн гэр бүл хөгжмийн гурвалтай байсан бөгөөд үүнд өмнөх эзэн хаан Акихито морин хийл, хатан Мичико төгөлдөр хуур, ханхүү хийл хөгжмөөр сонгодог аяс тоглох бөгөөд эзэн хааны гэр бүлийн үйл явдлууд, тоомоохон зочдыг хүлээн авах үдэшлэгт хөгжмийн гурвал бэлэг барьдаг нь алдартай. Хаан, хатан хоёр өнгөрсөн долдугаар сард Монгол улсад айлчлах үеэр мөн хаан Нарухито Монгол улсын морин хуурын чуулгатай хамтран “Хамабэно ута” буюу “Далайн эргийн дуу” хэмээх япон улсын бүх цаг үеийн шилдэг 100 дууны нэгээр нэрлэгддэг дууны аязыг хийлээр хөгжимдөж хүндэтгэл үзүүлсэн билээ.

Эзэн хаан Нарухито 2019 онд буюу 59 настайдаа эзэн хааны ширээнд суусан. Япон улсын “Эзэн хааны гэр бүлийн тухай хууль”-ийн хүрээнд өмнөх эзэн хаан Акихито өөрийн том хүүд ийнхүү эзэн хааны суудлаа залгамжлуулсан. Угтаа бол “Эзэн хааны гэр бүлийн тухай хууль”-д зааснаар өмнөх эзэн хааныг заавал нас нөгчсөний дараа л удаах эзэн хааныг залах ёстой байтал өмнөх эзэн хаан Акихито зүрхний хүнд өвчтэй болсон төдийгүй, хэдэн жилийн өмнө түрүү булчирхайн хорт хавдрыг даван туулсны улмаас бие нь үндсэн үүрэгт ажлуудаа гүйцэтгэхэд хүндрэлтэй болсон гэж мэдэгджээ. Улмаар Засгийн газартаа маш олон жилийн турш хүсэлт тавьж, Засгийн газраас уг хүсэлтийг хүлээж авахгүй байсанд арга барахдаа олон нийтэд мэдээлэл хийн, ард түмнийхээ дэмжлэгийг хүсэв. Эцэст нь Шинзо Абэгийн тэргүүлсэн Засгийн газар уг хүсэлтийг хүлээн авч, 2019 онд шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслол өргөн дэлгэр болсон учиртай.

Масако
Япон улсын өнөөгийн хатан Масако 1963 оны 12-р дугаар сарын 09-нд төрсөн. Түүний эцэг Овада Хисаши алдартай дипломатч хүн байсан бөгөөд Японы Гадаад хэргийн дэд сайд, НҮБ-ын Олон улсын шүүхийн шүүгч зэрэг томоохон албан тушаалуудыг хашиж байсан нэгэн. Тийм ч учраас Масако бага наснаасаа эхлэн аавыгаа дагаж олон улс орнуудаар томилогдон амьдарч иржээ. Тухайлбал, Масаког хоёр настай байхад тэдний гэр бүл ЗХУ-д амьдарч байсан бол таван настайд нь АНУ-ын Нью-Йорк хотод суурьшихаар шилжиж байв. Үүний дараагаар Масаког 8-9 нас хүрэх үед япондоо эргэн ирж охин ээж, эмээ хоёрынхоо төгссөн Католик сургуулийг дүүргэв.
Масако багаасаа авахаалжтай охин байсан бөгөөд төгөлдөр хуур, теннис, гар урлалын дугуйланд суралцаж, амьтадын ертөнцөд дурлагч нэгэн байлаа.
1979 онд эцэг Овада Хисаши ахин АНУ-руу дипломат ажлаар явах болж, Масако хоёр ихэр дүү, ээж аавын хамтаар ахин АНУ-д амьдрахаар болно. Энэ үед аав нь Харвардын их сургуульд зочин профессороор уригдаж ажиллахаар болсон учраас Масако мөн Харвард болон Оксфордын Баллиол коллежид суралцан зэрэг хамгаалжээ.

Аавынхаа ажлын онцлогоос болж Масако хэдий залуухан бүсгүй ч Англи, Испани, Герман, Орос хэлээр чөлөөтэй ярьдаг болсон байв. Америкт суралцаж төгссөн ч Масако боловсролоо улам дээшлүүлж, зэргээ нэмэх чин хүсэлтэйгээр суралцсаар л байлаа. Үүний нэг тод жишээ нь тэрбээр Японд буцаж ирүүт шуудхан Токиогийн их сургуульд хууль зүйн чиглэлээр суралцахаар бэлдэж эхэлдэг. Уг сургуульд тэнцэж орохын тулд тухайн үед 800 хүн орж бүртгүүлснээс 28 хүн л тэнцсэн, тэр дунд нь хоёр л эмэгтэй байсны нэг нь Масако байсан байдаг. Энэ бүх хичээл зүтгэл нь аавынхаа ажил мэргэжлийг өвлөн авах байсан бөгөөд түүндээ ч хүрч Токиогийн их сургуулийг төгсүүтээ япон улсын ГХЯ-нд ажиллаж эхэлсэн юм. Ингээд ГХЯ-ны дипломатч болж цаашид маш ирээдүйтэй, өсөн дэвжих магадлалтай, өндөр карьертэй бүсгүй болж өсөж торнижээ.

Энэ үед угсаа залгамжлах хунтайжийн гэр бүлд түүний ирээдүйн гэргий хэн байх талаар хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж эхлээд байсан юм. Эзэн хааны гэр бүлийн агентлагаас язгууртнуудын дундаас эзэн хааны настай ойролцоо, ирээдүйн хатан болох боловсрол мэдлэгтэй эмэгтэйг хайх ажилд ханцуй шамлан орсон байлаа. Тухайн үед энэ хүндхэн ажилд томилогдоод байсан албан хаагч сайтар судалгаа явуулсны дунд хунтайжид уртаа гэгчийн жагсаалт гарган үзүүлсэн боловч эрс эсэргүүцэлтэй тулгарсан гэдэг.
ТЭД ХЭРХЭН ТАНИЛЦАВ
1986 онд Испанийн гүнжийг угтан авах цайны ёслолд хунтайж хүндэтгэл үзүүлэхээр очжээ. Энэ үед Гадаад хэргийн яаманд ажилладаг, дээр нь Испани хэлтэй, дипломатч Масако ч тэнд байж таарав. Нарухито хаан албан ёсны уулзалтан дээр гадаадын зочид төлөөлөгчидтэй тухайн орных нь хэлээр тунчиг чөлөөтэй, өөртэй итгэлтэй бөгөөд халуун дулаанаар ярилцаж байгаа нэгэн эмэгтэйг олж хараад, харцаа шалгаж чадаагүй гэдэг. Хэлний мэдлэгээс гадна маш хөгжилтэй, сайхан инээмсэглэдэг, өргөн мэдлэгтэй энэ эмэгтэйтэй ахин уулзах хүсэлт тавьж, цайны ёслолын дараа тэд хэд хэдэн удаа тусгайлан уулзаж, ярилцаж байжээ.

Жилийн дараа гэхэд Нарухито, Масако нарын уулзаж буй тухай мэдээлэл үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болов. Олон нийтийн анхаарлын төвд орж эхлэнгүүт хааны үр удмыг залгуулж магадгүй энэ эмэгтэйг удам судраар нь мөрдөн мөшгиж, таагүй мэдээллүүдийг дэлгэн тавьж эхэллээ. Тухайлбал, Масакогийн өвөө Юүтакаг 1930 онд японы Хөгжлийн банканд ажиллаж байхдаа Минамото хотын цэвэр усны нөөцөд Чиссо корпарацийн асгасан бохироос үүдэж гарсан ноцтой үр дагаврыг нуухад гар бие оролцсон гэж буруутгав. Луйварчны үр хүүхэд эзэн хааны гэр бүлд тэнцэхгүй гэх шүүмжлэлтэй зэрэгцэн эсрэгээрээ өвөө Юүтакаг нь Минамото хотын хохирогчдыг хэлэлцээр хийхэд нь тусласан гэх өнцөг ч мөн гарч байлаа.
Мөрөөрөө дуртай ажлаа хийж, өндөр амбицтай явсан бүсгүй олон нийтийн анхааралд өртсөнөөс үүдэн гарсан хэл амны бай болсоор хунтайжтай ахин холбогдохоос эмээх болов. Тиймдээ ч хунтайжийн гэрлэх саналаас хоёр ч удаа эрс татгалзсан гэдэг. Нөгөөтэйгүүр, өөрийн карьерыг зураглаж, ирээдүйгээ төсөөлсөн дипломатч бүсгүй цаашид ордонд сууж, хатуу дэг жаягийн дагуу амьдрах шаардлагатай болно гэдгийг ухамсарлаж байлаа. Уламжлалт хатуу дэг журмын дагуу эзэн хаанаа дээдлэн нэг алхам хойно алхаж, үргэлж дэмжиж хойно нь явах хувь заяанд “тийм” эсвэл “үгүй” гэж хэлэхийн алийг гэхээ мэдэхгүй Масако.

Удалгүй тэр АНУ-руу ажиллах, ажиллах гэхээсээ зугтах зорилготой явав. Бие холдвол сэтгэл холдоно гэж таамагласан нь талаар болж, түүнийг АНУ-д байхад ч хунтайж үргэлж захиа бичиж, утсаар холбогдсоор байлаа. “Энэ л эмэгтэй” гэж хатуу шийдсэн хунтайжийн хүсэл ч ёсоор болж, гурав дахь удаагийн гэрлэх саналыг нь эргэн тойрны олон хүндтэй хүмүүсийн ятгалаг, ярианы үр дүнд Масако зөвшөөрч, эргэн эх орондоо иржээ.

Масаког хунтайждаа гэрлэх болоход аав ээж нь анх зөвшөөрөхгүй байснаа удалгүй “Охин өөрөө зугтаахгүй байхаар шийдсэн бол бид ард нь бат зогсох болно” гэжээ. Нөгөөтээгүүр эцэг Овада Хисаши “Миний охин хааны гэр бүлд орвол дэлхийтэй илүү нээлттэй, ойлголцлын бэлгэдэл болж чадах төдийгүй, оюуны чадавхтай эмэгтэйн дүрээр хааны гэр бүлийн шинэ нүүр царай болж чадна” хэмээн итгэл хүлээлгэв. Масакогийн эцэг эхийн сэтгэлийг хөдөлгөж чадсан бас нэг зүйл бол яах аргагүй хунтайжийн Масакод үргэлж хэлдэг тэр үг байлаа.
ГЭРЛЭЛТ
Нарухито Масако нар гэрлэх болсноо ард түмэндээ зарлах хэвлэлийн хурлын үеэр “Масаког хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно гэж хунтайж хэлсэн учраас би энэ үгэнд нь итгэж нэг насаа хамт өнгөрүүлэхээр шийдсэн” хэмээн Масако ичингүйрэн хэлнэ. Үнэхээр ч өнөөгийн эзэн хаан энэ үгээ хамгаалсаар яваа гэж олон хүн талархаж, хүндэтгэдэг билээ.

1993 оны зургадугаар сарын 09. Масако хуримын өдрөө Жюүнихитоэ хэмээх японы уламжлалт 12 давхар торгоор хийсэн хувцасыг өмссөн байв. Эхлээд шинто шашны уламжлалаар маш ёс жаягтай, дуугүй, бэлгэдлийн шинж бүхий хуримын ёслолыг эзэн хааны ордонд үйлдэнэ. Нарухито хунтайж тухайн үедээ шинто дээл болон угсаа залгамжлах хунтайжийн титмээ өмсөн байлаа.

Үргэлжлүүлэн тэд барууны хэв маягийн хуримын даашинз, гоёлоо өмсөн, задгай дээвэр бүхий машинд суун, ард иргэдийнхээ дундуур яван мэндчилсэн юм. Энэ үед тэдний хуримыг үзэхээр 190 мянга гаруй иргэн эгнэн жагссан байлаа.
ХУРИМЫН ДАРААХ БОДИТ АМЬДРАЛ
Хурим болж өнгөрснөөс хойш зургаан жилийн дараа Масако гүнж бие давхар болсноо дуулгадаг. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд японы ард түмэн хунтайж, гүнж хоёроос хүүхэд хүлээж, зарим ёс зүйгүй хүмүүс нь илтэд нэхэж, дарамталсаар байв. Хүүхэд, гэхдээ бүр цаашид эзэн хааны суудал залгамжлах хүү гаргаж өгөхийг Масако гүнжээс шаардсаар. “Хэтэрхий эго өндөртэй болохоор үүргээ ухамсарлаж хүү төрүүлэхийн оронд дипломат ажлуудад хэт оролцож, хааны урдуур орж байна. Өөрийгөө л бодсон гүнж. Үүргээ биелүүлэхгүй байж хааны ордонд татвар төлөгчдийн мөнгөөр амьдарч байна” гэх зэргээр хэт бүдүүлэг шүүмжлэлүүд ч шил шилээ даран сонинд нийтлэгдэнэ. Сэтгэлзүйн энэ дарамтуудаас болж удалгүй Масако гүнж тээж байсан хүүхдээ төрүүлж чадалгүй алдсан маш харамсалтай үйл явдал болов.
Хоёр жилийн дараа 2001 онд Масако ахин бие давхар болж, энэ удаа хүүхдээ эсэн мэнд өлгийдөн авч, эзэн хааны цор ганц гүнж Аико мэндэлсэн юм. Аиког мэндэлсний дараа японы хэт уламжлалыг баригчид “Хүү төрүүлж чадахгүй” гэх харгис үгсээр нялх биетэй гүнжийг маш ихээр дайрч байснаас охиноо төрүүлснээс хойш хоёр жилийн дараа “Adjustment disorder” гэх сэтгэлзүйн өвчнөөр оношлогддог. Энэ нь гадуур гарах айдас, түгшилт, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн олон өвчнүүдийн суурь болжээ.

Өвчний улмаас гүнж хунтайжийн хамт гадаад дотоодын томилолт арга хэмжээнд оролцохоо больж, олны өмнө үзэгдэхээ болилоо. Үргэлж нүд нь гялалзаж, гадаад дотоодын уулзалтуудад нүүр тахалж явдаг гүнжээ японы ард түмэн харах нь улам багассаар. Үүнээс үүдэж мөн л үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, өөрийн биеийг нөөсөн зэргээр хэт уламжлалыг баригчдын шүүмжлэлийг хүлээсээр л байлаа. Харин хунтайж Масако гүнжийн талаар “Тэр эргэн тойрны дарамтаас болж өвдсөн” гэх шийдмэг тайлбарыг олон нийтэд өгч “Анх гэрлэхэд өгсөн амлалтаа биелүүлж чадсан” хэмээн олны бахархлыг төрүүлсэн юм. Масакогийн хамгийн хэцүү үед аав ээж нь үргэлж ордны гаднаас сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж байсан бөгөөд эцэг Овада Хисаши “Масако бол өвдсөн хүн биш, асар их дарамтанд орсон хүн юм” хэмээн хэлж байсан гэдэг.

2018 оноос эхлэн Масако гүнж өөрийгөө эдгэрч эхэлж байгаагаа анх удаа олны өмнө дуулган “Үүнээс хойш өөрийн үүрэгт ажлуудыг хичээн гүйцэтгэх болно. Намайг өдийг хүртэл харж үзэж, ойлгож өршөөсөн та бүхэнд баярлалаа” хэмээжээ.
Ирэх жил нь 2019 онд хунтайж Нарухито хаан ширээнд албан ёсоор заларч, гүнж Масако улсын хатан болсноос хойш өдгөөг хүртэл тэд улсаа төлөөлөх цөөн тооны айлчлалд хамт явсан бөгөөд түүний нэг нь Монгол улс байсан юм. Хаан эзэн энэ тухай “Масакотой хамт монгол явбал сэтгэл нь сэргэж мэднэ” гэж хэлсэн нь ч үнэн байж, хатан өнгөрсөн зун монголд уламжлалт тоглоом наадгайгаар тоглож, эрийн гурван наадам үзэж сонирхон, тунчиг сэтгэл хангалуун хөгжилтэй байсныг уншигч та тодхон санаж байгаа болов уу.
Масако хатан өмнө нь өөрөө дипломатч хүн байсан учраас одоо эзэн хааны хамт дипломат уулзалт, айлчлалуудад очихдоо нүүр тахалдаг, аавынхаа хэлснээр “Хааны гэр бүлийн шинэ нүүр царай болж чадсан” юм. Тухайлбал, 2019 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтайн хамтаар Япон улсад айлчлах үеэр зоогийн ширээний ард шууд л нүд нүд рүүгээ эгцлэн харж, шулуухан яриа өрнүүлж байсны дээр, тэд Герман хэлээр хоорондоо чөлөөтэй ярилцаж, бие биедээ маш сэтгэл хангалуун байгаа нь харагддаг. Энэ тухай АНУ-ын хэвлэлүүдэд тодорхой мэдээлж, “Японы хатны боловсрол өндөр” гэх зэргээр бичиж байв. Тэр утгаараа Масако хатан ард түмнээсээ орчин үеийн япон эмэгтэйчүүдийн тухай ойлголтыг дэлхий дахинд сайн талаараа илэрхийлж чадаж байгаа гэдэг маш том магтаалыг хүртсэн билээ.

УДААХ ДУГААРТ: ХААН НАРУХИТОГИЙН ТӨРСӨН ДҮҮ ФҮМИХИТО БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭР КИКО ГҮНЖ НАРЫН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ БЭЛТГЭН ХҮРГЭНЭ.
Өмнөх холбоотой агуулгыг хүргэж байна









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бичээч Б.Гэрэлмаа та монгол хэл бичгийн зөв бичгийн дүрэм үзэж суралцана уу?
1. ...харцаа ШАЛГАЖ чадаагүй - САЛГАЖ
2. ... ХУНТАЙЖДАА гэрлэх - ХУНТАЙЖТАЙ
3. ... НӨГӨӨТЭЭГҮҮР - НӨГӨӨТЭЙГҮҮР
4. ... ХУВЦАСЫГ - ХУВЦСЫГ гэж зөв бичих хэрэгтэй байна !!!
Dahij mongold irne biz
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
баярлалаа ????
Гэрэлмаа, Та дараа дараагийн бичвэртээ үйл үгийн төгсгөлөө зөв хэрэглээрэй. Тэгнэ, ингэнэ, байдаг гэх мэтийг. Та ямар жүжиг, киноны сценари бичиж байгаа биш. Бас "байх" гэдэг үйл үгээс үүссэн өнгөрсөн цагийн "байдаг" гэдэг үгийг зөв газар нь оновчтой ашиглаарай. Үгийн байрлал , найруулгаа анхаараарай. Өөрөө залуу бүсгүй юм байна, биеэ тоолгүй хичээвэл сайн нийтлэлч болж чадна. Амжилт!
Япончууд угаас Монголд элэгтэй ард түмэн бид цаашдаа японы технологиор хөгжих хэрэгтэй энэ орон бол дэлхийд тэргүүлэх асар нарийн технологтой юм бас хууль ёс журам нарийн хулгай луйвар авилгал бараг байхгүй хэрэв байвал хууль чанга хэн ч бай хатуу ялалдаг орон Энэ улсаас бидэнд сурах зүйл их бий ийм хүчирхэг хөгжилтэй болход японы эзэн хаан маш их нөлөөтэй учир ард түмэн нь эзэн хаанаа шүтэн биширдэг орон юм
Мундаг сатгүүлч шүү. Амжилт хүсье!????