ДЭЛХИЙН ТОЙМ 2025 | Японы улс төрийн түүхэн өөрчлөлтийн гэрч Санаэ Такаичи
Товч агуулга
- Орос Украины дайны ардах өрнөл ба Америк, Европын холбооны оролцоо, энхийн хэлэлцээ
- Японы төмөр хатагтай Санаэ Такаичи буюу түүний амлалт, улс төрийн байр суурь
- Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд хувь нэмрээ оруулсны төлөөх салбар салбарын Нобелийн шагналуудыг хэнд олгосон бэ
- Дэлхий даяарх католик шашинтнууд Ромын пап Францисыг үдэж, Леог угтан авав
- Хиймэл оюун ухаанаас бид юу хүлээдэг вэ, хэт хөөсрөл дунд бид амьдарч байна уу

ДАЙНЫГ ЗОГСООНО ГЭХ ТРАМПЫН АМЛАЛТ | Энэ онд дэлхий нийтийн анхаарлыг татсан хамгийн гол үйл явдлуудын нэг нь яах аргагүй Орос Украины дайныг зогсоох энхийн хэлэлцээ байв. Трамп АНУ-ын ерөнхийлөгч болмогцоо өгсөн томоохон амлалтынх нь нэг бол энэ дайныг зогсоох. Тэр өөр хэд хэдэн улсын дундах дайны гал намжааснаараа өөрийгөө Нобелийн Энх тайвны шагналтан ч болох учиртай хэмээн том дуугараад авсан. Гэхдээ Орос Украины дайны асуудал бол түүний бодсон шиг байсангүй. Тэр гурван жил үргэлжилсэн томоохон зөрчилдөөн бүхий асуудалд нэгэнт гар дүрснээрээ энхийн хэлэлцээг эцэслэх гарцаагүй сонголттой тулгарсан юм.
Орос Украины дайн эхэлснээс хойш 1400 хоног өнгөрөв. Дайны эхэн үед хэлэлцээгээр мөргөлдөөнийг зогсоохоор яригдаж байсныг Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа улам эрчимжүүлж, энэ хэрээрээ түүний байр суурь үргэлж солигдож ирсэн.
Энэ оны 2-р сард АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд Саудын Арабын нийслэл Риядад хийсэн дайны талаарх уулзалтын дараа Вашингтоны Украины дайн дээрх хандлага эрс өөрчлөгдөв. Энэ нь хоёр улсын төлөөлөгч нар Украины дайн эхэлснээс хойш уулзсан анхны тохиолдол болсон.
Мөн энэ сардаа Трамп, Зеленский нар АНУ-ын Цагаан ордны Зууван танхимд уулзсан нь дэлхий даяар цацагдаж байв. Тэд уулзалтаар АНУ-ын Украин дахь дэмжлэг, энхийн хэлэлцээр, цэргийн тусламж, аюулгүйн баталгаа зэрэг сэдвүүдээр хэлэлцэх гэж оролдсон боловч уулзалт ширүүн маргаан харилцан шүүмжлэлээр өндөрлөсөн юм. Уулзалтын үеэр Трамп Зеленскийг ОХУ-д буулт хийж, энхийн хэлэлцээр хийхийг уриалсан боловч Зеленский хариуд нь ОХУ-ыг дайны гэмт хэрэгт буруутгаж, буулт хийхээс татгалзсан. Үүний дараа Трамп Зеленскийг Цагаан ордныг орхин гарч явахыг хүссэн бөгөөд Трамп түүнийг “дарангуйлагч” гэж нэрлээд зогсохгүй Орос Украины дайныг яаралтай зогсоохгүй бол улс орноо ч алдах эрсдэлтэй хэмээн анхааруулжээ. Энэхүү уулзалтын дараа Европын холбооны удирдагчид Украиныг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлж, Трампын мэдэгдлийг буруушаасан юм.
Эл уулзалтаар Трамп, Зеленский нарын дунд газрын ховор металлын гэрээнд гарын үсэг зурах асуудал ч хойшилсон.
ПУТИНД НАЙР ТАВЬСАН НЬ | Харин 8-р сард Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах үеэрээ гал зогсоох шийдвэр гаргуулсан нь үнэндээ Орост ашигтай, Украинд хүнд байдал авчрах нөхцөл болсон талаар олон улсын ажиглагчид дүгнэж байв
Мөн Трамп түр хориг арга хэмжээгээ азнахаар болж, Москва тодорхой ашиг хүртсэн хэмээн шүүжмлэл хүртэх болсон юм. Европын холбоотнуудын мэдээлснээр, уулзалтын үеэр Путин Донбасс дахь эзлэгдээгүй хэсгийг Украинд өгөхийг шаардаж, оронд нь Херсон, Запорожийн фронтыг царцаах санал тавьсан. Энэ нь Киевийг хүндхэн сонголт хийхэд хүргэж, ирээдүйд Орос дахин довтлох суурийг тавьж мэднэ гэж шинжээчид анхааруулж байсан удаатай.
Гэсэн ч Аляскийн уулзалтын дараа Трамп өөрийнхөө тавьсан өндөр хүлээлтэд хүрч чадаагүй. Тэрбээр хэд хэдэн замаас сонголт хийх шаардлага тулгарсан. Тухайлбал,
- Украинд шахалт үзүүлж, Оросын эзлэн түрэмгийллийг хууль ёсны мэт болгож, олон улсын дэг журмыг сулруулах
- Эсвэл нэр хүндээ сэргээхийн тулд хориг арга хэмжээг дахин ашиглан Путины тооцооллыг өөрчлөх
- Оросын хүсч буй урт хугацааны энхийн хэлэлцээрт оролцож, олон жилийн сунжирсан үйл явцыг сунгах уу
- Эсвэл урт хугацааны, амархан дуусчихгүй энхийн үйл явцаас уйдаж, бүхнийг орхих
Трамп олон улсын хэд хэдэн маргааныг намжаасан хэмээн өөрийгөө “энхийн ерөнхийлөгч” гэж сурталчилдаг. Гэвч Украинд дайн дуусгах амлалтаа биелүүлж чадаагүй байгаа нь түүний нэр хүндэд том цохилт болсоор буй. Тэр нэгэнтээ “Украины дайныг 24 цагт зогсооно” гэж байсан бол Аляскийн уулзалтын дараа “Энэ бол тун ярвигтай асуудал” хэмээн хэлж, бодит байдлыг сая нэг хүлээн зөвшөөрсөн юм.
Путиныг АНУ-д хүлээн авч уулзсан түүний шийдвэр нь дайн эхэлснээс хойш АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден холбоотнуудтайгаа хамтран Путиныг олон улсад ганцаардуулах дүр зураг бий болгохын тулд ажиллаж ирсний яг эсрэг буюу улаан хивс дэвсэн угтсан анхны тохиолдол хэмээн тал бүрээс шүүмжлэв.
Гэвч энэ бүхний дараа дайныг дуусгах энхийн хэлэлцээ урьд өмнө нь байгаагүйгээр урагшилж, 11-р сард гэхэд л дайныг зогсоох 28 зүйл бүхий төлөвлөгөөний бичгийг ОХУ, АНУ хоёр хэлэлцэж гаргасан. Үүнийг Европын холбоотнууд Москвад хэтэрхий ээлтэй шийдвэр хэмээн дүгнэсэн бөгөөд Европын холбоо 28 зүйлийг шинэчилж, өөрсдийн хувилбараа танилцуулсан юм. Харин АНУ болон Украины албан тушаалтнууд хэлэлцээг шинэчлэхдээ 19 зүйлтэй болгож, бичгийг Вашингтон Киевтэй дахин сайжруулснаар өнөөдрийн байдлаар 20 зүйлтэй болоод буй.
Трампын өмнө энэ дайныг эцэслэх, энхийн гэрээг хэлэлцэн шийдвэрлүүлэх томоохон сорилт хүлээсэн хэвээр л байна...

СОРИЛТООС БОЛОМЖ РУУ | Улс төрийн замналаа 1993 онд Японы Төлөөлөгчдийн танхимаас эхэлж, өөрийн улс төрийн үзэл баримтлал болох үндэсний аюулгүй байдал болон батлан хамгаалах салбар, эдийн засгийн тусгаар тогтнол гэсэн том сэдвүүдээр гарч ирсэн улс төрч эмэгтэй энэ оны 10-р сард Япон улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болж дэлхий дахины анхаарлыг татсан юм.
Японы эрх баригч Либерал Ардчилсан нам нь консерватив үзэлтэй нам бөгөөд 2024 оны 09-р сард намын даргаа сонгох санал хураалтыг явуулах үеэс Санаэ Такаичи олны анхаарлаас гараагүй. Уламжлалт үзэл санааны хувьд Япон улс нь эцгийн эрхэт ёс нийгмийн соёлд нь гүн суусан тул эмэгтэй улс төрч хамгийн төвөгтэй замналыг туулах болдог. Япон улс сүүлийн жилүүдэд засгийн газраа хэд хэдэн удаа сольсон. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Ерөнхий сайд Кишида Фүмио огцорсны дараа Ишиба Шигэрү Японы удирдагчаар ажиллаж эхэлсэ бөгөөд Ишиба улс төрийн хэцүүхэн нөхцөл байдалд төрийн эрхийг авсан юм. Түүний засаглалын хугацаанд эрх баригч Либерал Ардчилсан нам хэд хэдэн чухал сонгуульд ялагдсан. Ингэснээр Либерал Ардчилсан нам шинэ дарга томилох санал хураалт явуулж Такаичи Санаэ ялалт байгуулж, Япон улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон юм.
ТАНХИМЫН САЙД НАРЫНХАА ЦАЛИНГААС ЭХЛЭВ | Тэрбээр аравдугаар сарын 21-нд албан ёсоор томилогдож, Японы 104 дэх засгийн газрыг байгуулав. Такаичи аравдугаар сарын 24-нд парламентын өмнө анх удаа үг хэлэхдээ 20 гаруй хуудас илтгэл бэлтгэсний тал орчим хувь нь эдийн засгийн бодлогын тухай бөгөөд Такаичи хүчирхэг эдийн засаг бий болгохын тулд санхүүгээ тэлж, инфляцын өсөлттэй тэмцэхийг захиргааныхаа тэргүүлэх зорилго болгоно гэдгээ зарлав. Түүнчлэн танхимын бусад сайд нарынхаа цалинг 1.15 сая иенээр бууруулж, парламентын гишүүдээс өндөр цалин авахгүй байхаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн юм.
Японы өмнөх засгийн газрууд гадаад өрийн нийт үлдэгдэл бус ДНБ-тэй харьцуулсан гадаад өрийн хэмжээг бууруулахыг Такаичи зорьж буй. Үүний тулд түүний засгийн газар эдийн засгийн өсөлтийг төсвийн зардлыг нэмэх байдлаар идэвхжүүлэхээр төлөвлөжээ.
Эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд тэрбээр шатахуун татварыг парламентын чуулган үргэлжилж байх хугацаанд цуцлахаас эхлээд боловсрол, хөдөө аж ахуйн салбарт анхаарч ажиллах бодлого баримтална гэсэн төлөвлөгөөг танилцуулсан юм.
ГАЛ ДУУДАВ | 11-р сард Япон болон БНХАУ-ын харилцаа эрс хүйтэрч, улс төрийн нөхцөл байдал хурцдаж эхэлсэн юм. Учир нь Санаэ Такаичи "Хятад, Тайванийн хооронд хэрвээ зөрчил гарвал Япон зэвсэгт хүчнээрээ оролцоход хүрч магадгүй" гээд хэлчихсэнтэй холбоотой байв. Мөн "Хятад хэрвээ Тайвань руу довтлоход хүрвэл, тэр зөрчил нь магадгүй Японы оршин тогтнолд заналхийлвэл"...гэдэг утгыг тодорхой илэрхийлээд амжсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, олон улсын маргааныг хүч хэрэглэж шийдвэрлэхгүй буюу энэ шийдлийг эрс хориглосон.
Иймээс Санаэ Такаичигийн болгоомжгүй юм шиг атлаа олон жилийн дараах түүний энэ үг магадгүй эрх баригч Либераль Ардчилсан намын барууны үзэлтэй жигүүрийн төлөөлөл байж ирсэн Шинзо Абэ асантай ижил төстэй илэрхийлэл гэгдэхэд хүрсэн.
ЗАНАЛХИЙЛЭГЧ БОЛСОН НЬ | Хятадын Коммунист нам нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг учраас цэргийн хүч ашиглах замаар ч хамаагүй нэгтгэнэ гэдэг байр сууриа өнөөдрийг хүртэл хамгаалж буй.
Бээжин түүнийг БНХАУ-ын эсрэг цэргээр заналхийслсэн үг хэллээ хэмээн маш ноцтой байр сууринаас хандаж, дургүйцлээ илэрхийлсэн юм. Такаичи энэ үгнийхээ араас уучлалт гуйгаагүй. Энэ бол түүний хатуу байр суурь бөгөөд үүнийхээ араас тэр Японы зэвсэгт хүчнийг бэхжүүлэх ажлыг нэн тэргүүний зорилтууддаа багтааж, Зүүн Хятадын тэнгис дэх Японы захиргаан дахь Сэнкакүгийн арлуудад анхаарлаа хандуулсан юм.
ТЭР БАЙР СУУРИНААСАА УХАРСАНГҮЙ | Тэр алхам алхмаар өөрийн байр суурийг бататгах шийдвэрүүдийг ар араас нь гаргасаар байв.Осака дахь БНХАУ-ын консул Шүэ Жмин түүний хэлсэн үгний талаар "Бусдын асуудал руу өөрийгөө чихдэг бузар толгойг тасдах хэрэгтэй" хэмээн бичсэн нь олон нийтийг цочирдуулсан.
Улс төрийн энэ нөхцлийн дараа Бээжин Япон руу иргэдээ аялахгүй байхыг уриалсан юм. Энэ уриалгын төлбөр нь Япон руу жил бүр урсдаг 30 гаруй сая Хятад жуулчдын урсгалыг хааж, 2.2 их наяд иен буюу 147 тэрбум ам.долларын хохирол учруулж магадгүй хэмээн тооцсон байна. Түүнчлэн Японы уран бүтээлчдийн тоглолтууд цуцлагдсан бөгөөд олон салбарт зөрчил, хүндрэл үүсэж магадгүй нөхцөл бий болсон.Гэсэн ч Такаичи байр сууринаасаа ухарсангүй.
Энэ сарын эхээр "Forbes" сэтгүүлийн оны хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтын гуравдугаарт бичигдсэн юм.

Жил бүр хүн төрөлхтний тусын тулд томоохон нээлт хийж, хувь нэмэр оруулсан эрхмүүдэд Нобелийн шагнал гардуулдаг. Энэ жил 14 хүн хийж бүтээсэн ажлаа үнэлүүлж Нобелийн шагнал хүртсэн юм.
ХҮНИЙ ДАРХЛААНЫ ЭС ЯАГААД ӨӨРИЙНХӨӨ ЭС РҮҮ ДАЙРДАГГҮЙ ВЭ | 2025 оны физиологи болон анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг захын дархлааны тэсвэршлийн талаар нээлт хийсэн гурван эрдэмтэн авсан. Мэри Э.Брунков, Фред Рамсделл, Шимон Сакагүчи нь дархлааны тогтолцоо бие махбодид хор хөнөөл учруулахаас хэрхэн сэргийлдэгталаар хийсэн ажлынхаа төлөө Нобелийн шагнал хүртсэн юм.
Тэдний нээлтүүд дархлааны тогтолцоо хэрхэн ажилладаг, яагаад бид бүгд аутоиммуний ноцтой өвчинтэй болчихдоггүй вэ гэдгийг ойлгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн талаар Нобелын хорооноос шагналтныг зарлах үедээ хэлсэн юм. Дархлааны тогтолцоо нь бактер, вирус гэх мэт гадны бусад биетүүдийн эсрэг тэмцэх бүх шатны арга хэмжээг авдаг. Гэвч заримдаа хүний биеийн дархлааны тогтолцооны тодорхой эсүүд биеийн эс рүү андууран довтлох тохиолдол байдаг бөгөөд үүний улмаас үүсдэг өвчнийг аутоиммуний өвчин гэдэг. Тэдний нээлт аутоиммуний өвчин яаж үүсдэг гэдгийг ойлгоход чухал түлхэц үзүүлсэн.
КВАНТ МЕХАНИКИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТЫГ УРАГШЛУУЛАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН | Энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналыг Жон Кларк, Мишель Х. Деворе, Жон М. Мартинис нарт олгосон. Нобелийн комисс тэднийг зарлахдаа “Өнөөдөр ашиглаж буй дэвшилтэт технологиуд бүгд квант механик дээр суурилдаг. Үүнд гар утас, камер, шилэн кабель зэрэг бүгд багтана” гэжээ.
Жон Кларк Калифорнийн Беркли дахь Калифорнийн их сургуульд профессороор ажиллаж байгаа. Харин Мишель Х. Деворе нь Йелийн их сургуульд профессороор ажилладаг бол Жон М. Мартинис нь Калифорнийн Санта Барбарагийн их сургуульд багшилдаг Тэд 1980-аад онд хийсэн туршилтуудаарааквант механикийн туннелчлэл болон энергийн квантчлалыг нээсэн юм. Тэдгээр судалгааг үнэлж Нобелийн хороо Физикийн салбарын шагналыг өгчээ.
Энэхүү нээлт нь хэрэглээний шинжлэх ухаанд маш гүн гүнзгий, өргөн хүрээтэй нөлөө үзүүлсэн. Өнөөдөр бидний өдөр тутам хэрэглэж буй электрон төхөөрөмжүүд бүгд энэ квант үзэгдэл дээр тулгуурладаг.
НҮҮРСХҮЧЛИЙН ХИЙГ ХУРИМТЛУУЛАХ, ХУВАНЦАРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨТЭЙ | Химийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналыг металл-органик хүрээ бүтцийн (Metal-Organic Framework) чиглэлд хувь нэмэр оруулсан Сүсүмү Китагава, Ричард Робсон болон Омар Яги нарт олгосон. Металл органик хүрээ гэдэг нь металл нэгжүүдээс бүрдсэн нүхтэй полимер бүтцийг хэлнэ.
Тэдний хийсэн ажлыг дэлхий дахинд хамгийн тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглаглах боломжтой байж магадгүй хэмээн үзжээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор агаар мандлаас нүүрсхүчлийн хийг хуримтлуулах, эсвэл химийн аргаар хуванцар бохирдлыг бууруулах зэрэг ажилд тэдний нээлтийг ашиглах бололцоо бий.
УРЛАГИЙН ХҮЧИЙГ ДАХИН ТУНХАГЛАСАН ЛАСЛО КРАСНАХОРКАЙ | Унгарын зохиолч Ласло Краснахоркай утга зохиолын салбарын Нобель хүртсэн. Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ "Сүйрэл гамшгийн үеийн айдас дунд урлагийн хүчийг дахин тунхаглаж, уншигчдад гүн нөлөөлөх алсын хараатай бүтээлүүд туурвисных нь төлөө" үнэлж шагнаж байна гэсэн юм.
71 настай Краснахоркай нь “Кафка, Томас Бернхард зэрэг Төв Европын алдарт зохиолчдын адилаар абсурдизм, этгээд хэв маягтай агуу зохиолч” гэж комисс мөн тодотгосон билээ. Унгарын найруулагч Бела Тарр түүний "Сатантанго" болон "Эсэргүүцлийн уйтгар гуниг" (Melancholy of Resistance) зэрэг зохиолуудыг кино уран бүтээл болгон үзэгчдэд хүргэсэн юм.
Краснахоркай Ман Бүүкерийн олон улсын шагнал зэрэг хэд хэдэн шагнал хүртсэн бөгөөд Бүүкерийн шагналыг түүнд гардуулах шийдвэр гаргасан шүүгчид түүний хэв маягийг “Өнгө аяс нь сүр жавхлантай, нэг бол хошин, бас эргэлзсэн, эцэстээ гунигт өнгө рүү шилжин хувирдаг гайхалтай урт өгүүлбэрүүд бүхий” хэмээн сайшаасан байдаг. Тэр үнэхээр ч утга зохиолын салбарын дэлхийн мундагчуулаас өөрийн гэсэн урт далайцтай бичвэрийн хэв маягаараа онцгойрон ялгардаг нэгэн юм.
Хэрвээ түүний дэлгэрэнгүй ярилцлагыг уншихыг хүсвэл ЭНД дарна уу
ДАРАНГУЙЛЛЫГ СӨРЖ, АРДЧИЛЛЫГ ТУНХАГЛАСНЫ ТӨЛӨӨ | 2025 оны Нобелийн Энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний зүтгэлтэн, ардчиллын төлөө тэмцэгч Мариа Корина Мачадо авсан. Нобелийн комиссын дарга Иорген Ватне Фриднес шагналтныг зарлахдаа “Энэхүү шагналыг энх тайвны төлөө тууштай тэмцдэг, зоригтой, түнэр харанхуйн дунд ардчиллын бамбарыг асааж буй эмэгтэйд олгож байна” гэсэн юм. Нобелийн комисс Х дээр мэдэгдэл хийхдээ “Венесуэлийн ард түмний ардчилсан эрхийг дэмжихийн төлөө хийсэн ажил болон дарангуйллын дэглэмээс ардчилал руу энх тайвны замаар шилжих гэсэн хүчин чармайлтыг нь үнэлж уг шагналыг олгосон” хэмээжээ.
Венесуэль улс өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгууль явуулсан бөгөөд сонгуульд Николас Мадуро ялалт байгуулсан гэж Венесуэлийн сонгуулийн хороо мэдэгдэж байв. Энэ үр дүнг нь тус улсын сөрөг хүчин болон барууны орнууд хүлээн зөвшөөрөөгүй юм. Венесуэлийн сөрөг хүчнийхэн сонгуульийн хөндлөнгийн ажиглагчдын тусламжтайгаар санал хураалтын талаарх далд мэдээллийг дэлгэж, Мадуро үнэндээ өвдөг шороодсон гэдгийг илрүүлэн зарласан.
АНУ-ын улс төрчид энэ жилийн шагналыг Ерөнхийлөгч Доналд Трамп авах ёстой гэх байр суурийг илэрхийлсэн юм. Мачадо шагнал авах болсноо мэдсэн даруйдаа "Трампт зориулж байна" хэмээн мэдэгдсэн билээ.
ДЭЛХИЙ ДАЯАР АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ХЭРХЭН ДЭЭШЛҮҮЛЖ БОЛОХЫГ ХАРУУЛСНЫГ ҮНЭЛЖ | Энэ жилийн Нобелийн эдийн засгийн шагналыг Жоэл Мокир, Филипп Агион, Питер Ховитт нар хүртсэн. Нобелийн комисс мэдэгдэл хийхдээ тэд инновац болон хуучин системийг тасралтгүй шинэчлэгдэх creative destruction хүч нь эдийн засгийн өсөлтийн өдөөгч хүч болж болдгийг харуулсан тул шагнаж байна гэж мэдэгдсэн юм. Тэдний хийсэн бүтээл дэлхий даяар амьжиргааны түвшнийг хэрхэн дээшлүүлж болохыг харуулжээ.
Техник технологиор дамжуулж аж үйлдвэрлэлийн шинэ аргыг барил бий болж, энэ нь улмаар амьжиргааны түвшин, эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжрахад хүргэдэг болохыг тэдний ажил тайлбарласнаараа Нобелийн шагналыг хүртсэн юм.

ЭМГЭНЭЛИЙН МЭДЭЭ | Дэлхий даяарх католикчуудыг 12 жилийн турш удирдан чиглүүлсэн Пап Францис дөрөвдүгээр сарын 21-нд 88 насандаа таалал төгссөн. Энэхүү мэдээ нь дэлхийн католик шашинтнуудын хувьд харамслын, гунигт мэдээ болон түгсэн юм.
Тэрбээр 2023 онд Монгол Улсад айлчлан ирж байсан бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзан соёл боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн асуудлаар санал солилцож байв. Пап Францис “Агуу түүхтэй ард түмэн язгуур уламжлалаа авч үлдэн залуу үедээ залгамжилж байгаа нь Монголчуудын чин зориг, чин сэтгэлийн агуу их уламжлал бөгөөд түүхэн, онцгой явдал юм” гэж хэлсэн удаатай.
Тэр таалал төгсөхөөсөө өмнө өөрийг нь ямар нэгэн онцгой гоёл чимэглэлгүй оршуулахыг хүсэж байсан бөгөөд түүнийг Ватикан дахь гэгээн Петрийн сүмд оршуулсан.
АРИУН ЧАНАРЫГ ЗАЛГАМЖЛАХУЙ буюу ПАП ЛЕО | Ватиканы туг цагаан, шар байдаг нь ариун чанар, итгэл хийгээд эрх мэдэл уламжлалыг бэлгэддэг байна. Августин уламжлалд даруу төлөв, суртахуун, итгэлт байдлыг илтгэдэг. Пап Францисыг залгамжлах хүнээр АНУ-ын иргэн кардинал Роберт Привост сонгогдсон юм. 69 настай тэрбээр XIV Лео нэрийг авсан. Пап Лео нь гэгээн Петрийн сэнтийд заларсан 267 дахь хүн юм.
Пап ламаар тодорсныхоо дараа хэлсэн анхны үгэндээ тэр “Биднийг адисалсан пап Францисын зоригтой үг одоо ч гэсэн чихэнд минь сонсогдож байна” хэмээн түүнийг дурссан нь олны хүндлэлийг төрүүлсэн билээ. XIV Лео нь Францисын хийсэн шинэчлэлийг дэмжигч юм. Цагаачлал, хүрээлэн буй орчин болон нийгмийн эмзэг бүлгийнхний асуудал дээр тэр Францистай ижил үзэл санаатай гэдгээ илэрхийлсэн.
Пап Лео дотоод хагарал, хуваагдал үүсээд буй энэ үед сүмийн нэгдмэл байдлыг хадгалахын төлөө ажиллаж эхлэв. Тэрбээр пап ламын моццетта өмсөх зэрэг уламжлалт зан үйлийг үзүүлсэн нь консерватив буюу уламжлалт үзэлтнүүдэд таалагдсан. Түүнийг Ромын папаар сонгох ёслолын үеэр дэлхийн баялгийг ашиглаж, буурай иргэдийг гадуурхдаг эдийн засгийн тогтолцоог шүүмжилж. Автократ байх шаардлагад хэзээ ч бууж өгөлгүйгээр засаглахыг эрэлхийлнэ гэдгээ илэрхийлсэн. Пап XIV Лео Украины дайныг зогсоох хүчин чармайлтыг онцолж, Зеленскийтэй уулзсан бөгөөд Украины дайныг зогсоохыг уриалсан юм.
СҮМИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭВ | Лео туршлагатай номлогч нарыг томилгоонд сонгож, Ватиканы удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн. Мөн агентлаг хоорондын хамтын ажиллагааг сайжруулахын тулд Ватиканд дотоод шинэчлэл хийхээр дорвитой ажлуудыг эхлүүлсэн нь сүмийн нэр хүндийг сэргээхэд эерэг нөлөөл үзүүлэх болсон юм.
Лео олны анхаарлыг татсан шүүмжлэл гаргахаас илүүтэйгээр хөшигний ард яриа хэлцэл хийхийг чухалчилж үздэг аж. Тэрбээр хүмүүнлэг болон энх тайвны асуудлаар Украин, Израил, Палестины ерөнхийлөгч зэрэг мөргөлдөөнтэй бүс нутгийн удирдагчидтай уулзах, Христийн шашны бусад урсгалын удирдагчидтай мөргөл үйлдэх зэргээр шашин хоорондын харилцааг идэвхтэй өрнүүлсэн юм.
Пап Лео өөрийн бүрэн эрхийн эхний жилдээ эв нэгдлийг эрхэмлэн, нийгмийн буурай бүлгийг дэмжиж, энх тайвны төлөө яриа хэлцэл хийх байдлаар ажиллав.

AI ҮНЭХЭЭР БИДНИЙ ИРЭЭДҮЙ ЮУ | Хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтний ирээдүйг өөрчлөх технологи хэмээн нэрлэгдэж буй. Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг болох Билл Гейтс 2023 онд хиймэл оюун ухааны эрин үе эхэллээ хэмээн зарлаж байсан юм. Тэр хиймэл оюун ухааныг хувийн компьютер, интернэт болон гар утастай ижил түвшний хувьсгал авчирна гэж бодож буйгаа тухайн үед илэрхийлсэн.
Хиймэл оюун ухаан хүмүүсийн амьдралыг өөрчлөх технологи гэдэг нь маргаангүй үнэн. Гэхдээ тус салбар дахь өрсөлдөөний улмаас хиймэл оюун ухаан хөгжүүлдэг компаниудын үнэлгээ хөөсөрч байна гэх болгоомжлол энэ онд нэмэгдэх болов. Технологийн салбарынхан ч бүгд л үүнтэй нэг дуугаар санал нийлж буй. Гэхдээ тэр хөөс нь яг ямар, хагарахаараа юу болох тал дээр санал зөрөлдөж байгаа юм.
Өнгөрсөн долоодугаар сард “MIT”-ийн хийсэн нэгэн судалгаа олны анхаарлыг татсан. Хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулсан байгууллагуудын 95 хувь нь ямар ч ашиг олоогүй болохоор уг судалгаагаар харуулсан байна. Үүнээс болоод технологийн компаниудын хувьцааны ханш түр хугацаанд уналт үзүүлэв. Хэдийгээр судалгааны бодит агуулга нь тийм ч сөрөг байгаагүй ч, энэ нь шүүмжлэгчид олон сарын турш ярьсаар ирсэн асуултад хариулт өгсөн баримт болж чадсан гэхэд хилсдэхгүй.
ХӨӨС ХАГАРВАЛ ХЭРХЭХ БОЛ | Хиймэл оюун ухааны эргэн тойронд хэт их хүлээлт нь бодит байдлаас хол тасарсан байж магадгүйг дээрх судалгаа харуулсан. Наймдугаар сард ChatGPT-ийг хөгжүүлдэг “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хүмүүсийн яриуд буй хэт хөөсрөлийн талаар ам нээхдээ, 2000-аад оны интернэтийн "дот-ком"-ын хөөсрөлтэй харьцуулсан байна. Тэр "Интернэт үнэхээр чухал технологи байсан ч хүмүүс хэт их хөөрсөн" хэмээн тодорхойлов. Түүний энэ үгийн маргаашаас хөрөнгийн зах зээл дахиад л донсолж орхисон. Гэхдээ энэ яриаг тойрч маш олон санал зөрчилдөөнүүд урган гарсаар л..
Америкийн Технологийн компанийн удирдагчид энэ айдсыг ашиглан өрсөлдөгчөө шүүмжилж, өөрсдийгөө ирээдүйн ялагч гэж харуулахыг хичээх болжээ. Хөөсийг хэрхэн тодорхойлж байгаа нь тухайн компани зах зээлд ямар байр суурьтай байгаагаас хамаарч байна.
“Мета”-гийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нөхцөл байдлыг төмөр зам болон интернэтийн шилэн кабель баригдаж байсан үеийн хөөстэй харьцуулсан юм.
“Google”-ийн захирал Сундар Пичай ч мөн хиймэл оюун ухааны салбарын энэ өсөлтөд “эрүүл бус" зүйл байгааг анхааруулсан байна. Тэр "Ямар ч компани, манайх ч гэсэн хөөс хагарахад үр дагавраас нь ангид үлдэж чадахгүй" гэсэн юм.
Хиймэл оюун ухааны компаниуд асар их хэмжээний санхүүжилт босгож, үнэлгээ нь түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Энэ санхүүжилтийн ихэнх нь аварга том дата төвүүдийг барихад зарцуулагдаж буй. “OpenAI” болон Илон Маскийн “xAI”, мөн “Мета”, “Google” зэрэг компаниуд дата төв барихад асар их хөрөнгө оруулахаа амласан. Жишээлбэл “OpenAI” компани дата төв барихад 500 тэрбум доллар зарцуулна гэх амлалт өгсөн.
Хиймэл оюун ухаан хөгжүүлж буй эдгээр компаниуд дата төвүүдэд ийм их хөрөнгө зарцуулчихаад хүлээлтэд хүрсэн хиймэл оюун ухааныг бүтээж чадахгүй бол хөөс хагарна. Тэрхүү хөөс хагарах нь ноцтой үр дүн дагуулна гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
БЭЛТГЭСЭН: ЕРӨНХИЙ РЕДАКТОР Ц.ТАМИР,
ГАДААД МЭДЭЭНИЙ СЭТГҮҮЛЧ Б.БУЯНДОРЖ,
ЗУРААЧ: Б.ТӨРМӨНХ
ЗУРГИЙН ЭВЛҮҮЛГИЙГ: Г.ЗОЛБОО










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нийтлэлийг уншаад их юм бодогдлоо дэлхий дээр дайн улс төр шашин технологи гээд бүгд хоорондоо холбогдчихсон жирийн бид нарын амьдралд хүртэл нөлөөлөөд байгааг ойлголоо зарим нь аймаар сүрдмээр сонсогдож байна
ene bukhniig unshaad bi neg tald ni itgej neg tald ni ergelzeed suuj bna trump putin zelenskii nar yamar ch huuchin togloomiig dahin toglood baigaa yum shig ard irged l hohirood uldej bna
Японы эмэгтэй ерөнхий сайдын тухай хэсэг их сонирхол татлаа манайх шиг оронд эмэгтэй хүн ингэж хатуу байр суурьтай гарч ирвэл хүмүүс яаж хүлээж авах бол гэж бодогдлоо
takaichi sanae giin bodlogo neleen hatuu sonsogdoj bna gehdee asia dotor tiim bolgoomjtoi bhgui bol bolohgui gej bodogdson hunii ug shig sanagdsan
Нобелийн шагналын хэсгийг уншаад шинжлэх ухаан үнэхээр чимээгүйхэн дэлхийг өөрчилж байдгийг дахин мэдэрлээ бид өдөр тутам хэрэглэж байгаа юмныхаа цаана ийм олон хүний хөдөлмөр байдгийг мартчихдаг юм байна
nobel avsan humuusiin neriig ch sain medehgui yavsan bn gehdee tednii hiisen ajilgui bol bidnii amidral yamar bh baisan bol gej bodohоор ih l sonin sanagdaj bna
Пап Францисын тухай уншаад сэтгэл нэг л гунигтай боллоо Монголд ирж байсан нь одоо бодоход түүхэн үйл явдал байж дээ тэр хүний үг их тайван бас дулаахан санагддаг байсан
shine pap leo giin tuhai heseg ni bas sonirholtoi bna ene hun chimeegui gej helj bolohoor ch ih zoriulalttai ajil hiih shig sanagdsan shashnii dotor ch uurchlult heregtei yum bn
Хиймэл оюун ухааны хэсэг дээр ирэхээр толгой жаахан эргээд явчихлаа хэт их мөнгө хөөсрөл ярьсаар байгаад эцэст нь бид л хохирох вий гэсэн айдас төрж байна
ai iin talaar yarikh tusam bi sain ch yum uu muu ch yum uu gej oilgohgui l yavna manai ajliig avah uu esvel ajliig hylbar bolgoh uu gedeg ni todorhoi bish l bna
Орос Украины дайн ийм удаан үргэлжилнэ гэж хэн ч бодоогүй байх эцэст нь энх тайван гэдэг үг улс төрчдийн аманд л үлдээд бодит амьдрал дээр хэрэгжихгүй юм шиг санагдаж эхэллээ
ene dainii tuhai medee unshikhaas zalhaj bna gehdee unshihgui bol bas bolohgui delhiin une shan amidral bugd hamaatai bolchihson
Япон Хятадын хоорондын хурцадмал байдал манайд хол мэт атлаа бодоход гуравдагч хөрш бодлого эдийн засагт шууд нөлөөлөхөөр ойрхон сэдэв юм байна гэж ойлголоо
hyatad japan hoyriin margaan bol zugeer neg ugnii zurchil bish gej haragdaj bna tsaana ni tom zevseg geopolitiik bna gedeg ni ilt
Нобелийн энх тайвны шагналыг авсан эмэгтэйн тухай уншаад зориг гэдэг ойлголт дахин бодогдлоо тийм нөхцөлд дуугарна гэдэг амар биш байхаа
Нобелийн энх тайвны шагналыг авсан эмэгтэйн тухай уншаад зориг гэдэг ойлголт дахин бодогдлоо тийм нөхцөлд дуугарна гэдэг амар биш байхаа
venezueld bolood baigaa yumnii tuhai bid baga meddeg ch ardchilal gedeg ug yag amidral deer yamar une tsenetei gedgiig ene tuuh haruulj bna
Пап Лео эмэгтэйчүүдийг удирдлагад оруулж эхэлсэн нь их зөв алхам санагдлаа шашин ч гэсэн нийгмээсээ хоцрох ёсгүй биз дээ
shashnii baiguullaga ch hunii baiguullaga uchraas aldaa zasvar heregtei bdag gej boddog ene leo gej hun teriig oilgoson shig sanagdsan
Хиймэл оюун ухаанд асар их мөнгө цутгаад үр дүн гарахгүй бол дараагийн хямрал яг тэндээс эхлэх юм биш биз гэсэн айдас төрөөд байна
data tuv barina geed mash ih mungo zartsuulj baigaa ni jaahan hetruulsen shig l sanagdaj bna daraa ni hen hariutslaga uureh bol
Трампын амлалт яагаад ийм олон удаа өөрчлөгдөөд байгааг жирийн хүн ойлгоход үнэхээр хэцүү улс төр гэдэг шударга биш тоглоом юм шиг
trump ug helikhdee amarhan ajil hiikhdee hund gej yag unen ug baidag yum bn ene dain deer tod haragdaj bna
Японд эмэгтэй удирдагч гарч ирсэн нь Азид нэг дохио өгч байх шиг санагдсан манай бүс нутагт бодлого улам чангарч магадгүй
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud