Трамп 2020 оны сонгуульд ялагдсан гэдээ хүлээн зөвшөөрч байсан гэв
АНУ-ын Хууль зүйн яамны тусгай зөвлөх асан Жэк Смит Доналд Трамп 2020 оны сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж хэлж байжээ. Түүний хэлснээр Трамп 2020 оны сонгуульд Жо Байденп ялагдсанаа бусдад хүлээн зөвшөөрч байсан аж. Смит Трампын эсрэг хоёр эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байсан ч одоо тэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн хороо лхагва гарагт /2025.12.31/ 255 хуудас бүхий баримт бичгийг дэлгэжээ. Тэрхүү баримт бичиг дотор Смитийн арванхоёрдугаар сарын дундуур өгсөн мэдүүлэг байсан юм. Смит Хууль зүйн хорооны өмнө мэдүүлэг өгөхдөө өөрийн ахлан явуулсан мөрдөн байцаалтын ажлаа хамгаалж үг хэлжээ.
Смитийг мөрдөн байцаалт явуулж байх үед Трампын томилсон албан тушаалтнууд болон Бүгд найрамдах намын гишүүд түүнийг ихээхэн шүүмжилсэн. Тэд Смитийн мөрдөн байцаалтыг ор үндэсгүй, хуулийн тогтолцоог буруугаар ашигласан явдал гэж шүүмжилдэг байсан. Трамп 2024 оны сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэргүүдийг улс төрийн зорилготой, Байден АНУ-ын хууль зүйн салбарыг зэвсэг болгон ашиглаж байна хэмээн шүүмжилсэн юм.
Олон нийтийн өмнө Трамп 2020 оны сонгуульд ялсан гэж худал мэдэгдэл гаргасаар ирсэн. Мэдүүлэг авах үеэр Смитээс "Трамп Байденд үнэхээр ялагдсан гэдгээ хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрч байсан уу?" гэж асуужээ. Үүнд Смит "Тийм ээ" гэж хариулсан аж.
Тэрбээр нэмж хэлэхдээ "Трамп бусад хүмүүсийн хажууд янз бүрийн зүйл ярьж байсан. Нэг удаа тэр “Сонгуульд ялсан эсвэл ялагдсан нь хамаагүй. Эцсээ тэмцэх ёстой” гэж хэлсэн. Мөн Жо Байденийг дурдаж “Би энэ новшийн залууд ялагдсан гэдэгт итгэж чадаж байна уу” гэж хэлсэн удаа бий" гэжээ.
Трампын хэлсэн эдгээр зүйлийг эрүүгийн хэргүүдийг батлах чухал нотолгоо гэж үзэж байгаагаа Смит хэлсэн юм. Цагаан ордон Смитийн энэхүү мэдүүлгийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна
Смит болон түүний баг 2023 онд Трампыг хоёр үндэслэлээр буруутгасан. Нэг нь ерөнхийлөгчийн бүрэх эрхт хугацаа дууссаны дараа нууц баримт бичгүүдийг хууль бусаар авч үлдсэн, нөгөө нь 2020 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг оролдсон гэх хэрэг байв.
Гэвч Трамп 2024 оны сонгуульд ялалт байгуулсны дараа Смит эдгээр хэргүүдийг зогсоосон юм. Албан тушаал хашиж буй ерөнхийлөгчийн бүрэн эрхт байдлыг хамгаална гэх хууль байдаг тул тэр хэргийг хаажээ. Смитийн хэлэхдээ түүний баг улс төрөөс ангид гэсэн бол Трампын талынхан үүнийг улс төрийн зорилготой байсан гэж буруутгасаар байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.