Гадаад мэдээДЭЛХИЙ

Ким Жон Ун өөрийг нь хөнөөх оролдлого гарч магадгүй гэж болгоомжилж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийнх нь аюулгүй байдлыг хариуцдаг гурван гол албан тушаалтныг сольсон байна. Энэ талаар БНСУ хот мягмар гарагт /2026.01.13/ мэдээлжээ. Ким Жон Ун өөрийнх нь амь насанд халдах оролдлого гарч магадгүй гэж эмээж буйг энэ өөрчлөлт харуулж байна хэмээн Өмнөд Солонгосын тал дүгнэж байгаа аж.

Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн яам Ким Жон Уны аюулгүй байдлыг хангадаг гурван өөр агентлагийн дарга нар шинээр томилогдсон болохыг тогтоожээ. Тэдгээр албан тушаалтнууд өөрчлөгдсөн гэдгийг өнгөрсөн оны аравдугаар сард болсон цэргийн парадын үеэр анх ажигласан байна.

Ким Жон Ун ийм өөрчлөлт хийсэн нь Украины дайнд цэргээ илгээх шийдвэртэй холбоотой байж магадгүй гэж шинжээчид тайлбарлаж байна. Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн шинжээч Хон Мин 2024 оны аравдугаар сард  Хойд Солонгос Украины дайн руу цэргээ илгээсний дараа Ким Жон Уныг хамгаалах албаныханд өөрчлөлт орсон гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ, Ким Жон Ун цэрэг илгээснээсээ болоод олон улсын анхаарлын төвд орсон тул украинчууд түүний амь насанд халдахыг оролдож магадгүй гэж болгоомжилсон байж болзошгүй юм.

Мөн АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан явдал Пёньяны удирдлагуудын айдсыг улам нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна. Учир нь БНАСАУ-ын эрх баригчид Вашингтон үүнтэй ижил цохилт өгч, удирдлагуудыг нь устгах төлөвлөгөөтэй байгаа гэж эртнээс хардаж ирсэн.

БНСУ-ын тагнуулын алба мэдээлснээр Ким Жон Ун өөрийнх нь эсрэг чиглэсэн аюул заналхийллээс сэргийлж хамгаалалтаа эрс нэмэгдүүлжээ. Түүний ажлын алба сүлжээ таслагч төхөөрөмж болон дрон илрүүлэх хэрэгсэл зэрэг орчин үеийн технологиудыг хамгаалалтад нэмэхээр ажиллаж байгаа аж.

Ким Жон Ун сүүлийн үед албаны ажлынхаа үеэр өөрийн охин Ким Жүэг дагуулж явах болсон. Саяхан тэрбээр охинтойгоо хамт цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцыг очиж шалгасан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Ким Жүэ тус улсын дараагийн удирдагч болох магадлал хамгийн өндөр байгаа юм.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button