Юн Сок Ёлд цаазын ял оноох эсэх шийдвэрийг хоёрдугаар сард гаргана
Өмнөд Солонгосын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд цэргийн онц байдал зарласных нь төлөө цаазаар авах ял оноохыг шүүхэд санал болгосон. Юн Сок Ёл нь шүүх болон хууль тогтоох засаглалыг өөрийн хяналтад авч, эрх мэдлээ хадгалахыг оролдсон бослогын гол удирдагч гэж прокурорууд үзсэн байна.
Прокуроруудын багийг ахалж ажилласан Чо Юн Сүк мягмар гарагт /2026.01.13/ болсон шүүх хурлын сүүлийн сонсголын үеэр цаазаар авах ял оноохыг зөвлөсөн юм. Шүүх шийдвэрээ хоёрдугаар сарын 19-нд гаргахаар товложээ. Мягмар гарагийн өглөө эхэлсэн шүүх хурал 11 цагийн турш үргэлжилж, орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнийн 02:25 цагт дууссан. Тус сонсгол өнгөрсөн баасан гарагт болж өнгөрөх байсан ч өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн улмаас хойшлогдсон юм.
Түүний багийн прокурор Пак Ок Сү хэлэхдээ, Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл шүүх болон парламентыг хяналтдаа авч, эрх мэдлээ удаан хадгалах зорилгоор цэргийн онц байдал зарласан гэсэн юм. Тэр “Зөвхөн улс орны ашиг сонирхолд зориулах ёстой төрийн нөөцийг хувийн зорилгодоо ашигласан тул гэмт хэргийн шинж чанар нь маш ноцтой” гэж хэлсэн байна.
Мөн Юн Сок Ёл өөрийнх нь үйлдэл үндсэн хуульд болон ардчилалд хохирол учруулсанд огт гэмшихгүй байгааг Пак Ок Сү дурдсан юм. Тэрбээр “Хэргийн хамгийн том хохирогчид нь дарангуйллын эсрэг тэмцэж, ардчиллаа хамгаалж ирсэн ард түмэн юм” гэжээ.
Юн Сок Ёл сонгсолын үеэр 90 минутын турш үг хэлэхдээ гэм буруугүй гэдгээ дахин илэрхийлж, онц байдал зарлах нь ерөнхийлөгчийн үндсэн хуулиар олгогдсон эрх тул бослого гэж тооцогдох ёсгүй хэмээсэн юм .
Цэргийн онц байдал зарласан нь иргэдийг дарангуйлах оролдлого биш, харин эрх чөлөөг хамгаалж, үндсэн хуулийн дэг журмыг сэргээх гэсэн үйлдэл байсан гэж тэр тайлбарлажээ. Мөн өөрийнх нь эсрэг явуулж буй мөрдөн байцаалтыг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж шүүмжилсэн байна.
Юн Сок Ёл цэрэг, цагдаагийн хүчнийг ашиглан Үндэсний ассамблейн ордныг хааж, гишүүдийг хууль батлахад нь саад учруулсан төдийгүй парламентын дарга болон намуудын удирдлагуудыг баривчлах тушаал өгсөн хэрэгт холбогдоод байна. Юн Сок Ёл нь албан тушаалаа хашиж байхдаа баривчлагдаж, яллагдсан анхны ерөнхийлөгч болсон юм.
Прокурорууд энэ хэрэгт оролцсон бусад хүмүүст ч хатуу ял төлөвлөжээ. Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд бүх насаар нь хорих ял, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Чо Жи Ход 20 жил, Сөүл хотын цагдаагийн дарга асан Ким Бон Сикт 15 жил, харин хошууч генерал асан Но Сан Вонд 30 жил хорих ял оноохыг шүүхээс хүссэн.
БНСУ 1997 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгээгүй учир олон улсын байгууллагууд тус улсыг энэ ялыг хэрэгжүүлдэггүй оронд тооцдог. Өмнө нь 1996 онд ерөнхийлөгч асан Чон Ду Хуанд мөн бослого гаргасан хэргээр цаазаар авах ял оноох санал гарч байсан юм. Түүнийг 1979 оны төрийн эргэлт болон 1980 оны Кванжугийн ардчилсан хөдөлгөөнийг хүчээр дарсан хэрэгт буруутгаж билээ.
Эх сурвалж: Yonhap News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
жинхэнэ малан баас ерөнхийлөгч байлаа.