Трампын ая эвийг олж, Венесуэлийн удирдагч болохоор өрсөлдөж буй хоёр эмэгтэй
Эдийн засаг болон улс төрийн хямралд ороод буй Венесуэлийн сая сая иргэн нь ирээдүйд улс нь хэрхэх бол гэж түгшүүртэй хүлээж байна. Одоо тус улсыг хэн удирдах вэ гэдэг асуулт сонирхол татаж буй. Тэгвэл Венесуэлийн төрийн эрхийн төлөө хоёр эмэгтэй улс төрч өрсөлдөж эхэлжээ. Тэдний тэмцэл зөвхөн эрх мэдлийн төлөө бус, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дэмжлэгийг авахын төлөөх өрсөлдөөн болоод байна.
Нэг талд нь сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Мария Корина Мачадо байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд Венесуэлд ардчиллыг тогтоохын төлөө тууштай тэмцэж, олон нийтэд нэртэй болсон. Мачадо АНУ-ын цэргүүдэд баригдсан Николас Мадурогийн эсрэг зогсож чадсан сөрөг хүчний удирдагч юм.
2024 онд ихээхэн маргаан дагуулсан ерөнхийлөгчийн сонгууль явагдсаны дараа Мачадо эрх баригчдаас нуугдах болсон. Сонгуульд Мадуро өөрийгөө ялсан гэж зарлаж, эрх мэдлээ хадгалж үлдсэн билээ. Гэвч үнэндээ Мадуро сонгуульд ялагдсан гэдгийг Мачадогийн удирдсан сөрөг хүчин баримт нотолгоо дэлгэн харуулсан юм. Барууны орнууд 2024 оны Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрдөггүй.
Түүний өрсөлдөгч нь Делси Родригез юм. Тэрбээр Мадурогийн засаглалын үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо Венесулийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж буй. Шинжээчид Родригезыг Венесуэлийн хуучин дэглэмийг тууштай хамгаалдаг хүмүүсийн нэг гэж үздэг. Одоо тэр Вашингтон болон Венесуэль дэх Мадурогийн талыг баримтлагчдын хооронд маш аюултай, нарийн тэнцвэрийг хадгалахыг хичээж байгаа юм.
Энэхүү өрсөлдөөний төвд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп зогсож байна. Тэрбээр Венесуэлийн нийслэл Каракаст цэргийн ажиллагаа явуулах тушаал өгч, Венесуэлийг түр хугацаанд АНУ удирдана гэж мэдэгдсэн. Трамп Венесуэльд дахин цохилт өгөөгүй байгаа ч аюул заналхийлэл байсаар. АНУ-ын зэвсэгт хүчин хуурай газарт хар тамхины бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа эхлүүлнэ гэж Трамп саяхан мэдэгсэн. Мөн Трамп Карибын тэнгист байрлуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн асар том флотоо таталгүй, Каракаст шахалт үзүүлсээр байна.
Трамп хэнийг дэмжих вэ гэдэг нь Венесуэлийн ирээдүйн удирдагч хэн байхыг шийдэх маш чухал хүчин зүйл болно. Одоогоор нөхцөл байдал Родригезийн талд ашигтай мэт харагдаж байна. Трамп Родригезийг сайшаасан ч Мачадог дэмжсэн мэдэгдэл гаргаагүй байгаа юм.
Родригез хоёр талын хооронд тэнцвэр хадгалах гэж оролдож байна
Вашингтоны дэмжлэг чухал гэдгийг мэдэж байгаа тул Родригез, Мачадо хоёр Трамптай шууд холбоо тогтоон хэлэлцэж эхэлжээ. Лхагва гарагт Трамп Родригезтэй утсаар ярьсныхаа дараа түүнийг гайхалтай хүн гэж нэрлэж, маш сайн ойлголцож байгаа гэсэн юм.

Родригез болгоомжтойгоор хоёр талд тоглолт хийж байна. Тэрбээр АНУ-ын ажиллагааг зэрлэг бүдүүлэг хэрэг гэж буруутгаж, Мадурог суллахыг шаардсан ч нөгөө талдаа Вашингтонтой хамтран ажиллах санал тавьсан.
Тэрбээр АНУ-ын хоригдлуудыг суллаж, газрын тос нийлүүлэх замаар Цагаан ордны дэмжлэгийг олж авахыг хичээж байгаа юм. Венесуэл дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орнуудын нэг учраас Трампын энэ нь хувьд чухал асуудал.
Цагаан ордныг ятган сэнхрүүлэх түүний оролдлого одоохондоо үр дүнтэй байна. Трамп болон түүний захиргааны бусад гол албан тушаалтнууд Родригезийг хамтран ажиллаж болохуйц тогтвортой, бодитой сонголт гэж харж буйгаа илэрхийлсэн. Мөн бизнесийн боломжид нээлттэй хүн гэж түүнийг сайшаажээ.
Гэвч Родригез хоёр талын ая эвийг олох гэсэн маш хэцүү нөхцөл байдалд байгаа юм. Ийм стратеги баримталснаар ялна гэсэн баталгаагүй хэмээн “Council on Foreign Relations”-ийн Латин Америкийн судалгааны төвийн судлаач Уилл Фриман хэлсэн байна.
Фриман “Розригез зорилгынх нь төлөө ажиллаж байна гэж Трампын захиргаанд итгүүлэх ёстой. Үүний хажуугаар Мадурод үнэнч албан тушаалтнууд, мөн зэвсэгт хүчнийхэнд нь урвахгүй гэдгээ харуулах хэрэгтэй. Тэр энэ нарийн тэнцвэрийг хэр удаан хадгалж чадахыг бид ажиглана” гэж нэмж хэлжээ.
Мачадог Трампын захиргааны зарим албан тушаалтнууд дэмждэг
Мачадогийн хувьд Цагаан ордонд түүнийг хүчтэй дэмждэг албан тушаалтнууд байгаа нь давуу тал болно. Тэдний нэг нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио. Тэрбээр Мачадогийн хийж буй ажлыг өндрөөр үнэлж, түүнийг 2025 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн билээ. Мөн Трамп өнгөрсөн жил ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө Мачадог эрх чөлөөний төлөө тэмцэгч хэмээн сайшааж, түүний аюулгүй байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж байсан
Гэвч Мачадог Нобелийн шагнал авсны дараа Трампын хандлага эрс өөрчлөгдсөн. Трамп энэ шагналыг авахыг маш их хүсжу ирсэн. Тэр өнгөрсөн долоо хоногт "Надаас илүү Нобелийн шагнал хүртэх гавьяатай хүн дэлхийн түүхэнд байхгүй. Би онгирох гэсэнгүй, гэхдээ надаас өөр дайн зогсоож буй хүн алга" гэжээ.
Мадурог барьсныхаа дараа Трамп Мачадог улс орноо удирдаж чадах хэмжээний дэмжлэггүй гэж шүүмжилсэн байна. Мачадо Трампын ая эвийг олохын тулд тулд шагналаа Трампад бэлэглэх талаар ч ярьсан ч Нобелийн комисс шагналыг шилжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ том шагналаа трампад өгнө гэж тэнэгтдэг
ёстой тэнэг мэдрэл улс төрийн банзал авгай юм даа мэдээж Нобелийн хороо дэмжихгүй ш дээ