Судалгаа: Ой мод устсанаар шумуулууд хүн хазах нь нэмэгдэж байна
Ой мон устах нь шумуулуудыг хүн хазахыг нэмэгдүүлж байгааг харуулсан судалгаа эрдэмтэд явуулжээ. Тодруулбал эрдэмтэд Атлантын далай орчмын ой модон дунд шумуулуудын зан үйлдлийг судалжээ.
Атлантын далай орчмын ой мод хурдацтай устаж байгаа юм. Үүнийг дагаад шумуулууд хүмүүс амьдардаг орчинд дасан зохицож байгааг эрдэмтэд тогтоожээ. Олон төрлийн шумуул ойн зэрлэг амьтдын оронд хүний цусаар хооллохыг илүүд үзэх болсон аж. Ингэж зан авирт нь гарсан өөрчлөлт Денге, Зика зэрэг аюултай вирус тархах эрсдэлийг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй.
Шумуулууд юугаар хооллож байгааг мэдэхийн тулд эрдэмтэд Бразилын Рио-де-Жанейро мужийн хоёр байгалийн цогцолбор газарт гэрлэн урхи тавьжээ. Баригдсан шумуулууд дундаас цусаар хооллоод удаагүй байгаа эм шумуулуудыг ялган авч, лабораторид шинжилсэн байна.
Эрдэмтэд шумуулын доторх цуснаас ДНХ-ийг нь ялган авчээ. Дараа нь тодорхой нэг генийг судалсан байна. Сээр нуруутан амьтан бүр өөр өөрийн гэсэн генетикийн онцлогтой байдаг. Цуснаас ялган авсан генийг мэдээллийн сантай харьцуулах замаар эрдэмтэд шумуул ямар амьтныг хазсаныг олж тогтоожээ.
Судалгааны явцад 52 өөр төрөл зүйлийн 1,714 шумуулыг барьсан байна. Тэдгээрээс 145 эм шумуул нь саяхан цусаар хооллосон байжээ. Судлаачид 24 шумуулын хооллосон эх үүсвэрийг нарийн тодорхойлж чадсан юм. Тодруулбал 18 хүн, нэг хоёр нутагтан амьтан, зургаан шувуу, нэг нохойн төрлийн амьтан, нэг хулганаар хооллосон байсан аж.
Зарим шумуул нэгээс олон төрлийн амьтны цусаар хооллосон байжээ. Ск.Венезуэленсис зүйлийн шумуул хоёр нутагтан болон хүний цусыг нь сорсон байсан юм. Мөн Ск.Фасциолата зүйлийн шумуулууд мэрэгч ба шувуу, эсвэл шувуу ба хүний цусыг хольж сорсон нь тогтоогдсон юм.
Энэ нөхцөл байдалд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна гэж судлаачид үзэж дүгнэжээ. Судалгааг ахалж бичсэн Освалдо Крузын хүрээлэнгийн Жеронимо Аленкар “Атланын далай орчмын ой модноос барьсан шумуулын төрөл зүйл нь хүний цус сорохыг илүүд үзэж байгааг судалгаа харуулж байна” гэжээ.
Ой мод устаж, хүмүүс ойн гүн рүү суурьшихын хэрээр олон ургамал, амьтны төрөл зүйл үгүй болж байгаа юм. Үүний хариуд шумуулууд амьдрах орчин болон хооллох зуршлаа өөрчилж, хүмүүст улам ойртжээ. Рио де Жанейрогийн холбооны их сургуулийн микробиологич Сержио Мачадо "Байгалийн гаралтай идэш тэжээл ховордсон тул шумуулууд өөр эх үүсвэр хайхаас өөр аргагүй болж байна. Хүмүүс эдгээр бүс нутагт хамгийн их байгаа учраас тэд биднээр хооллох нь илүү амар болсон" гэж хэлсэн байна.
Шумуулд хазуулах нь зөвхөн хэсэг хугацаанд загатнах асуудал биш. Судалгаа хийсэн бүс нутгуудад шумуулууд Денге, Зика, Маяаро, Сабиа, Чикунгунья гэх мэт вирусийг тараадаг байна. Эдгээр халдвар нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, урт хугацааны хүндрэл үүсгэж болзошгүй. Шумуул хэрхэн хооллож байгааг ойлгох нь өвчин экосистем болон хүмүүсийн дунд хэрхэн тархаж байгааг мэдэхэд маш чухал гэдгийг эрдэмтэд онцолжээ.
Эх сурвалж: Science Daily












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.