ДЭЛХИЙНийгмийн

ХААНЫ ГЭР БҮЛ ЦУВРАЛ 5: ЯПОНЫ ИРЭЭДҮЙН ЭЗЭН ХААН

Япон улсын эзэн хааны гэр бүлийн цуврал нийтлэлийнхээ тав дахь дугаараар уншигч тантайгаа ахин золгон мэндчилж байна. Өнгөрсөн дугааруудад Японы өмнөх эзэн хаан Акихито, түүний хатан Мичико (өдгөө хоёул амьд сэрүүн), одоогийн эзэн хаан Нарухито, хатан Масако, эзэн хааны төрсөн дүү Фүмихито хунтайж, түүний эхнэр Кико гүнж, одоогийн эзэн хааны ганц охин Аико гүнж нарын талаар цувралаар бэлтгэн хүргээд байгаа билээ.

Харин энэ удаад Япон улсын ирээдүйн эзэн хаан Хисахито хунтайжийн бага нас, амьдрал хийгээд олон нийтийн дундах Хисахито хунтайжийн талаарх эргэлзээ, маргаантай сэдвүүдийг тэмдэглэн хүргэхэд бэлэн болоод байна.

Хисахито хунтайж бол одоогийн эзэн хааны төрсөн дүү болох Фүмихито хунтайжийн гурав дахь хүүхэд, ганц хүү нь юм. Япон улсын Эзэн хааны гэр бүлийн тухай хуулийн дагуу Японы эзэн хааны ширээг зөвхөн эрэгтэй угсаа залгамжлах ёстой бөгөөд хэрэв эзэн хаан хүүгүй бол дараа дараагийн удмууд руу хуулийн дагуу шилжих ёстой. Энэ дагуу одоо эзэн хаан Нарухитогоос хаан ширээг залгамжлан авах хүний жагсаалтын нэгдүгээрт түүний төрсөн дүү Фүмихито, хоёрдугаарт Фүмихитогийн хүү Хисахито нар хуулийн дагуу нэрлэгддэг. Хэдийгээр жагсаалтын нэгдүгээрт Фүмихито хунтайж нэрлэгдэж буй ч мөн дээрх хуулийн дагуу эзэн хаан нас бие нөгчиж үгүй болсон тохиолдолд дараагийн хүн хаан ширээг залгамжлах эрх үүсдэг тул нас ойролцоо хаан, хунтайж хоёрын араас шууд Хисахито хунтайж хаан ширээг өвлөн авах болов уу гэх таамагтай байгаа юм. 

Зургийн голд Японы өмнөх эзэн хаан Акихито хатан Мичикогийн хамт. Түүний хоёр талд эзэн хаан Нарухито болон хунтайж Фүмихото нар хатан, гүнжийн хамт

АРД ТҮМЭНДЭЭ ИТГЭЛ АВЧ ИРСЭН ХУНТАЙЖ

Хунтайж Хисахито 2006 оны есдүгээр сарын 6-ны 08:27 минутад Токиогийн Аикү эмнэлэгт мэндэлжээ.  Төрөх ёстой товлолт хугацаанаасаа хоёр долоо хоногийн өмнө, С сэкшн буюу биний хэлж заншсанаар “хийсвэрээр”, ээжийнхээ 40 насны босгон дээр төрж мэндэлсэн аж. Босгон дээр гэж хэлэх учир нь, хунтайжийн ээж Кико гүнж есдүгээр сарын 11-нд 40 нас зооглох ёстой байсан бөгөөд хэрэв товлолт хугацаандаа амаржсан бол гүнжийг 40 нас хүрсний дараа хүү хорвоод мэндлэх байж.

Хисахито хунтайж анх удаа олны өмнө гарч буй нь

Олон жил хааны гэр бүлээс угсаа залгамжлах эрэгтэй хүйсийн хүүхэд хүлээж байсан ард иргэд нь энэ хүүг төрөхөд баяр хөөрт автав. Учир нь тухайн үед ханхүү байсан Нарухито ганц охинтой, Фүмихито хоёр охинтой гээд аль аль нь хааны угсааг залгамжлуулах хүү төрүүлэлгүй 40 нас золгосон тул олон зуун жилээр залгамжлагдаж ирсэн, бурханы угсаатай удам тасрах аюулд хүрээд байсан гэж хэлж болно.

Өмнө дурьдсанчлан Хисахито хунтайж дээрээ хоёр эгчтэй, Мако болон Како гүнж. Мако гүнж 2021 оны аравдугаар сарын 26-нд энгийн иргэн Кэй Комуротой гэрлэлтээ батлуулж, хэргэм зэргээсээ татгалзсан. 2025 онд хосууд хүүхэдтэй болж, Хисахито хунтайж нагац ах болсон билээ.

Хунтайж Хисахитогийн том эгч Мако Комура нөхөр Кэй Комурагийн хамт. Эзэн хааны гэр бүлийн гишүүнчлэлээс татгалзаж буйгаа мэдээлэх хэвлэлийн хурлын үеэр

Хисахито хэмээх нэрийг түүний аав Фүмихито хунтайж хайрласан бөгөөд намуун, тогтуун бөгөөд ач буянтай, мэргэн ухаантай гэх олон гүн утгуудыг агуулна. Төрсөн цагаасаа эхлээд бусдын анхаарлын төвд орсон Хисахито хунтайж 2010 онд буюу дөрвөн нас хараахан хүрээгүй байх үедээ Очанамизү хэмээх их сургуулийн дэргэдэх хүүхдийн цэцэрлэгт элсэн орсон. Үргэлжлүүлэн тус сургуулийнхаа бага сургуульд суралцсан нь басхүү онцлог явдал байв.

Учир нь та бүхний өмнөх нийтлэлүүдээс харсанчлан хааны гэр бүлийн болон язгууртан гаралтай хүүхдүүд Гакушуины боловсролоор бүрэн хүмүүждэг. Үүний нэг жишээ бол Аико гүнж. Токиогийн Шинжикүд байрлах уг сургуульд Аико гүнж цэцэрлэгээсээ эхлээд их сургуулиа төгстөл явсан байдаг.

Хааны гэр бүлийн гишүүн бага сургуулиа Гакушуинаас өөр газраар сонгосон нь анхны тохиолдол байсан бөгөөд “Өөрийнхөөрөө шийдвэрээ гаргах зоригтой, ард түмэнтэйгээ ойр, өөрийгөө эгэл жирийн мэдэрч өсөөсэй гэж бодсон” хэмээн түүний ээж Кико гүнж дурьдсан удаатай.

ХУЛГАЙН ЭССЭ

Сургуульдаа хэвийн сурлагатай хүүхдүүдийн тоонд багтдаг Хисахито хунтайж 2021 онд Хүүхдийн уран зохиолын шагнал гардуулах ёслолын ахлах ангийн сурагчдын төрөлд өөрийн бичсэн эссэгээр  хоёрдугаар байр эзлэж олны талархлыг хүлээв. “Огасава арлуудад хийсэн аялал”-ынхаа тухай бичсэн уг эссэ удалгүй ханхүүг шүүмжлэлийн бай болгоход хүргэсэн юм.

2022 онд буюу уг шагналыг авсны дараахан “Хунтайжийн бичсэн эссэ хулгайн эссэ байсан. Тэрбээр очсон газрынхаа “Хөтөч ном”-оос хуулбарласан бөгөөд түүнийгээ ишлэл зүүлтэндээ оруулаагүй” гэжээ.

“The Times”-ийн мэдээлснээр уг хулгайн хэргийг анх орон нутгийн Шүкан Шинчо нэртэй сэтгүүл дэлгэн тавьж, түүний дараагаас “Хисахитгийн copy and past проблэм” гэх мэт хурц гарчигтай нийтлэлүүд борооны дараах мөөг шиг нэмэгдсэн билээ. Харин японы эзэн хааны гэр бүлд хүндэтгэлтэй ханддаг уламжлалт хэвлэлүүд бол уг асуудлыг хөөргөдөхийг хүсэлгүй, ерөнхий үйл явдлыг мэдээллээд орхисон гэдэг.

Эзэн хааны гэр ахуйн агентлагаас уг асуудалтай холбоотойгоор “Хунтайжийн бичсэн эссэнд ишлэл зүүлтийг зөв хийж, текстийн ном зүйд нэмж оруулсны дараагаар ахин зохион байгуулагчдад илгээнэ. Үүний дараа шагналыг буцаах эсэхийг зохион байгуулагчид шийднэ” хэмээн мэдэгджээ.

Энэ асуудлаас нь үүдэн Хисахито хунтайжийг шүүмжлэгч бүхэл бүтэн бүлэг бий болсон бөгөөд түүний өнгөрсөн үе, сурлага, өмссөн зүүсэн, хэлж ярьж байгаа, хөдөлж авирлаж байгаа гээд бүгдийг шүүмжлэн харлуулах болов.

This handout picture taken on August 7, 2022 and provided by the Imperial Household Agency of Japan on September 6, 2022 shows Prince Hisahito, Emperor Naruhito's nephew, posing for a photograph in the garden of the Akasaka imperial property residence in Tokyo. (Photo by Handout / Imperial Household Agency / AFP) / RESTRICTED TO EDITORIAL USE - MANDATORY CREDIT "AFP PHOTO / IMPERIAL HOUSEHOLD AGENCY" - NO MARKETING - NO ADVERTISING CAMPAIGNS - DISTRIBUTED AS A SERVICE TO CLIENTS - RESTRICTED TO EDITORIAL USE - MANDATORY CREDIT "AFP PHOTO / Imperial Household Agency" - NO MARKETING - NO ADVERTISING CAMPAIGNS - DISTRIBUTED AS A SERVICE TO CLIENTS /

Тухайлбал, Хисахито хунтайж гурван настайдаа юм ярьж чаддагүй байхад Аико гүнж өөрийн нэрийг японы уран бичлэгээр ханзаар бичиж байлаа. Зургаан настайдаа сайн алхаж чаддагүй байхад шодо урлагийн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байлаа. Найман настайдаа аавынхаа нэрийг ч сайн мэддэггүй байхад Аико гүнж олон олон шүлэг яруу найргуудыг уншиж, хэлэлцүүлдэг байлаа гэх зэргээр эзэн хааны охинтой ихэд харьцуулна. Басхүү ангидаа сурлагаар доогуур жагсдаг бөгөөд 17 насандаа явцын шалгалтан дээр 1000 оноо авах ёстойгоос 20 оноо авсан материал нь илчлэглэгдэж түүнийг оюуны багахан бэрхшээлтэй, ирээдүйд хаан эзэн болоход тэнцэхгүй гэх шүүмжлэл ч сүүдэр мэт дагана.

ТҮҮНИЙ ГЭРЛЭЛТ

Нэгэнт Япон улсын эзэн хааны угсаа залгамжлах үүрэг төрсөн цагаас нь нуруунд нь үүрэгдсэн энэ хүүг цаашид хэнтэй суух вэ, цаашид хүүтэй болох болов уу гэх ирээдүйд нь зовнисон асуултууд хүүг өсвөр насанд хүрэхтэй үгүйтэй нь зэрэгцэн сөхөгдөх болов.

Нөгөөтээгүүр, ийм хүнд ачааг үүрч ирсэн хунтайжтай ямар эмэгтэй гэрлэхийг зөвшөөрөх бол. Хааны хатан болохыг сонгосон Масако тухайлбал ард түмнийхээ “Хүү төрүүлж өгсөнгүй, хүү төрүүлж чаддаггүй” гэх дарамт шахалтаас үүдэн олон жил сэтгэлзүйн өвчнөөр шаналж байгаа бэлхэн жишээ бий. Тиймээс ч Хисахито хунтайжийн гэрлэлтийн асуудал одоо Эзэн хааны гэр бүлийн агентлагийн толгойны өвчин болоод байгаа нь маргашгүй үнэн.

Түүнийг 19 нас хүрч, анх удаа бие даасан хэвлэлийн хурлаа хийх үеэр ч сурвалжлагчид “Ямар хүнтэй гэрлэнэ гэж бодож байгаа вэ” гэж асуугаад амжсан.

Бас нэгэн олны дундах жиг жуг бол Хисахито хунтайжийн ээж Кико гүнж хүүгээ японы кино телевизийн од Мана Ашида гэх үзэсгэлэнтэй охинтой гэр бүл болгох сон гэж хүсдэгээ олны өмнө илэрхийлж байсан гэдэг.

Мана охин Хисахито хунтайжаас хоёр насаар эгч бөгөөд гурван настайдаа жүжигчний гараагаа эхлүүлж, найман настайдаа жилийн 200 сая иэний орлоготой жүжигчнээр нэрлэгдэж байжээ. 12 насандаа Токиогийн Элит сургуульд элсэн орох шалгалтыг давж нэр хүндээ улам өсгөж байв. Уг шалгалтыг японы оюуны өндөр чадамжтай хүүхдүүд маш хатуу бэлтгэл, шаргуу давтлагын дараа өгдөг ч зөвхөн хоёр хувь нь л тэнцдэг тул маш өндөр босготой гэдгээрээ алдартай. Өсвөр насандаа өөрийн гэсэн номоо хэвлүүлж, тэр нь 90 мянган хувь борлогдож, ахлах сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн японы том хуулийн сургуульд элсэн орсон түүхтэй охин бий.

Гэвч хунтайжийн хулгайн эссэний хэл амны дараагаас ялангуяа “Манагийн ирээдүйг баллах гэлээ. Өөрийнхөөрөө гэрэлтэж яваа охиныг бүү хүүхэд төрүүлэх л үүрэгтэй ирээдүй рүү түлх” гэх зэргээр шүүмжлэх нь ч ихэсчээ. 

ИХ СУРГУУЛЬ НАЙЗ НӨХӨД

2022 оны дөрөвдүгээр сард хунтайж Хисахито Цүкүбагийн их сургуулийн дэргэдэх ахлах сургуульд элсэн орж, 2025 онд үргэлжлүүлэн Цүкүбагийн их сургуулийн Амьдрал ба Байгаль орчны шинжлэх ухааны сургуульд элсэн оржээ. Өөрийн бичсэн эссэ нь уг сургуульд тэнцэн орох хөшүүрэг нь болсон гэдэг.

Бага насны хүүхдийн гаргасан нэг алдаан дээр нь өнөөдрийг хүртэл “тоглолт хийж” үргэлж шүүмжлэлтэй ханддагт нь дургүйлхдэг хэсэг бүлэг хүмүүс ч мөн бий. Хисахито хунтайжийн ангийн хүүхдүүд болон найз нөхөд нь харин түүний талаар “Заримдаа Хисахитог хунтайж гэдгийг нь мартчихдаг. Маш энгийн, үргэлж хөгжилтэй, бусдад туслахыг эрхэмлэдэг сайн найз”, “Өөрийгөө хэзээ ч бусдаас илүүд тавьж эсвэл бусдаас өөрийгөө тусгаарладаггүй, үргэлж нээлттэй байдаг” гэх зэргээр өгүүлсэн байдаг.

Үнэхээр л ээжийнхээ хүссэн шиг өөрийгөө бусдаас онцгой нэгэн, дээгүүр ангилалтай нэгэн, японы ирээдүйн ганц хаан гэж өргөмжлөлгүй, энгийн нэгэн болж өсөж хүмүүжихийн хажуугаар эзэн хааны ордоны нарийн дэг жаягтай ёс дүрмүүдийг ягштал баримталдаг нэгэн болсон нь түүний “Насанд хүрэх ёслол”-ын үеэр харагддаг.

Япон улсад хүүхдүүдийг 18 нас хүрэхэд нас биед хүрлээ, одоо эх орныхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөх цаг ирлээ гэж үзэн, тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон сүртэй дуутай тэмдэглэж өгдөг. 2022 оноос өмнө 20 нас хүрээгүй бол насанд хүрээгүйд тооцдог байв. Энэ өдөр хүүхдүүд иж бүрэн кимоно өмсөж, охид нь үсээ гангалан гоёж хүүхэд насаа үдэн явуулдаг учиртай. 

Хунтайж 2025 оны есдүгээр сарын 6-нд 19 нас хүрэхдээ эзэн хаанаас “Эзэн хааны гэр бүлийн залуу гишүүд”-ийн өмсдөг титмийг бэлгэнд авч түүнийгээ өмсөх ёслол үйлдэн, өөрсдийн өвөг дээдэс болох Аматэрасү бурханы сүмд очин андгай тангарагаа өргөх, эзэн хаанд хатанд бараалхах, эмээ өвөөдөө бараалхах гээд өндөр ёс дэгтэй олон ёслолуудад эгээ л ямар хүн болж хүмүүжиж, биеэ хэрхэн язгууртан хүн шиг авч явж, ард олонтойгоо ойр дотно гэдгээ харуулж чадсан чухал үйл явдал болсон хэмээн эзэн хааны ордон, гэр бүлийг сонирхон судлаачид өгүүлж байсан юм.

Энэ удаагийн ёслол японд 40 жилийн дараа болж байгаа гэдгээрээ онцлогтой байсан бөгөөд 40 жилийн өмнө, 1985 оны 11 дүгээр сарын 30-нд түүний аав Фүмихито хунтайж нас биед хүрч уг ёслолыг үйлдэж байв.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button