Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп яагаад Гринландыг АНУ-д нэгтгэхийг хүсэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп анх 2016 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа л Гринландын нутаг дэвсгэрийг сонирхож байсан. Тэрбээр дахин ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа буюу өнгөрсөн жилийн эхээр Гринландыг АНУ-д нэгтгэх талаар ярих болсон. Харин 2025 оны сүүл гэхэд Гринландын талаар ярихаа бараг больсон байсан билээ.

Гэвч энэ оны эхээр Трамп Венесуэльд маш амжилттай цэргийн ажиллагаа явуулж, Ерөнхийлөгч Николас Мадурог нь барьсан. Ийм амжилттай цэргийн ажиллагаа явуулсныхаа дараа Трамп “зоригжиж” Гринландыг заавал нэгтгэх ёстой гэж мэдэгдсэн юм. Тэрбээр Гринландын асуудлаар болж Европын найман оронд ногдуулах татвараа амралтын өдрүүдэд нэмсэн. Гринландыг худалдаж авах эрхийг АНУ-д олгох хүртэл Дани, Норвеги, Швед, Франц, Германи, Нидерланд, Финланд, Их Британид гаалийн татвар онооно гэж Трамп мэдэгдсэн юм. Одоо Гринланд хэрхэн Дани улсынх болсон ба Трамп яагаад тус арлыг нэгтгэх хүсэлтэй байгааг харцгаая.

Гринланд хэрхэн Дани улсынх болсон бэ

Гринландад МЭӨ 2500 оны орчмоос эхлэн Ази болон Хойд Америкаас ирсэн Инуит хүмүүс түр хугацаанд суурьшдаг байжээ. МЭ 985 оны орчимд Улаан Эрикээр удирдуулсан викингууд Гринландын өмнөд хэсэгт ирж, газар тариалан эрхлэн, сүм хийд барьж суурьшсан аж. Тухайн үед одоогийн инуитчуудын өвөг дээдэс Гринландад амьдрахаар ирсэн байна. Инуитчууд Гринландын гол соёл иргэншил болж, 1400 оны орчимд викингуудыг арлаас шахан гаргажээ.

Гринландын туг, зургийн эх сурвалж: CNBC

Дани улс 18-р зуунаас Гринландыг колоничилж эхэлсэн юм. Номлогч Ханс Эгеде 1721 онд тус аралд ирснээр колоничлолын үе эхэлсэн гэж үздэг. Эгедегийн хөшөө одоо ч нийслэл Нуукийн боомт дээр бий. Гринландын иргэд энэ хөшөөг Инуит уламжлалаа алдсаныг санагдуулдаг бэлгэдэг гэж хардаг байна.

1916 онд АНУ Дани улсаас Данийн Вест-Инди буюу одоогийн АНУ-ын Виржиний арлуудыг 25 сая доллар үрэх алтаар худалдан авсан юм. Энэхүү гэрээний хүрээнд АНУ-ын захиргаа Гринландыг бүхэлд нь Дани улсынх хэмээн хүлээн зөвшөөрч, Данийн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгджээ.

Гринландын одоогийн статус

1953 онд Данийн үндсэн хуулиар Гринланд тус улсын колони байхаа больж, албан ёсны нутаг дэвсгэр болсон. Гэхдээ энэ шийдвэрийг гаргахдаа гринландчуудын саналыг асуугаагүй юм. Одоогийн хуулиар бол арлыг зарахын тулд Дани улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай. 2009 онд Гринланд улс тусгаар тогтнолоо зарлах эрхтэй болсон. Үүний тулд ард нийтийн санал асуулга явуулж, Данийн парламент зөвшөөрөх ёстой юм.

Гринландчууд ихэнх зүйл дээр өөртөө засагладаг боловч гадаад харилцаа болон батлан хамгаалах асуудлыг Дани улс хариуцдаг. Гринландад 57 мянга орчим хүн амьдардаг. Дэд бүтцийн хөгжил маш муу тул Гринландын 17 хот, тосгоны хооронд ямар ч авто зам байдаггүй аж.

АНУ-ын Гринланд дахь оролцоо

АНУ Гринландад цэргийн баазтай. Цэргийн бааз баруун хойд хэсэгт оршдог Питуффик хотод байрладаг. 1951 онд хийсэн гэрээгээр АНУ тэнд бааз барих эрхтэй болсон юм. Дани улс Гринланд өөрийгөө хамгаалах хүчин чадалгүй тул АНУ-ын цэргийн хүчнээс туслалцаа авдаг. Мөн Гринланд аюулгүй байдлын хувьд Данийн вант улсын газар нутаг тул НАТО-гийн хамгаалалд багтдаг юм.Хүйтэн дайны үед буюу 1950-аад оны сүүлээс 1960-аад оны дунд үе хүртэл Гринландад АНУ нууцаар цөмийн зэвсэг байршуулж байсан.

Гринланд дахь АНУ-ын цэргийн бааз. Зургийн эх сурвалж: Air Force Technology

Трамп яагаад Гринландыг АНУ-д нэгтгэхийг хүсэж байгаа вэ

Трамп хойд туйлын тойрогт оршдог Гринландыг хяналтдаа авах нь үндэсний аюулгүй байдлыг хангахад нэн чухал гэж үзэж байгаа. ОХУ эсвэл БНХАУ тус арлыг эзлэхээс сэргийлэхийн тулд АНУ эзэмших ёстой гэж тэр мэдэгдсэн. Европоос Хойд Америк руу очих хамгийн ойрхон зам нь Гринландаар дамждаг. Тиймээс энэ байршил нь АНУ-ын баллистик пуужингаас хамгаалах системийн хувьд маш чухал ач холбогдолтой юм.

НАТО, ОХУ болон БНХАУ хойд туйлын бүсэд цэрэг байршуулж, батлан хамгаалахын дэд бүтэц босгох нь эрчимжих болсон. Мөн АНУ ч гэсэн цэргийн оролцоогоо тэнд өргөжүүлэхийг хүсэж байгаа

Москва болон Бээжинг Гринландад аюул заналхийлж байгаа гэж ярих нь олон нийтийг айдаст автуулах гэсэн зохиомол зүйл гэж ОХУ мэдэгдсэн. Гэхдээ хойд туйлын бүс нутаг улам бүр цэрэгжиж байна гэдэг нь үнэн. Ирээдүйд цаг уурын өөрчлөлтийн улмаас хойд туйлын мөсөн бүрхүүл арилснаар тээвэр, худалдааны чухал шинэ маршрут нээгдэнэ. Тэрхүү маршрутыг ОХУ, БНХАУ болон АНУ хянах ашиг сонирхолтой.

Гринланд нь ашигт малтмал, газрын тос, байгалийн хийн ихээхэн нөөц баялагтай. Гэвч тус арлын хөгжил маш удаан явагдаж байгаа. Байгалийн нөөц нь Трамп Гринландыг АНУ-д нэгтгэхийг хүсэж буй шалтгааны нэг юм. АНУ Гринландыг нэгтгэхийн тулд цэргийн хүч ч ашиглах боломжтой гэж Трампын захиргаа мэдэгдээд байгаа.

Гринландчуудын болон америкчууд ямар бодолтой байна вэ

Санал асуулгаар гринландчуудын ихэнх нь тусгаар тогтнохыг дэмждэг. Гэхдээ эдийн засгийн хувьд Дани улсаас хэт хамааралтай байгаа тул яарах хэрэггүй гэж олон хүн үздэг юм. Гринландын экспортын 90 гаруй хувийг загас загасан бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Мөн эмнэлэг, сургууль, дэд бүтцийн зардлын тал хувийг Дани улс санхүүжүүлдэг юм.

Тусгаар тогтнолоо зарласан тохоиолдолд АНУ-тай тусгай гэрээ байгуулж, аюулгүй байдлаа баталгаажуулах боломжтой гэж зарим иргэд үздэг байна. Гэвч энэ нь загас агнуураас гадна эдийн засгаа төрөлжүүлж чадах эсэхээс шалтгаална.

АНУ-д явуулсан санал асуулгаар таван хүн тутмын нэг нь л Гринландыг хяналтдаа авахыг дэмжиж байгаа юм.

Дани болон Гринландын удирдлагууд ямар байр суурь илэрхийлэв

Трамп анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Гринландыг худалдаж авах санал тавихад Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен утгагүй зүйл хэмээн хариу өгч байсан. 2025 оны арванхоёрдугаар сард Дани болон Гринландын ерөнхий сайд нар Гринландыг хэн нэгэнд худалдахгүй гэж мэдэгдсэн юм. Фредериксен саяхан анхааруулга өгөхдөө АНУ Гринланд руу дайрвал НАТО болон олон улсын аюулгүй байдлын тогтолцоо дуусгавар болон гэсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button