Өвөр Монголд үйлдвэрийн дэлбэрэлтээр хоёр хүн амиа алдаж, найман хүн сураггүй болжээ

Хятадын хойд хэсэгт орших Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэрт байрлах нэгэн үйлдвэрийн газарт гарсан дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, найман хүн сураггүй болсон бөгөөд 84 хүн гэмтэж бэртсэн талаар орон нутгийн эрх баригчид даваа гарагт мэдээллээ.
Дэлбэрэлт ням гарагийн 15:03 цагт Бугат хотын баруун хэсэгт байрлах Баогангийн компанийн хавтангийн үйлдвэрт гарсан байна. Бугат хотын дэд захирагч Линь Ли даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, уг осол нь 650 шоо метрийн багтаамжтай, ус уурын бөмбөлөг хэлбэрийн сав дэлбэрснээс үүдэлтэй гэжээ.
Линь Лигийн мэдээлснээр, гэмтэж бэртсэн 84 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд тэднээс тав нь хүнд байдалтай, үлдсэн 79 нь нүүрний шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн гэмтэл авсан байна.
Осол гарсны дараа яаралтай аврах штаб байгуулж, аврах ажиллагаа идэвхтэй үргэлжилсээр байгаа. Засгийн газар осол гарсан үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хот даяар үйлдвэрлэл, худалдааны аж ахуйн нэгжүүдэд аюулгүй ажиллагааны иж бүрэн шалгалт эхлүүлжээ.
Дэлбэрэлтийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тогтоох шалгалт мөн үргэлжилж байна. Байгаль орчны хамгааллын байгууллагуудын хийсэн хяналт шинжилгээгээр одоогоор ойр орчмын агаар, хөрсний чанарт сөрөг нөлөө илрээгүй бөгөөд уг ослоос үүдэн бохир ус үүсээгүй байна. Мөн тухайн бүс нутгийн нийтийн үйлчилгээ, орон сууцны халаалт хэвийн үргэлжилж байгаа аж.
Өөртөө засах орноос байгуулсан мөрдөн шалгах баг ослын шалтгаан болон холбогдох хариуцлагыг тогтоохоор ажиллаж эхэлсэн билээ. Тухайн аж ахуйн нэгжтэй холбоотой хариуцлага хүлээх ёстой этгээдүүдэд хууль ёсны арга хэмжээг авчээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Шинхуа











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.