АНУ-ын Бүгд найрамдах намын ялалт авдаг тойрогт Ардчилсан нам ялсан нь Трампын хувьд СЭРЭМЖЛҮҮЛЭГ боллоо
Амралтын өдрүүдэд АНУ-ын улс төрд сонирхолтой үйл явдал өрнөлөө. Ардчилсан намаас нэр дэвшигч Тэйлор Рэмет Техас мужийн сенатын суудлыг нөхөх сонгуульд хоёр оронтой тооны зөрүүгээр ялалт байгуулав. Ардчилсан сүүлийн олон арван жилд анх удаа Бүгд найрамдах намаас энэ суудлыг авлаа. Ялагдсан нэр дэвшигч Лэй Вамбсгансс уг явдлыг энэ жилд болох завсрын сонгуулийн өмнөх сэрэмжлүүлэг байлаа гэж хэлжээ.
Өмнө нь энэ суудалд Бүгд найрамдах намын хүн дөрвөн удаа сонгогдож байсан юм. Ардчилсан намынхан сүүлийн саруудад орон нутгийн сонгуулиудад удаа дараа ялалт байгуулж байна. Энэ ялалтууд Ардчилсан намынханд энэ оны сүүлээр болох сонгуулиар ялалт байгуулна гэх итгэл төрүүллээ.
Рэмет бол үйлдвэрийн машинистаар ажиллаж байсан АНУ-ын Агаарын цэргийн хүчний ахмад дайчин юм. Тэрбээр Вамбсганссаас 14 гаруй хувийн саналаар илүүрхэж ялсан байна. Ерөнхийлөгч Доналд Трамп Вамбсганссыг дэмжихийг хүмүүст уриалсан ч тус болоогүй аж.
Ардчилсан намынхан уг явдлыг арваннэгдүгээр сард болох завсрын сонгуулийн өмнөх том амжилт гэж үзэж байна. Тухайн сонгуулиар Конгрессыг аль нам хянах нь шийдвэрлэгдэнэ. Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Кен Мартин "Бид амжилтаа улам ахиулна, хурдаа сааруулахгүй" гэж сошиал орчинд бичсэн байна. Ням гарагт /2026.02.01/ Вамбсгансс мэдэгдэл хийхдээ Рэметад баяр хүргэж, энэ ялагдал нь Бүгд найрамдах намынхны хувьд сэрэмжлүүлэг боллоо гэсэн юм.

Вамбсгансс "Ардчилсан намынхан маш идэвхтэй байлаа. Харин манай намыг дэмждэг олон санал өгсөнгүй" гэж хэлжээ. Амралтын өдрүүдэд шуургатай байсан нь ирц буурахад нөлөөлсөн гэж тайлбарлалав. Трамп Бямба гарагт Вамбсганссыг жинхэнэ MAGA (Трампын сонгуулийн уриа) дайчин гэж магтсан юм. Гэвч түүнийг ялагдал хүлээсний дараа Трамп зайгаа барьжээ. Тус санал хураалт нь Техас мужийн орон нутгийн сонгууль байсан гэж Трамп хэлсэн байна. Мөн тэр “Саналын хуудсанд миний нэр байгаагүй. Тийм болохоор миний нөлөө ямар байхыг мэдэх боломжгүй" гэж хэлжээ.
Рэмет, Вамбсганссын өрсөлдсөн тойрог нь Бүгд найрамдах намыг дэмждэг газар юм. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Трамп тус тойрогт таван хувийн саналаар илүүрхэж ялсан. Харин 2020 онд Жо Байден хоёр мянга хүрэхгүй саналын зөрүүгээр ялж байжээ.
Вамбсгансс арваннэгдүгээр сард болох үндсэн сонгуульд Рэметийг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тэрхүү сонгуулиар тэд Конгресст дөрвөн жил суух бүрэн эрхийн төлөө дахин өрсөлдөнө.
Техасын сонгуулиас өмнөх санал хураалтуудад Ардчилсан нам ялсан
Рэметийн байгуулсан ялалт нь Трамп өнгөрсөн жил хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш Ардчилсан намын авсан хэд хэдэн ялалтын нэг юм. Тус намын ялсан орон нутгийн сонгуулиудыг жагсаавал:
- Арваннэгдүгээр сард Ардчилсан намынхан Нью-Жерси мужид ялж, Виржиниа мужийн засаг даргын суудлыг эргүүлэн авсан.
- Арванхоёрдугаар сард Ардчилсан нам Кентакки, Айова зэрэг Бүгд найрамдах намын дэмждэг мужуудад ялалт байгуулсан.
Конгрессын завсрын сонгууль АНУ-ын улс төрд чухал ач холбогдолтой. Тус санал хураалт нь Цагаан ордонд сууж буй ерөнхийлөгчийн ажлыг иргэд дүгнэж буй явдал болдог. Тус сонгуулиар Конгрессын зарим суудалд хэн дэвших нь сонгогдоод зогсохгүй мужуудын дарга нар тодорно.
Одоогоор Ардчилсан намын Конгрессын дээд доод танхимд хоёуланд нь цөөнхийн статустай байгаа юм. Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимд 218-213 гэсэн харьцаатайгаар бага илүүрхдэг. Гэвч энэ зөрүү улам багасах юм. Учир нь Бямба гарагт явагдсан өөр нэг санал хураалтад ялсан Ардчилсан намын Кристиан Менефи удахгүй тангараг өргөж, ажлаа хүлээн авна.
Сенатын танхимд Бүгд найрамдах нам 53-47 гэсэн харьцаатай илүүрхдэг. Ардчилсан намынханд тус танхимд олонхын статустай болох магадлал бага. Гэхдээ Хойд Каролина, Мэйн, Охайо, Аляскад Ардчилсан дэвшигчид амжилттай кампанит ажлаа явуулж байгаа юм.
Ардчилсан намын стратеги боловсруулагчид иргэдийн амьжиргаа, эдийн засгийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж зөвлөж байна. Жо Байдены сонгуулийн кампанит ажил оролцож, Цагаан ордонд албан тушаал хашиж байсан Меган Хэйс "Трампын үүсгэж буй тогтворгүй байдлыг иргэд хүсэхгүй байгаа гэдгийг энэ ялалт харууллаа" гэж хэллээ. Тэр нэмж хэлэхдээ "Арваннэгдүгээр сарын өмнө Ардчилсан намынхан иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах ёстой. Орон нутгийн сонгуулиудад ийм л зүйл ажиглагдаж байна" гэж нэмж хэлэв.
2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үед амьжиргааны зардал, хууль бус цагаачлал зэрэг асуудал сонгогчдын хувьд хамгийн чухал байсан. Трамп эдгээр асуудлыг шийднэ гэсэн амлалт өгч гарч ирсэн билээ. Гэвч түүний захиргаа эдийн засагт тодорхойгүй нөхцөл байдал үүсгэх алхмууд хийсэн тул америкчууд амьжиргааны зардлыг бууруулах тал дээр Трампыг сайн ажил хийхгүй байна гэж бодох нь нэмэгдэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.