Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Хиймэл оюун ухаан илүү чанартай эрүүл мэндийн зөвлөгөө өгдөггүй

ChatGPT, Gemini зэрэг хиймэл оюун ухаант чатботууд өргөн хэрэглээнд нэвтэрч, хэрэглэгчид янз бүрийн зүйл асуудаг болсон. Тэдгээр чатботуудаас эрүүл мэндтэй холбоотой зүйлс асууж, зөвлөгөө авах тохиолдлууд ч бий. Тэгвэл даваа гарагт /2026.02.09/ “Nature Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаа хиймэл оюун ухаан уламжлалт байдлаар эрүүл мэндийн зөвлөгөө хайснаас дээр мэдээлэл өгдөггүй гэдгийг харуулжээ.

Их Британийн эрдэмтэд хүмүүс чатбот ашиглан өөрийнхөө эрүүл мэндийн асуудлыг хэр зөв тодорхойлж байгааг судлахыг хүссэн аж. Мөн хүмүүс эмчид үзүүлэх эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагатай эсэхээ зөв шийдэж чадаж байгааг шалгаж үзсэн юм.

Судалгааг хамтран бичсэн Оксфордын их сургуулийн судлаач Ребекка Пэйн "Хүмүүс хиймэл оюун ухаанаас маш их зүйл хүлээж байгаа ч эмчийн үүргийг гүйцэтгэхэд хараахан бэлэн биш байна. Өвчтөнүүд өөрийн шинж тэмдгийн талаар хиймэл оюун ухаанаас асуух нь аюултай гэдгийг мэдэх хэрэгтэй. Буруу онош тавих, эсвэл яаралтай тусламж хэрэгтэй үед түүнийг нь илрүүлж чадахгүй байх эрсдэлтэй" гэж хэлсэн байна.

Эрдэмтэд Их Британийн 1,300 орчим иргэнийг судалгаанд хамруулж, тэдэнд 10 өөр төрлийн өвчний талаар танилцуулсан байна. Жишээлбэл согтууруулах ундаа хэрэглэсний дараа дараа толгой өвдөх, цөсний чулууны өвдөлт зэргийн шинж тэмдгүүдийг хэлж өгчээ.

Дараа нь судлаачид оролцогчдыг санамсаргүй байдлаар гурван хэсэгт хувааж, GPT-4o, Llama 3 эсвэл Command R+ чатботуудын аль нэгийг нь ашиглуулсан байна. Үр дүнг харьцуулахын тулд интернэт хайлтын систем ашиглаж шинж тэмдэг хайх хяналтын бүлэг хүмүүс мөн үүсгэсэн юм.

Хиймэл оюун ухаан ашигласан хүмүүс өөрт оногдсон өвчнийг нийт тохиолдлын ердөө гуравны нэг орчимд нь л зөв илрүүлж чадсан байна. Тэдгээрээс 45 орчим хувь нь л дараа нь ямар арга хэмжээ авах ёстойгоо зөв тодорхойлжээ.

Энэ үр дүн нь интернэт хайлт ашигласан хүмүүсийнхээс дээрдэх зүйлгүй байсан гэж судлаачид бичсэн байна. Хиймэл оюун ухаанаар анагаахын шалгалтын материалуудыг ажиллуулахад маш өндөр оноо авдаг. Гэвч бодит амьдрал дээр ийм муу үр дүн үзүүлж байгаа нь харилцааны асуудалтай холбоотой гэж эрдэмтэд үзсэн юм.

Хиймэл оюун ухааныг туршихдаа ихэвчлэн зохиомол өвчтөний мэдээллийг ашигладаг. Гэвч бодит байдал дээр хүмүүс чатботод өвчнийхөө талаарх бүх чухал мэдээллийг өгч чаддаггүй байна. Мөн заримдаа хүмүүс чатботын өгсөн хариултыг ойлгохгүй байх, буруугаар ойлгох, эсвэл зөвлөгөөг нь зүгээр л тоохгүй орхих тохиолдол гарч байсан аж.

Нидерландын Маастрихтын их сургуулийн био ёс зүйч Дэвид Шоу судалгааны талаар “AFP” агентлагт хэлэхдээ "Энэ бол маш чухал судалгаа байлаа. Учир нь чатбот ашиглах нь хүмүүсийн эрүүл мэндэд ямар бодит аюул учруулж болохыг харуулж байна" гэжээ.

Эх сурвалж: Korea Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button