Судалгаа: Ном унших, юм зохиож бичих нь зөнөх эрсдэлийг 40 орчим хувиар бууруулдаг байж магадгүй
Ном унших, юм зохиож бичих болон гадаад хэл сурах нь зөнөх өвчин тусах эрсдэлийг 40 орчим хувиар бууруулдаг байж магадгүйг нэгэн судалгаа тогтоожээ. Тус судалгаа олон сая сая хүн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл өвчний явцыг удаашруулах боломжтойг харуулж байна.
Зөнөх өвчин бол дэлхийн дахинаа тулгамдаад буй эрүүл мэндийн хамгийн том аюулуудын нэг юм. 2050 он гэхэд энэ өвчтэй хүний тоо дэлхий даяар гурав дахин нэмэгдэж, 150 сая давах төлөвтэй байна. Энэ нь улс орон бүрийн эрүүл мэнд, халамжийн системд маш том аюул учруулж байгааг мэргэжилтнүүд онцолдог.
Америкийн Мэдрэлийн анагаах ухааны академийн "Neurology" сэтгүүлд тус судалгаа нийтлэгджээ. Эрдэмтдийн үзэж буйгаар ном унших, бичих эсвэл шинэ хэл сурах зэрэг оюун ухаан сэргээх үйл ажиллагаа хийх нь зөнөх өвчний хамгийн түгээмэл хэлбэр болох Альцхаймерыг тусах эрсдэлийг бууруулж, тархины үйл ажиллагаа муудахыг удаашруулдаг байна.
Эрдэмтэд судалгаа эхлэхэд зөнөх өвчингүй байсан, дунджаар 80 настай 1,939 хүнийг эрдэм шинжилгээний ажилдаа хамруулжээ. Тэднийг дунджаар найман жилийн турш ажигласан байна. Оролцогчид судалгааны хугацаанд гурван удаа танин мэдэхүйн болон сурч боловсрох зуршлынхаа талаар асуулгад хариулжээ.
Судалгааны явцад нийт 551 оролцогч Альцхаймерээр өвчилж, 719 оролцогчид танин мэдэхүйн чадварт нь хөнгөн хэлбэрийн бууралт илэрсэн байна. Эрдэмтэд оюуны өндөр идэвхтэй байсан 10 хувийг хамгийн бага идэвхтэй байсан доод 10 хувьтай харьцуулж үзжээ. Идэвх өндөртэй хүмүүсийн 21 хувь нь Альцхаймер туссан бол идэвх багатай хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 34 хувьтай байв.
Нас, хүйс, боловсрол зэргийг харгалзан үзсэний дараа судлаачид амьдралын туршид оюуны идэвх өндөр байх нь Альцхаймер тусах эрсдэлийг 38 хувиар, танин мэдэхүйн чадварт нь хөнгөн бууралт орох эрсдэлийг 36 хувиар багасгадаг буйг илрүүлжээ.
Оюуны үйл ажиллагааны идэвх өндөртэй хүмүүс дунджаар 94 насандаа Альцхаймер туссан бол идэвх багатай хүмүүс 88 насандаа өвчилсөн байна. Энэ нь өвчнийг тав гаруй жилээр хойшлуулсан гэсэн үг юм. Мөн оюуны идэвх өндөртэй хүмүүст танин мэдэхүйн чадварт хөнгөн бууралт үзэгдэх нь дунджаар 85 насанд илэрсэн бол идэвх багатай хүмүүст 78 насанд илэрч, долоон жилийн зөрүү гарсан аж.
Эрдэмтэд судалгааны явцад нас барсан оролцогчдын задлан шинжилгээний дүнг бас судалжээ. Оюуны идэвх өндөр байсан хүмүүсийн ой санамж, сэтгэн бодох чадвар нь нас барах хүртлээ илүү сайн байж, тархины үйл ажиллагааны бууралт илүү удаан явагдсан болохыг илрүүлсэн юм.
Чикаго хотын Раш их сургуулийн Анагаах ухааны төвийн судлаач Андреа Заммит “Өндөр насанд тархины үйл ажиллагаа эрүүл байх эсэх нь насан туршдаа сурч боловсорч, оюун ухаанаа ажиллуулж байснаас хамаарна гэдгийг энэ судалгаа харууллаа” гэв.
Тэр "Бидний судалгааны үр дүн маш урамтай байна. Амьдралынхаа туршид төрөл бүрийн оюуны идэвхтэй үйл ажиллагааг тогтмол хийх нь тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг бололтой. Номын сан, боловсролын хөтөлбөр зэрэг оюун ухааныг хөгжүүлэх орчныг өргөжүүлэхэд улсаас хөрөнгө оруулалт хийх нь зөнөх өвчний тохиолдлыг бууруулахад тусална" гэж хэлжээ.
Судалгааны нэг дутагдалтай тал нь оролцогчид залуу болон дунд насны үеийнхээ мэдээллийг эргэн санаж асуулгыг бөглөсөн тул зарим зүйлийг зөв санаагүй байх магадлалтай юм.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн шүү
Тэр нь бүү мэд. Харин, "Мээнэгхэн заяаны тууль" гэсэн онц сонирхолтой, ихээхэн маргаан ч дагуулж магадгүй нэг роман худалдаанд гарч эхлэж байна. Монголын зохиолчид Орос ах нараасаа айгаад огт бичдэггүй юмыг орвонгоор нь эгүүлэн гаргасан хачин жигтэй зохиол байна шүү
Хатуу хавтастай, сайхан ч хэвлэсэн нбайна.