Гадаад мэдээДЭЛХИЙ

ChatGPT-ыг хөгжүүлэгч OpenAI санхүүгийн хэцүүхэн нөхцөл байдалд ороод байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон компаниуд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд олон зуун тэрбум ам.доллар зарцуулах болсон. Шинжээчдийн мэдээлснээр хиймэл оюун ухааны салбарт хийсэн хөрөнгө оруулалт АНУ-ын ДНБ-ий 2025 онд үзүүлсэн өсөлтийн 39 хувийг бүрдүүлжээ.

Хиймэл оюун ухааны салбарт үүссэн энэ их хүлээлт, хөөсийг “OpenAI” компанийн ChatGPT чатбот эхлүүлсэн. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд ChatGPT анх хэрэглээнд хэрэглээнд гарснаас хойш компаниуд хүчин чадал хамгийн сайтай хиймэл оюун ухааныг хөгжүүлэхээр өрсөлдөж ирсэн юм.

Тэгвэл “OpenAI” компани хэдэн жилийн дотор энэ өрсөлдөөнөөс арчигдах томоохон эрсдэлд ороод байна. Үнэндээ хиймэл оюун ухаан хөгжүүлдэг ихэнх компаниуд ашиг олж эхлэх хүртэл олон жил шаардлагатай. Олон жил бус бүр хэзээ ч ашиг олохгүй байх магадлалтай. “Google”, “Meta” болон “OpenAI” гэх мэт компаниуд салбарт ноёрхохын тулд өрсөлдөж байгаа билээ.

"Menlo Ventures"-ийн мэдээлснээр өрсөлдөөн ширүүссэний улмаас “OpenAI”-ын байгууллагын зах зээлд эзлэх хувь 2023 онд 50 орчим хувь байсан бол энэ жил 27 хувь болж буурчээ. Мөн "Similarweb" компанийн судалгаагаар ChatGPT ашиглаж буй хүний тоо өнгөрсөн жилийн аравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд 5 орчим хувиар буурсан байна.

“OpenAI” компани 2025 оны аравдугаар сард мэдэгдэл хийхдээ орлогынх нь 75 хувийг төлбөртэй үйлчилгээг нь ашигладаг хэрэглэгчид бүрдүүлдэг хэмээсэн. “Demand Sage” сайтаас харвал ChatGPT-г долоо хоног бүр 800 сая хүн хэрэглэдэг байна. Гэхдээ үүний 5 орчим хувь нь л төлбөртэй хувилбарыг нь ашигладаг юм.

Зургийн эх сурвалж: Tech crunch

ChatGPT нь токэн ашиглан хариулт үүсгэдэг. Токэнийг ашиглан ChatGPT гэх мэт LLM загварын чатботууд текст боловсруулах, ойлгох, үүсгэх ажлыг явуулдаг байна. Зарцуулагдаж буй токэн бүр “OpenAI” компанийн хувьд зардал болно. Өөрөөр хэлбэл үнэгүй хувилбарыг ашиглаж буй хэрэглэгч болгон “OpenAI”-ийн хувьд цэвэр зардал л үүсгэж байна гэсэн үг. Гэхдээ “OpenAI”-ийн хамгийн үнэтэй, сард 200 ам.доллар төлдөг үйлчилгээ нь хүртэл ашиг авчирдаггүй.

Хамгийн үнэтэй үйлчилгээ нь хүртэл ашиг авчирдаггүй учир “OpenAI” компани ChatGPT дээр зар сурталчилгаа байршуулж эхэлсэн. Тус компанийн захирал Сэм Олтмэн 2024 оны тавдугаар сард хэлэхдээ, зар сурталчилгаа байршуулах нь эцсийн арга байх болно гэж хэлж байсан билээ.

“OpenAI” зар сурталчилгаагаар мөнгө олох гэж хоёр удаа оролдоод бүтэлгүйтэж байсан. Тус компани “Atlas” нэртэй хайлтын систем гаргасан ч “Google”, “Bing” зэрэгтэй өрсөлдөж чадаагүй. Мөн “Sora” нэртэй хиймэл оюун ухаанаар үүсгэсэн бичлэг хуваалцдаг платформ нь бүтэлгүйтсэн. Ийм учир ChatGPT дээр зар сурталчилгаа оруулж ирэх замаар л мөнгө олох боломж тус компанид байгаа юм.

Орлого олох эцсийн аргадаа тулсан “OpenAI”-ийг зарим шинжээчид 2027 оны дунд үе гэхэд дампуурна гэж таамаглах болжээ. “Council on Foreign Relations” судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Себастьян Маллаби “OpenAI” компанийг 18 сарын хугацаанд мөнгөгүй болох магадлалтай гэж үзэж байна.

Маллабигийн тайлбарлаж буйгаар бол “OpenAI”-ийн өрсөлдөгчид болох “Google”, “Microsoft”, “Meta” зэрэг компаниуд давуу талтай аж. Эдгээр компаниуд өөрсдийн үндсэн бизнесээс олсон ашгаа хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд ашигладаг. Харин “OpenAI”-д тийм боломж байхгүй гэж тэр хэлжээ.

“Google” болон “Meta” нь өөр салбарт амжилттай бизнесүүдтэй. Харин “OpenAI”-д тийм зүйл байхгүй. Тус компани хөрөнгө оруулалт босгон үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын эхээр "The Information" сэтгүүлийн мэдээлснээр, тус компани 2029 он хүртэл 115 тэрбум доллар зарцуулна гэж тооцоолжээ. Энэ нь 2025 оны эхэнд таамаглаж байснаас 80 тэрбум доллароор нэмэгдсэн үзүүлэлт.

Зургийн эх сурвалж: Exeed ECX

Эдгээр тоо баримт “OpenAI”-д тулгамдаад буй санхүүгийн хүнд нөхцөл байдлын нэгхэн хэсэг юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани ирэх жилүүдэд 500 тэрбум ам.долларын "Stargate" зэрэг дата төвийн төслүүдэд нийт 1.4 их наяд доллар зарцуулахаар амласан.

“OpenAI” чатботоо хөгжүүлэхийн төлөө их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч өрсөлдөгчид нь технологи болон зах зээлийн хувьд гүйцэж ирж байна. Тус компанийн GPT-5 загвар нь хэрэглэгчдийн хүлээлтэд хүрээгүй юм.

2025 оны БНХАУ-ын "DeepSeek" компани өөрсдийн чатботоо танилцуулсан. Тэрхүү чатбот нь өрсөлдөгч компаниуд “OpenAI”-аас хамаагүй бага тооцоолон бодох хүчин чадал болон хөрөнгөөр ижил түвшний технологи гаргаж чадахыг харуулсан юм. Арваннэгдүгээр сард “Google” компани Gemini-ийн шинэ хувилбарыг гаргасан нь GPT-5-аас илүү үзүүлэлттэй гэгддэг. Мөн Gemini-ийн хэрэглэгчид тогтмол өсөж байгаа тул “OpenAI”-ын гүйцэтгэх захирал Сэм онц байдал зарлаж, ажилчдаа ChatGPT-ыг сайжруулахад бүх нөөцөө зарцуулахад .

ChatGPT гарснаас хойш дөрвөн жилийн дотор “OpenAI” хүн бүрийн мэддэг нэр болсон. Гэхдээ одоогоос хоёр хүрэхгүй жилийн дараа тус компани хиймэл оюун ухааны түүхэнд нэгэн цэг болж үлдэнэ гэж тэр таамаглаж байна.

“OpenAI” нь хувийн компанийн хувьд түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт босгож чадсан. Гэвч тус компани маш их хэмжээний алдагдал хүлээсээр байна. Зөвхөн 2025 онд л гэхэд 8 тэрбум гаруй ам.долларыг зарцуулжээ. Энэ тоо 2028 он гэхэд 40 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. “OpenAI” 2030 онд ашигтай ажиллаж эхэлнэ гэж таамагласан. Гэхдээ тэр хүртэл үйл ажиллагаагаа явуулж чадах эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: San Francisco Examiner, Futurism, Medium

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button