Ойрх дорнодын дайн: Израилын зэвсэгт хүчин Иран, Ливан хоёрт цохилт өгч байна гэж мэдэгдлээ
НЭМЭЛТ: 2026.03.03, 15:44 минут
Израилын зэвсэгт хүчин Иран, Ливан хоёрт цохилт өгч байна гэж мэдэгдлээ
Израилын зэвсэгт хүчин өнөөдөр /2026.03.03/ мэдэгдэл хийхдээ Техран болон Бейрут хотод зэрэг цохилт өгч байна гэжээ. Даваа гарагт /2026.03.02/ Ливан дахь Хезболла бүлэг Израил руу пуужин, прон харваж Ойрх дорнодод өрнөж буй мөргөлдөөнд нэгдсэн. Ираны тусламжтай үйл ажиллагаа явуулдаг тус бүлэг мэдэгдэл хийхдээ энэ нь Дээд удирдагч Аяатолла Али Хамэнэйг хөнөөсөний өшөөг явж буй явдал гэжээ.

Ливаны Ерөнхий сайд Наваф Салам Хезболлагийн үйлдлийг хууль бус хэмээн шүүмжилж, тус бүлгийг цэргийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Израилын хувьд энэ цохилт нь эхлүүлсэн ажлаа дуусгах шалтаг боллоо гэж шинжээчид үзэж байгаа юм. 2024 онд Израил, Хезболла хоёр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэхдээ Израилын тал тэр цагаас хойш өдөр тутам Ливаныг бөмбөгдсөн. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Израилын зэвсэгт хүчин Хезболлагийн хоёр дахь хамгийн өндөр албан тушаалтан Хаятам Али Табатабайг хөнөөсөн гэж мэдэгдэл хийсэн.
Израилын зэвсэгт хүчний гадаад хэвлэлийн төлөөлөгч Надав Шошани “Хуурай газраар довтлох бэлтгэл ажлыг ойрын хугацаанд хийгээгүй. Хэрэв Хезболла нөхцөл байдлыг цаашид хурцатгавал энэ асуудал хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй” гэжээ.
НЭМЭЛТ: 2026.03.03, 13:05 минут
Израил юу ч болсон цохилт өгөх байсан тул АНУ хамтарсан гэж албаныхан мэдэгдлээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Израил Иранд цохилт өгөхөөр төлөвлөсөн тул АНУ хамтарсан гэжээ. Израилын өгсөн цохилтод Иран хариу барихдаа Ойрх дорнод дахь АНУ-ын баазууд руу довтлох нь ойлгомжтой байсан гэж тэр хэлсэн байна. Өөрөөр хэлбэл АНУ оролцсон оролцоогүй Израил цохилт өгснөөр АНУ-ын баазууд эрсдэлд орох байсан тул Вашингтон хамтран цохилт өгчээ.
Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон “Израил АНУ оролцсон оролцоогүй алхам хийхээр шийдсэн байсан тул манай захиргаа болон зэвсэгт хүчний ерөнхий командлагч маш хэцүү шийдвэр гаргах шаардлагатай болсон. Миний бодлоор яг одоо манай зэвсэгт хүчнийхэн болон ерөнхий командлагч хязгаарлагдмал хүрээ болон зорилготой, бидний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай ажиллагааг дуусгахаар ажиллаж байна. Энэ цэргийн ажиллагаа хурдан дуусна гэж би бодож байгаа” гэжээ.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын “Fox News” агентлагт хэлэхдээ “Энэ ажиллагаа хурдан бөгөөд шийдэмгий байх болно. Эцсийн дүнд засгийн газраа өөрчлөх эсэх нь Ираны ард түмнээс хамаарна. АНУ, Израил хоёр хамтран засгаа өөрчлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна” гэсэн юм.
Ираны эсрэг ажиллагаанд амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн тоо нэмэгдэж зургаад хүрсэн байна. Мөн АНУ-ын зэвсэгт хүчин гурван сөнөөгч онгоцоо алджээ. Тодруулбал Кувейтийн зэвсэгт хүчин АНУ-ын F-15E загварын гурван онгоцыг санамсаргүй буудаж унагаасан байна.
Мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өсөж байгаа нь америкчуудад нөлөөлөхөөс сэргийлэх арга хэмжээ авна гэж Төрийн нарийн бичгийн дарга Рубио хэлжээ. Тэр “Маргаашаас эхлэн бид газрын тосны үнийг бууруулах үе шаттай арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ийм асуудал үүснэ гэж бид таамаглаж байсан” гэсэн аж.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи ням гарагт /2026.03.01/ мэдэгдэл хийхдээ улс нь шинэ дээд удирдагчаа нэгээс хоёр хоногийн дотор сонгоно гэж мэдэгдсэн. Гэхдээ одоогийн байдлаар шинэ удирдагч тодроогүй байна. Дээд удирдагч агсан Аяатолла Али Хамэнэй залгамжлагчаа тодорхой зарлаагүйгээс гадна түүнийг орлох тодорхой хүн байхгүй нь асуудал болж буй.
ЭХЛЭЛ: 2026.03.03, 09:40 минут
Иран Ормузын хоолойг хааж, дамжин өнгөрөх гэсэн онгоцнуудыг бөмбөгдөхөө мэдэгдлээ
Ойрх дорнодод үүсээд буй дайны гурав дэх өдөр /2026.03.02/ Израил Иранд нэмж цохилт өглөө. Мөн Ираны Хувьсгалт гвардын ерөнхий командлагчийн ахлах зөвлөх Эбрахим Жабари Ормузын хоолойг хааж буйг мэдэгджээ. Тус улсын төрийн өмчит хэвлэл мэдээлснээр Эбрахим “Ормузын хоолойг хаасан. Хэрэв хэн нэгэн дамжин өнгөрөхийг оролдвол Хувьсгалт гвардын баатрууд болон тэнгисийн цэргийн хүчин тэдгээр хөлгийг галдан шатаана” гэж анхааруулсан байна.
Ормузын хоолой нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн чухал цэг. Яагаад гэвэл дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээний тавны нэг нь тус хоолойгоор дамжин өнгөрдөг. “Vortexa” аналитикийн компани мэдээлснээр бол өнгөрсөн жил хоногт дунджаар 20 сая гаруй баррель түүхий эд, конденсат болон түлш Ормузын хоолойгоор дамжин өнгөрчээ. Саудын Араб, Иран, АНЭУ, Кувейт, Ирак зэрэг ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосныхоо ихэнхийг Ормузын хоолойгоор дамжуулан экспортолдог. Экспорт нь голчлон Ази руу гардаг юм. Мөн дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хий экспортлогч нарын нэг болох Катар тус хоолойгоор бүх экспортоо хийдэг.
Иран Ормузын хоолойг хааснаас гадна Ойрх дорнод дахь газрын тос, байгалийн хий экспортлогч орнуудын үйлдвэрүүдийг бөмбөгдөж байна. Тодруулбал Саудын Арабын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэг болох Рас Танурагийн үйлдвэр дроны цохилтод өртсөний улмаас үйл ажиллагаагаа зогсоов. Мөн Катар улс байгалийн хийн үйлдвэрлэлээ цохилтын улмаас бүрэн зогсоосон байна. Үүнээс гадна Израил дахь зарим байгалийн хийн цооног, Иракийн Курдистан дахь ихэнх газрын тосны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоожээ.

Дээрх нөхцөл байдлуудын улмаас газрын тосны үнэ дахин өслөө. Тодруулбал Брент маркийн газрын тосны фьючерс хэсэг хугацаанд 13 хувиар нэмэгдэж баррель нь 82.37 ам.доллар хүржээ. Фьючерс тийм түвшинд хүрснийхээ дараа 77.77 ам.доллар орчим болж буурсан байна. АНУ-ын WTI маркийн газрын тос дава гарагийн /2026.03.02/ арилжаа хаагдахад 6.3 хувиар өсөж 71.23 ам.доллар хүржээ.
Катар шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэхээ зогсоосны улмаас Европын байгалийн хийн жишиг үнэ даваа гарагийн үдээс хойших арилжаанд мегаватт-цаг (нэг мегаватт цахилгаан эрчим хүчийг нэг цаг нийлүүлэх үнэ) тутамд 46 орчим евро хүрж 45 хувиар нэмэгдсэн байна.
Ойрх дорнод дахь дайн урт хугацаанд үргэлжилбэл газрын тосны үнэ үргэлжлүүлэн нэмэгдэж, дэлхий даяар инфляц нэмэгдэж эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй.
Эх сурвалж: Reuters, Upstream








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зүйтэй
Удахгүй пуужин нь дуусаад ирхээр яах санаатай байгаа юм бол доо Израйлууд
Ираных дуусахгүмүү маанагаа