Судалгаа: Утаат тамхинаас татгалзахад цахилгаан тамхи тодорхой нөлөө үзүүлжээ

Утаат тамхи татах нь дэлхий даяар урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын хамгийн том шалтгаануудын нэг хэвээр байна.
Иймээс олон улс орон тамхидалтыг бууруулах шинэ арга замуудыг эрэлхийлж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь эрсдэл бууруулах бодлого юм. Сүүлийн жилүүдэд зарим улс орон утаат тамхи татдаг хүмүүсийг шаталтгүй никотин хэрэглээ рүү шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний нэг тод жишээ нь Английн “Swap to Stop” хөтөлбөр юм.
Английн Засгийн газар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ тамхи татдаг хүмүүст цахилгаан тамхины эхлэлийн иж бүрдэл өгч, мөн тамхинаас гарах зөвлөгөө, дэмжлэг үзүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн гол зорилго нь хүмүүсийг янжуур тамхинаас илүү хор багатай никотин хэрэглээ рүү шилжүүлэх замаар тамхидалтыг бууруулах явдал юм.
Харин саяхан Английн King’s College London болон University College London-ийн судлаачид энэхүү бодлогын нөлөөг үнэлсэн судалгааг танилцууллаа. Судалгаанд Английн хүн амын тамхины хэрэглээг сар бүр хэмждэг Smoking Toolkit Study хэмээх томоохон судалгааны мэдээллийг ашигласан байна.
Судалгааны дүнгээс харахад хөтөлбөр хэрэгжсэнээс хойш нэг жилийн хугацаанд ойролцоогоор 125,000 хүн цахилгаан тамхи ашиглан янжуур тамхинаас гарах оролдлого хийсэн гэж тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, төрийн бодлогоор дэмжигдсэн энэхүү хөтөлбөр олон мянган хүнийг тамхинаас гарах алхам хийхэд хүргэсэн байна.
Мөн судалгаагаар цахилгаан тамхи ашиглан тамхинаас гарах оролдлогын хувь өмнөх үеэс 1.5 хувиар нэмэгдсэн нь ажиглагдсан байна. Хэдийгээр энэ тоо жижиг мэт санагдаж болох ч хүн амын хэмжээнд авч үзвэл маш олон хүний зан үйлд бодит өөрчлөлт гарсныг харуулж байгаа юм.
Судлаачид цахилгаан тамхи нь эрсдэлгүй бүтээгдэхүүн биш гэдгийг онцолсон боловч шаталт үүсгэдэг уламжлалт янжуур тамхитай харьцуулахад илүү бага эрсдэлтэй гэж үздэг. Тамхины хамгийн ноцтой хор уршиг нь шаталтын үед үүсдэг мянга мянган химийн бодисоос үүдэлтэй байдаг. Харин цахилгаан тамхи нь шингэнийг халааж аэрозоль үүсгэдэг тул шаталтын процесс явагддаггүй гэдгээр давуу талтай гэж судлаачид үзэж байна.
Мөн өмнөх олон судалгаанд цахилгаан тамхи ашигласан хүмүүсийн тамхинаас гарах амжилт никотины орлуулах уламжлалт эмчилгээтэй харьцуулахад ойролцоогоор 50 хувиар илүү байж болзошгүй гэж дурдсан байдаг.
Иймээс Английн засгийн газар 2030 он гэхэд улс орноо тамхигүй үндэстэн буюу тамхидалт 5 хувиас доош түвшинд хүргэх зорилт тавьсан билээ. “Swap to Stop” хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1 сая тамхичинд цахилгаан тамхины эхлэлийн иж бүрдэл өгөх төлөвлөгөөтэй байгаа юм.
Энэхүү судалгаа нь нэг зүйлийг тодорхой харуулж байна. Тамхидалтыг бууруулах бодлого зөвхөн хориглох, шийтгэх арга хэмжээгээр хязгаарлагдахгүй. Харин бодит байдал дээр тамхи татсаар байгаа хүмүүст илүү аюул багатай сонголтыг санал болгох нь олон хүнийг тамхинаас гарах эхний алхмыг хийхэд тусалж чаддаг.
Эх сурвалж: KCL








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.